A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙН УЛМААС ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР, БАЙГУУЛЛАГАД УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БАЙГАА ШҮҮХИЙН ПРАКТИКИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1991 оны 6 сарын 1

№ 48

Улаанбаатар хот

                                                                                                   ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙН УЛМААС
                                                                                                   ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР, БАЙГУУЛЛАГАД УЧИРСАН
                                                                                                   ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БАЙГАА ШҮҮХИЙН
                                                                                                                              ПРАКТИКИЙН ТУХАЙ

Хэвлэх

      Өмчийн олон хэлбэр үүсэн хөгжиж, зах зээлийн зохицуулалттай эдийн засагт шилжиж байгаа нөхцөлд гэрээний талууд, түүний дотор үйлдвэрийн газар, байгууллагын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлага чухлаар тавигдаж байна.

      БНМАУ-ын иргэний болон гэрээний тухай хууль тогтоомжид зааснаар үйлдвэрийн газар, байгууллагын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нэг гол хэрэглүүр нь гэрээнд заасан үүргийн биелэлтийг хангаж, үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэж байх явдал мөн.

      Гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлдвэрийн газар,байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлголт, практик тогтоох зорилгоор БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

      1.Гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг тооцож төлүүлэхэд Монгол улсын Иргэний хуулийн 17 дугаар бүлэг, түүний дотор 190 дүгээр зүйлийн заалтыг үндэс болгоно./ Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./

      2."Үүргээ биелүүлээгүй" гэдэгт бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн гэрээний хугацаанд, эсхүл тодорхой үе шат буюу хэсгээр гүйцэтгэх үүргийг гэрээнд зааснаар хийж гүйцэтгээгүй байхыг ойлгоно.

      3."Үүргийг зохих ёсоор биелүүлээгүй" гэдэгт үүрэг хүлээгч гэрээнд заасны дагуу тодорхой үйлдэл гүйцэтгэсэн боловч тоо, чанар, иж бүрдэл, нэр төрөл, хугацаа, үүрэг гүйцэтгэх газар, аргын талаар гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөнийг ойлгоно.
Харин гэрээнд заасан дээрх нөхцөлийг өөрчлөх талаар талууд харилцан тохиролцсон үүрэг хүлээгч гэрээний нөхцөлийг зөрчсөн явдлыг үүрэг гүйцэтгүүлэгч зөрчилд тооцохгүй байгаа нь хууль тогтоомж, бусдын эрх ашиг сонирхлыг хохироохооргүй байвал үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхгүй байж болно.

      4.Үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс болж үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан "зардал"-д гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний ("цаашид бүтээгдэхүүн " гэх) дутууг гүйцээх, гэмтлийг арилгах, иж бүрдлийг хангах ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэх, бүтээгдэхүүнийг буцаан хүргүүлэх, өөр байгууллагаас илүү үнэ, зардлаар авах зэрэг үүрэг гүйцэтгүүлэгч тухайн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангахад гэрээг үндэслэн тооцсоноос нэмэгдэн гарсан зардлыг ойлгоно.
Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд нэхэмжлэл гаргах хүртэл бодитой зарцуулсан зардлыг тооцох бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд нэмэгдэж гарсан зардлын тухай нотлох баримтыг бүрдүүлэн үндэслэлтэй баталж чадвал шүүх нэг мөр шийдвэрлэж болно. Харин цаашид гарч болох зардлыг бодитойгоор гарсан тухайн үед нь нэхэмжлүүлэн шийдвэрлэж байх нь зүйтэй.

      5."Эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл" гэдэгт үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх, тоног төхөөрөмж эвдрэх, ажилтнуудад сул зогсолтын хөлс, бусдад торгууль, хохирол төлөх, бүтээгдэхүүн дутагдах, үрэгдэх, гэмтэх зэргээр үүрэг гүйцэтгүүлэгчийн эд хөрөнгө багассан, үгүй болсныг багтаана.

      6.Үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүссэн "орох байсан орлого" гэдэгт гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч олох ёстой төлөвлөгөөт ашиг, орлогыг ойлгоно.

      7.Гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед хохирол дараах зарим хэлбэр, хэмжээгээр учирч болно:

     а/ үүрэг гүйцэтгүүлэгчийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт тасарсан буюу хэмжээ нь буурснаас төлөвлөгөөт ашиг, орлого буурсан, бүтээгдэхүүний өөрийн өртөг өссөн, бусдад торгууль хохирол төлсөн хэмжээгээр;
Үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалт буурсан ч өөр нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтаар төлөвлөгөөт ашиг, орлогыг бүрэн буюу давуулан олсон байвал тухайн бүтээгдэхүүнээс олгох ёстой  байсан ашиг, орлогыг гаргахгүйгээр харин бусад төрлийн хохирол /зардал, алдагдал, буюу гэмтэл/-ыг тооцон олгож байвал зохино.
     б/ үүрэг хүлээгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч бүтээгдэхүүнийг өөр нийлүүлэгчээс худалдан авсан үед ийнхүү худалдан авсан үнэ нь гэрээ ёсоор төлөх байсан үнээс давсан ба зөрүү тээврийн нэмэгдэл зардлаар, өөрөө үйлдвэрлэсэн бол уг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг гэрээ ёсоор авах байсан бүтээгдэхүүний үнээс давсан зөрүүгээр;
     в/ чанар муутай, иж бүрдэл дутуу бүтээгдэхүүнийг буцаан ачуулсан буюу борлуулсан үед уг бүтээгдэхүүнийг тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах, борлуулахад зардал гаргасан зардлаар, үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн зардлаар арилгасан тохиолдолд уг дутагдлыг арилгахад ажилласан ажилтнуудын үндсэн болон нэмэгдэл цалин хөлс, өөр байгууллагаар засуулсан бол түүнд ажлын хөлс, тээврийн зардал төлсөн зэргээр;
     г/ хүлээн авсан бүтээгдэхүүн /түүхий эд, материал, хийц хэсэг гэх мэт/ чанарын далд гэмтэлтэй байсан нь үйлдвэрлэлийн явцад илэрч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүйгээс хохирол учирсан үед ийнхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөрийн өртгөөр;
Тэгэхдээ чанарын далд гэмтэлтэй түүхий эд материалаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үнэ хямдруулах зэргээр борлуулсан бол түүний үнийг хохирлоос хасч тооцно.
     д/ гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч үйлдвэрлэлээ зогсоосон, ажлын цагийг уртасгах, ээлж нэмэгдүүлэх, амралт, баяр ёслолын өдөр ажиллах зэргээр үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг өөрчлөхөд хүрсэн бол ажилчдад олгосон сул зогсолтын цалин, нэмэгдэл цалин хөлсөөр;
     е/ гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч түүхий эд материал, хийц хэсгийг өөр зүйлээр орлуулах зэрэг арга хэмжээ авсан нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлсэн бол ажилчдын цалин, үнийн нэмэгдсэн зөрүү, эрчим хүч, шатахуун илүү зарцуулсны зардлаар;
     ж/ гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс эд хөрөнгө устсан, үгүй болсон бол уг эд хөрөнгийн үнээр ;
Эд хөрөнгөд гэмтэл учирсан бол түүнээс болж хямдарсан үнийн зөрүү эсвэл гэмтлийг сэргээн засварлахаар гарсан зардал зэргээр
    з/ үүрэг хүлээгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг өөрчилснөөс учирсан хохирол нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн үед үйлдвэрлэх байсан бүтээгдэхүүнээс олох төлөвлөгөөт ашиг, орлого болон нэр төрлийг нь өөрчлөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс олсон ашиг орлогын зөрүүгээр;
    и/ гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгчийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар буурсан үед учирсан хохирол нь олоогүй ашиг орлого, үнийн зөрүүгээр;
     к/ үүрэг хүлээгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч банкнаас зээл авсан буюу авсан зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн бол зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний торгуулийн хэмжээгээр;
Дээр дурдсан хэд хэдэн төрлийн хохирлыг давхар тооцох үед хохирол тус бүрээр хэмжээг нь тооцож дүнг нэгтгэн нийт хохирлыг тодорхойлно.

      8.Дараах нөхцөл бүрдсэн үед үйлдвэрийн газар, байгууллагаар хохирол төлүүлнэ;
     а/ үйлдвэрийн газар, байгууллага өөрийн үйл ажиллагаагаар /үйлдэл, эс үйлдэл/ хууль тогтоомж, гэрээ болон эрх зүйн бусад актыг зөрчсөн байх;
     б/ үйлдвэрийн газар, байгууллагын гэм буруутай байх;
     в/ материалын хохирол учирсан байх;
     г/ үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагаа, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх явдал болно.
Үйлдвэрийн газар, байгууллага хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн бусад акт зөрчсөн үйлдэл /эс үйлдэл/ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй байдлаар илэрнэ.

Үйлдвэрийн газар, байгууллагын гэрээний үүргээ биелүлээгүй гэм буруу нь зөвхөн өөрөөс нь төдийгүй түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад этгээд, үйлдвэрийн газар, байгууллагаас хамаарсан байж болно.

      9.Хэд хэдэн үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг үүрэг гүйцэтгэгч бүрийн гэм буруу, учруулсан хохирлын хэмжээг харгалзан нөхөн төлүүлнэ. Хэрэв үүрэг гүйцэтгэгч тус бүрийн учруулсан хохирлыг тогтоох боломжгүй бол хохирлыг адил хэмжээгээр хуваан төлүүлж болно.

      10.Улсаас буюу гэрээгээр тогтоосон норм, норматив, үнэ тарифтай бүтээгдэхүүн ажил, үйлчилгээнд тэдгээрийг, ийнхүү тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгчээс тогтоосон норм, норматив үнэ, тарифыг үндэслэн хохирлыг тодорхойлно.

      11.Хууль тогтоомж, гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг торгуулиас илүү гарсан хэмжээгээр төлүүлж байх нь зүйтэй.

      12.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг хүлээгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед учрах хохирлыг гаргуулахгүй байх буюу багасгах талаар өөрөөс хамаарах бололцоотой бүх арга хэмжээг авсан байх үүрэгтэй.

      13.Гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг төлүүлэх тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх Монгол улсын Иргэний хуулийн 191-194 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээх нөхцөл, үүрэг хүлээгч хугацаа хожимдуулсан, үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруу зэрэг хохирол тооцож, нөхөн төлүүлэхэд шаардлагатай нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл зохино.
/ Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./

      14.Гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хохирлыг тогтооход ач холбогдол бүхий санхүүгийн үндсэн баримт буюу зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар, эдийн засгийн бусад тооцоо, судалгаа зэрэг нотлох баримтад тулгуурлан уг хохирол учирсан эсэх, хэрэв учирсан бол түүний тоо хэмжээ, талуудын гэм буруугийн байдал, шалтгаант холбоо зэргийг нарийвчлан шалган бодитой тогтоосон байх ёстой.

      15.Шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд гаргаж буй шийдвэртээ нэхэмжилсэн болон бодитой учирсан гэж тогтоосон хохирлын хэмжээ, хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн буюу багасгасан, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон үндэслэл, шүүхийн дүгнэлтийн үндэс болсон гол нотлох баримт зэргийг тодорхой заах үүрэгтэй.

      16.Гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад хохирол учруулсан нь бодитой тогтоогдсон байхад "хөрөнгийн чадваргүй", "хохирол төлөх талаар гэрээнд заагаагүй" гэх зэрэг хууль тогтоомжид заагаагүй үндэслэлээр хохирлын хэмжээг багасгах буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих, учирсан хохирол, түүний тоо хэмжээг нотлох баримтаар тогтоохгүйгээр шийдвэр гаргах зэрэг буруу практикийг цаашид таслан зогсоовол зохино.

      17.Үйлдвэрийн газар, байгууллага гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөв тооцох, холбогдох нотлох баримтаа бүрэн бүрдүүлж нэхэмжлэлээ гаргахад шүүх зохих журмын дагуу нөлөөлж ажиллах нь зүйтэй.

      18.Гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол төлүүлэхтэй холбогдсон хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хуульд торгууль, хохирлыг давхар буюу аль нэгийг нь гаргахаар шууд заалттай эсэхийг ямагт анхаарч байхын хамт үүргийн тусгай төрлийн талаарх хуулийн зохих заалт, хэсэг, тухайн харилцаа шууд зохицуулсан төрийн захиргааны төв болон салбар, орон нутгийн байгууллагын эрх зүйн акт, гэрээ зэргийг Иргэний хуулийн 190 дүгээр зүйлтэй давхар заан хэрэглэж байх нь зүйтэй./ Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчилсөн./

      19.Үйлдвэрийн газар, байгууллагуудын гэрээт бус харилцаанаас үүссэн гэм хор, түүнчлэн дээд шатны байгууллагын буруу шийдвэрийг хэрэгжүүлсний улмаас болон дээд шатны байгууллага хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үйлдвэрийн газар, байгууллагад учирсан хохирлыг тооцох, төлүүлэхэд шүүх энэ тогтоолыг нэгэн адил удирдлага болгоно.

 ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАРАВДОРЖ, Н.ТӨРБАТ