- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- БНМАУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛАХ, БҮРТГЭХ ТАЛААРХИ ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1991 оны 7 сарын 22
№ 76
Улаанбаатар хот
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛАХ, БҮРТГЭХ ТАЛААРХИ
ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн /цаашид " хууль"гэх/ аж ахуйн нэгж байгуулах, бүртгэх талаархи зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгон, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:
1. БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж нь зөвхөн уг хуульд заасан дагуу байгуулагдаж, бүртгүүлсэн байх ёстойг заасугай.
2. Хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т "аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж болох төрийн эрх бүхий байгууллага нь улсын төвлөрсөн хөрөнгөөр санхүүжиж байгуулагдах улсын үйлдвэрийн газрын тухай БНМАУ-ын Засгийн газар, түүнээс эрх олгосон яам, улсын хороо, тусгай газар болон бусад төв байгууллага, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгуулагдах улсын үйлдвэрийн газрын тухайд тухайн орон нутгийн АХ-ын гүйцэтгэх захиргаа, иргэн нь БНМАУ-ын иргэн, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүмүүс, аж ахуйн нэгж нь БНМАУ-ын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа хувиараа эрхлэх аж ахуй, хоршоо, компани болон гадаад улсын байгууллага байж болно. /Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өгүүлбэр хасав./
Үүсгэн байгуулагч төрийн эрх бүхий аль нэг байгууллага, иргэн, аж ахуйн нэгж өөр өөрийн өмчид тулгуурлан ганцаараа, эсхүл төрийн эрх бүхий хэд хэдэн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж хамтран нэг төрлийн өмчид тулгуурласан, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллага, иргэн, нэгж өөр өөрийн өмчийг нийлүүлэн өмчийн холимог хэлбэрт тулгуурласан аж ахуйн нэг нэгжийг байгуулж болно.
3. Хуулийн 9, 31 дүгээр зүйлд зааснаас бусад аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагчдын боловсруулсан гэрээ, дүрмийн үндсэн дээр байгуулна.
Хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "аж ахуй нэгжийг үүсгэн байгуулагчийн бичгээр үйлдсэн гэрээ" нь тухайн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагчид хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан болон аж ахуйн нэгжийн хэлбэр тус бүрт хамаарах энэ хуульд заасан бусад асуудал, түүнчлэн өөрсдөө шаардлагатай гэж үзсэн асуудлаар харилцан тохиролцож бичгээр үйлдсэн хэлцэл мөн.
Хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна бүрэн хариуцлагатай хоршоо байгуулах тухай гэрээнд хоршооны удирдлага, /14-р зүйлийн 1/, бүрэн бус хариуцлагатай хоршоо байгуулах тухай гэрээнд бүрэн ба бүрэн бус хариуцлагатай гишүүдийн тус бүрийн жагсаалт, бүрэн бус хариуцлагатай гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээ /16-р зүйлийн 1, 2/, гишүүдийн санал өгөх эрх /18-р зүйлийн 5/, асуудал шийдвэрлэх журам /19-р зүйлийн 4/ -ыг, бүрэн бус хариуцлагатай компани байгуулах тухай гэрээнд хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан асуудал болон компаний бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт түүний эрхийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан /26-р зүйлийн 1/, бүх гишүүний хурлыг зарлан хуралдуулах эрх, уг хурал дээр асуудал шийдвэрлэх журам / 26-р зүйлийн 5/, тодорхой асуудлаар ерөнхий захирлын төлөөлөх эрхийг хязгаарлах эсэх, хэрэв хязгаарлавал тэдгээр асуудлын жагсаалт, хязгаарлах хэмжээ /26-р зүйлийн 13 дахь хэсгийн 3/-г тус тус заавал зохино.
4. Хувиараа эрхлэх аж ахуйг бүртгүүлэх тухай өргөдөлд дурдсан зүйлд орсон өөрчлөлт, хоршоодын тухайд хуулийн 18 дугаар зүйлийн 7-9-д заасан үйл ажиллагаа явагдсан, удирдлагыг өөрчилсөн, хоршоонд шинээр гишүүн элссэн, гишүүн гарсан, хуулийн 21 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гишүүнээс хассан, бүрэн бус хариуцлагатай компани дүрмийн санд өөрчлөлт оруулсан, гишүүд гарсан, хассан тохиолдолд тус тус гэрээнд орсон өөрчлөлт, мөн хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэх байгууллагад заавал мэдэгдэж бүртгүүлнэ. Эдгээр өөрчлөлтийг хувиараа аж ахуй эрхэлж байгаа этгээд 7 хоног, хоршоо, компаниуд 14 хоногийн дотор мэдэгдэнэ.
Хоршоо, бүрэн бус хариуцлагатай компани байгуулах тухай гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны нэгэн адил нотариатаар гэрчлүүлсэн байвал зохино.
5. Хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Хувьцаат компанийг үүсгэн байгуулагчийн төсөл" нь уг компаний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндэс, түүнийг байгуулах хүртэл зарим үйл ажиллагаа явуулах журмын тухай санаачлагчаас бичгийн хэлбэрээр үйлдсэн санал байна. Энэхүү төслийг зохион байгуулах хурлыг хуралдуулж дуустал мөрдөнө.
Хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1,2,3,5,6-д заасан төсөлд тусгагдах зүйлүүдийг зохион байгуулах хурлаар хэлэлцэн шийдвэр гарган тогтооно.
6. Хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоршоо, компани бүр дүрэмтэй байна. Дүрэм нь тухайн хоршоо, компанийн зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, тухайн аж ахуйн нэгжийг байгуулах тухай гэрээнд нийцсэн байх ёстой. (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан)
7. Дүрэмд хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна тухайн хоршоо, компанийн хэлбэр бүрт хамаарах хуульд заасан болон үүсгэн байгуулагчид шаардлагатай гэж үзсэн асуудлыг тусгасан байвал зохино. Бүрэн бус хариуцлагатай компанийн дүрэмд ерөнхий захирлыг сонгох хугацаа, журам /хуулийн 26-р зүйлийн 12 дахь хэсэг/ хувьцаат компанийн дүрэмд 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлууд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөө цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан /34-р зүйлийн 1/, түүний зарим бүрэн эрх /34-р зүйлийн 8 дахь хэсгийн 4/, хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд тусгагдаагүй асуудлыг уг хурлаар хэлэлцэн шийдвэрлэх журам /34-р зүйлийн 5/, тодорхой асуудлаар ерөнхий захирлын бүрэн эрхийг хязгаарлах эсэх, хэрэв хязгаарлавал тэдгээр асуудлын жагсаалт, хязгаарлах хэмжээ /34-р зүйлийн 9 дэх хэсэг/-г заана.
8. Хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар үүсгэн байгуулагч гэрээ байгуулж, дүрмийг батлуулснаас хойш 30 хоногийн дотор бүртгэх эрх бүхий байгууллагад өргөдлөө гаргана. Өргөдөлд БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуульд заасан зүйлийг заавал тусгаж тухайн аж ахуйн нэгжийг байгуулах тухай гэрээ, баталсан дүрмийг хавсаргана. Өргөдөл, бусад материалыг 2 хувь үйлдэж нэг хувийг бүртгэх байгууллагад хүргүүлж, нөгөөг өөртөө үлдээнэ.
Бүртгүүлэх тухай өргөдлүүдийг бүрэн хариуцлагатай хоршооны бүх гишүүд, бүрэн бус хариуцлагатай хоршооны зөвхөн бүрэн хариуцлагатай гишүүд хамтран гаргаж гарын үсэг зурна.
Бүрэн бус хариуцлагатай компанийг бүртгүүлэх тухай өргөдлийг бүх үүсгэн байгуулагчид, хувьцаат компанийг бүртгүүлэх тухай өргөдлийг уг компаний удирдлага /ерөнхий захирал/ гаргана.
9. Хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 11 дүгээр зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 6, 31 дүгээр зүйлийн 8-д зааснаар аж ахуйн нэгжийг бүртгэх байгууллага үүсгэн байгуулагчийн өргөдлийг хүлээн авснаас хойш:
а/ хувиараа эрхлэх аж ахуй 7 хоног;
б/ хоршоог 14 хоног;
в/ бүрэн бус хариуцлагатай компанийг 21 хоног;
г/ хувьцаат компанийг 30 хоногийн дотор тус тус бүртгэнэ.
Хуулийн 3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар аж ахуйн нэгж нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй.
10. Хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу "тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл, үйлчилгээ" гэдэгт эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч буюу зөвхөн мэргэжлийн хүн эрхэлж болохоор тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээг ойлгох бөгөөд ийм үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг уг зөвшөөрөл, гэрчилгээг авсны дараа бүртгэнэ. (Энэ заалтад Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
11. Аж ахуйн нэгжийг тухайлбал бүрэн бус хариуцлагатай хоршооны хувьд хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, бүрэн хариуцлагатай хоршооны хувьд 15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг, бүрэн бус хариуцлагатай компанийн хувьд хуулийн 24 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 27 дугаар зүйл, хувьцаат компаний хувьд 31 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг 6 дахь хэсгийн 5-ын 2 дугаар заалт, 7 дахь хэсэг болон бусад зүйлийн заалт шаардлагыг хангасан тохиолдолд бүртгэнэ. /уг заалтаас /Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор үг хасав./
15. Шүүх хэргийг хэлэлцээд аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзвэл бүртгэх байгууллагын шийдвэрийг хүчингүйд тооцож, тухайн аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэхийг бүртгэх байгууллагад даалган тодорхой хугацаа тогтоож өгч болно. Хэрэв аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй бөгөөд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байвал бүртгэх байгууллагын шийдвэрийг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгоно.
Шүүх аж ахуйн нэгжийг бүртгэхээс татгалзсан шийдвэрт гаргасан гомдлыг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлэн хэлэлцэж шийдвэр гаргахдаа БНМАУ-ын аж ахуйн нэгжийн тухай хуулийн зохих зүйл ангийг баримтална. ( Монгол Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
17. Аж ахуйн нэгж нь харилцах банкны байгууллагыг өөрсдөө сонгох эрхтэй.
ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ТӨРБАТ, Ц.ШАРАВДОРЖ
Текст томруулах
A
A
A
