A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1997 оны 11 сарын 19

№ 442

Улаанбаатар хот

                                                                                                                ИРГЭНИЙ ХУУЛИЙН ӨМЧИЙН ЭРХ
                                                                                                                     ЗҮЙН ХЭСГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ
                                                                                                                    ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Иргэний хуулийн өмчийн эрх зүйн хэсгийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

      Иргэний хуулийн /цаашид хууль гэх/ Өмчийн эрх зүйн хэсгийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

      1. Хуулийн 76-р дугаар зүйлд заасан "эд хөрөнгийн эрх" гэдгийг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой болон эдийн засгийн эргэлтэд оролцогчдын хооронд эд хөрөнгийг хуваарилах, солилцох шаардлагатай холбоотой үүсдэг эрх зүйн харилцаанд оролцогчдын субьектив эрх гэж ойлгоно.

      2. Хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "үл хөдлөх хөрөнгөд газар, түүнээс салган хэрэглэж үл болох зүйл хамаарна" гэдгийн "газар"-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын болон төрийн эрх бүхий байгууллагын ашиглал, эзэмшил, өмчлөлд байгаа эдэлбэр газар, газрын хэвлийн хэсэг, эдэлбэр ус, "түүнээс салган хэрэглэж үл болох зүйл" гэдэгт, ой, олон наст ургамал, байшин, бусад барилга байгууламж, байнга ашиглах зориулалттай газрын хөрсөнд суулгаж барьсан хашаа, хороо зэрэг газраас салгамагц зориулалтынх нь дагуу ашиглаж үл болох, зориулалтад нь дүйцээгүй хохирол учруулахгүйгээр шилжүүлэн байршуулж болдоггүй эд зүйлийг хамааруулна. Монгол Улсын хууль тогтоомжоор тодорхой эд хөрөнгийг үл хөдлөх хөрөнгөд тооцож болно.

      3. Хуулийн 88 дугаар зүйлийн "өмчлөгч биш этгээд" гэдэгт өмчлөгч өөрийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ шилжүүлсэн тохиолдолд эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эрхийг өмчлөгчөөс өгсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн хууль, гэрээнд заасан бүрэн эрхийн хүрээнд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

      4. Хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгээ худалдах, түрээслэх тохиолдолд энэ тухай бусдадаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь уг хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах буюу түрээслэн авах эрхтэй" гэдгийн "бусдадаа мэдэгдэх" гэдгийг оногдох хэсгээ худалдах буюу түрээсэлж байгаа этгээд энэ тухайгаа эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгч бусад бүх этгээдэд мэдэгдэх гэж ойлгоно. Энэ үүрэг зөвхөн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх иргэд, өрх зэрэгт хамаарах бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөл хоршоо зэрэг аж ахуйн нэгжид хамаарахгүй.

      5. Хуулийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "…бусад өмчлөгчид нь худалдан авагч, түрээслэгчийн эрх, үүргийг өөрт шилжүүлэхийг шаардаж, зургаан сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно" гэдгийг хуульд өөрөөр заагаагүй бол эрх зөрчигдсөн өдөр буюу ийнхүү зөрчидсөнийг мэдэх ёстой байсан өдрөөс хойш зургаан сарын дотор багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ойлгоно.

      6. Хуулийн 95 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Гэр бүлийн гишүүн нь үүргээ гэр бүлийн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээр хариуцна" гэдгийг гэр бүлийн гишүүн нь гэрээний болон гэрээний бус үүргээс үүссэн төлбөрийг өөрийн хуваарьт болон гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өөрт оногдох хэсгээр хариуцна гэж ойлгох бөгөөд оногдох эд хөрөнгийг нь Иргэний хуулийн 98 дугаар зүйлд заасан журмын дагуу тодорхойлно.

      7. Хуулийн 96 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "гэрлэгчдийн … хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүрэг" гэдэг гэрлэгсдийн аль нэг нь гэр бүлийн бусад гишүүдэд холбогдолгүй зөвхөн өөрийн ашиг тусын төлөө явуулсан үйл ажиллагаатай холбогдсон хийгээд гэрлэхийн өмнө үүссэн үүргийг хамааруулан ойлгох бөгөөд гэрлэгчид өөрөөр тохиролцоогүй бол хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна.

      8. Хуулийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "… гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах эд хөрөнгө" гэдгийн "гэр бүлийн аж ахуй" гэж гэр бүлийн бүх гишүүд хамтран эрхэлж байгаа, тэдний нийтлэг хэрэгцээг хангахад зориулагдсан бүх төрлийн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ түүнчлэн хуулийн этгээд байгуулахгүйгээр гэр бүлийн гишүүд хамтран эрхэлж буй аж ахуйг "… аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах эд хөрөнгө" гэдэгт дээр дурдсан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн явуулахад байнга хэрэглэгддэг машин техник, тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл, ажлын болон үржлийн мал зэрэг үндсэн болон мөнгөн хөрөнгөнөөс бусад эргэлтийн хөрөнгийг хамааруулна.

      9. Хуулийн 125 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "бүртгэн авч, нийтэд мэдээлсэн" гэдгийг эзэнгүй буюу эзэн нь мэдэгдэхгүй байгаа эд хөрөнгийг захиргааны байгууллага бүртгэн авч, орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу нийтэд хүртээлтэй бусад аргаар мэдээлсэн байхыг ойлгоно. Хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь заалтын нийтэд мэдээлэх нь арга хэлбэрийн хувьд хуулийн 125 дугаар зүйлийн 3 дахь хэсгийнхтэй адил байна.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ