- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ГЭМ ХОР УЧРУУЛСНААС ҮҮСЭХ ҮҮРГИЙН ТАЛААРХ ИРГЭНИЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1997 оны 12 сарын 12
№ 473
Улаанбаатар хот
ТАЛААРХ ИРГЭНИЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,
ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
1. Иргэний хуулийн (цаашид "хуулийн" гэх) 327 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлцлийг ямар нэг байдлаар зөрчсөнтэй холбоогүйгээр үүсэх бөгөөд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. Гэвч хуульд шууд заасан зарим тохиолдолд тухайлбал, орчин тойрондоо аюул учруулж болох зүйлээс хохирол учирсан бол хариуцагч гэм буруугүй байсан ч хариуцлага хүлээлгэнэ.
2. Хуулийн 377 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "эрх үүргийнхээ ёсоор бусдад гэм хор учруулсан этгээд"-д хууль тогтоомжид зааснаар бусдын эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд эрхэлж байгаа ажил, албан тушаал, мэргэжлийн хувьд халдах эрхтэй бөгөөд үүний улмаас гэм хор учруулж болох хүн, малын эмнэлэг, цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, зэвсэгт хүчний зэрэг байгууллагын эрх бүхий ажилтан хамаарна.
3. Хуулийн 377 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "гарцаагүй байдлын улмаас бусдад гэм хор учруулсан" гэдэгт өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд заналхийлсэн бодит аюулыг тухайн нөхцөл байдалд өөр арга, хэрэгслээр зайлуулах боломжгүй байсан үед гэм хор учруулсныг ойлгоно.
4. Энэ зүйл хэсгийн "учирч болох байсан хохирлын хэмжээг" аюул учруулсан хүчин зүйлийн үйлчлэл уг аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний улмаас учирч болох байсан бөгөөд зайлуулсан гэм хорын хэмжээ, өөрөөр хэлбэл хохирогчийн амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учрах байсан хор уршиг зэргийг харгалзан тодорхойлно.
5. Хуулийн 378 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх" гэдэгт тухайн этгээд (ажиллагч) хуулийн этгээд, иргэнтэй тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг буюу тухайн хуулийн этгээд, иргэний шийдвэрээр өөр ажил үүргийг гүйцэтгэж байсныг хамааруулна.
6. Хуулийн 378 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "төр захиргааны байгууллага, түүний албан тушаалтан"-д Төрийн албаны тухай хуулийн 6, 7, 8, 9 дүгээр зүйлүүдэд заасан төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний байгууллага, тэдгээрийн албан тушаалтнууд хамаарна.
7. Энэ зүйл, хэсгийн "буруу шийдвэр гаргасан буюу өөр байдлаар албаны үйл ажиллагааг буруу явуулсан" гэдэгт Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн бусад акт, Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улсын иргэнд олгосон эрхээ бүрэн эдлэх боломжийг хууль бусаар хязгаарласан буюу алдагдуулсан, түүнчлэн иргэнд ямар нэг үүрэг хууль бусаар оногдуулснаас гэм хор учруулсан төр, захиргааны байгууллага, түүний албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, албаны үйл ажиллагаа явуулсныг ойлгоно.
8. Хуулийн 378 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллагын албан тушаалтан албаны үйл ажиллагааг буруу явуулсан" гэдэгт хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, захиргааны шийтгэл оногдуулсныг хамааруулан ойлгоно.
9. Энэ зүйл хэсгийн "хуульд заасан үндэслэл, журмын дагуу арилгана" гэдэг гэмт хэрэг гараагүй болон бүрэлдэхүүнгүй эсхүл гэмт хэрэг үйлдсэн ба захиргааны зөрчил гаргасан нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн иргэнийг цагаатган, учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, түрүүчийн ажил (албан тушаал)-д нь эргүүлэн тогтоох, ажилласан хугацааг тооцох, тэтгэвэр тэтгэмжийг нөхөн олгох, орон сууц эзэмших эрхийг сэргээх, цол шагналыг эргүүлж олгох, хууль зөрчсөн ажиллагааны тухай олон нийтэд мэдээлэх, үрэгдүүлсэн баримт бичгийг бүрдүүлж өгөх зэргээр хуульд тусгайлан заасан хэлбэрээр хохирлыг арилгахыг хамааруулна.
10. Хуулийн 379 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "орчин тойрондоо аюул учруулж болох зүйл" гэдэгт төрөл бүрийн авто, механикжсан тээврийн хэрэгсэл, шатахуун түгээх газар, өндөр хүчдэлийн цахилгаан шугам, тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх болон түргэн шатамхай, идэмхий буюу хорт бодис, орсон буур, зуудаг нохой зэрэг орчин тойрондоо аюул учруулж болох бөгөөд хүний бүрэн хяналтад байх боломжгүй обьект, амьтныг хамааруулж байвал зохино.
11. Энэ зүйл, хэсгийн "эзэмшигч"-д уул зүйлийг хууль буюу гэрээнд заасны дагуу байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмших эрхийн үндсэн дээр ашиглаж байгаа хуулийн этгээд, иргэнийг хамааруулна. Харин орчин тойрондоо аюул учруулж болох зүйлийг бусдын эзэмшлээс хууль бусаар авсан этгээд уг зүйлээс учирсан хохирлыг хариуцан арилгана.
12. Хуулийн 379 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал" гэдэгт тухайн нөхцөл байдалд даван гарах боломжгүй гал түймэр, үер, газар хөдлөлт, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн шинжтэй үзэгдэл, тахал, байлдааны ажиллагаа, хорио цээр зэрэг нийгмийн амьдралд гарсан онцгой байдлыг ойлгоно.
13. Хуулийн 380 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүн нь үйлдвэрлэл, зохион бүтээлт, жор найрлагын болон бусад дутагдалтай байсан" гэдгийг эдгээр бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүн болох бүтээгдэхүүн эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, эрүүл ахуйн норм, жор зэргийг зөрчсөн байна гэж ойлгоно.
14. Хуулийн 384 дүгээр зүйлийн "эрхийн бүрэн чадамжтай иргэн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй буюу түүнийг зөв удирдах чадваргүй байхдаа" гэдгийг бусдад хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс болж гэнэт хүчтэй цочрон давчдаж, түүнчлэн ямар нэгэн өвчин, үйл явдлын улмаас сэтгэхүйн хүчтэй цочролд орж өөрийн үйлдэлд үнэлэлт өгч, ач холбогдлыг ойлгохгүй буюу түүнийг удирдаж чадахгүй байдалд хүрснийг ойлгоно.
15. Хуулийн 385 дугаар зүйлийн "хамтран гэм хор учруулсан бол" гэдгийг хоёр буюу түүнээс дээш тооны хүмүүс санаатай болон болгоомжгүйгээр хамтын үйлдлээр гэм хор учруулсныг ойлгоно. Хамтран гэм хор учруулсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар бүх үүрэг хүлээгчдийг эсхүл тэдний аль нэгийг хариуцагчаар татан оролцуулж гэм хорыг нөхөн арилгуулж байвал зохино.
16. Хуулийн 387 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс, түүнтэй адилтгах орлого" гэдэгт гэм хор учирсны улмаас хохирогч ажлаас чөлөөлөгдсөн, бага цалинтай ажилд шилжсэн, тахир дутуугийн группэд орсон зэргээс болж одоогийн авч байгаа цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин, олж байсан орлогоос буурсан зөрүүг ойлгоно.
17. Хуулийн 387 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ" гэдгийг Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газраас тогтоосон тухайн үед дагаж мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойлгоно.
18. Хуулийн 389 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд"-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан:
1/ Хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас (сургуульд суралцаж байгаа бол 19 нас) хүрээгүй хүүхэд (үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн хүүхэд нь хамаарна);
2/ Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 16 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
3/ тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү;
4/ Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
5/ Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг (нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр) хүмүүсийг хамааруулж ойлгоно.
19. Хуулийн 393 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "бусад байгууллага" гэдэгт тухайн хохирогчид учирсан гэм хорын хохирлыг урьдчилан төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийнхаас бусад аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор буяны болон халамжийн байгууллагуудыг хамааруулна.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН ШҮҮГЧ Р.ЖАМЪЯНЧОЙЖИЛ
Текст томруулах
A
A
A
