A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 5 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

                                                                                                                 Монгол улсын аж ахуйн нэгжийн
                                                                                                               тухай хуулийн зарим зүйл, заалтыг
                                                                                                                               тайлбарлах тухай

Хэвлэх

      Аж ахуйн нэгжийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

      Аж ахуйн нэгжийн тухай хуулийн зарим зүйл хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

      1.Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Бүх гишүүний хуралд компаний дүрмийн сангийн 50-иас дээш хувийг эзэмшигчид оролцож байвал хурлыг хүчин төгөлдөр гэж тооцох…" гэсэн заалт нь ББХК-ны бүх гишүүдийн хурал, ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хуралд нэгэн адил хамаарна. Тэгэхдээ ББХК-ны тайлан тэнцэл батлах, ашиг хуваарилах, компаний удирдлагыг сонгох,компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг хэлэлцэх, ББХК-ны бүх гишүүдийн хурлыг дүрмийн сангийн 50-иас доош хувийн оногдох хувийг эзэмшигчдийн, ХК-ны дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, компанийг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрт олгох цалин хөлс, урамшлыг тогтоох, тайлан тэнцэл хэлэлцэх, ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэх ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлыг дүрмийн сангийн 50-иас доош хувийн хувьцаа эзэмшигчдийн ирцтэй хийхээр дүрмэнд зааж болохгүй. Харин дээрхээс бусад асуудлыг хэлэлцэх ББХК-ны бүх гишүүдийн болон ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг дүрмэнд өөрөөр заан тогтоож болно.

      2.Дүрмийн сангийн 50-иас дээш хувь гэдгийг ББХК-ний хувьд дүрмийн сангийн 50,1-ээс дээш хувийн ноогдол хувийг, ХК-ны хувьд дүрмийн сангийн 50,1-ээс дээш хувийн хувьцаа эзэмшигч гэж ойлгоно.

      3.ХК-ний дүрмийн санг нэмэгдүүлэх болон хорогдуулах тохиолдолд дүрмийн санг нэмэгдүүлэх, хорогдуулах хувьцааны хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ.

      4.Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн "Дүрмийн сангийн аравны нэгээс доошгүй хэсгийг оруулсан гишүүн зорилго шалтгаанаа зааж бүх гишүүний хурал хуралдуулах хүсэлтээ ТУЗ-д хэдийд ч гаргах эрхтэй" гэсэн заалт нь ББХК-ны бүх гишүүдийн хурал, ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хуралд нэгэн адил хамаарна.

      5.ББХК-ны дүрмийн сангийн 10-аас доошгүй хувийн ноогдол хувь, ХК-ны дүрмийн сангийн 10-аас доошгүй хувийн хувьцаа эзэмшигч, нэг буюу хэдэн гишүүн болон хувьцаа эзэмшигч ББХК-ны бүх гишүүдийн болон ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй болон бусад шалтгаанаар зөвхөн бичгээр гаргасан байвал зохино. Энэ тохиолдолд ББХК-ны бүх гишүүдийн болон ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах хүсэлт гаргасан дүрмийн сангийн 10-аас доошгүй хувийг эзэмшигчдийн нэрс, тэдний дүрмийн сангийн хувь, гарын үсгийг бүртгэлийн байгууллага баталгаажуулна. Ирц хүрээгүй болон бусад шалтгаанаар ББХК-ны бүх гишүүдийн буюу ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурал хойшлогдсон тохиолдолд хэлэлцэх асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэхийг компаний дүрмэнд зааж байвал зохино.

      6.Хуулийн 26 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн "саналын дийлэнх олонхи" гэдгийг хүчин төгөлдөрт тооцогдох ББХК-ны бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн буюу ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн гуравны хоёроос доошгүйн санал гэж ойлгоно.

      7.Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "...төлөөлөн удирдах зөвлөлд энэ хуулийн …26 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг нэгэн адил хамаарна" гэсэн заалтын дагуу ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зөвхөн төлөөлөн удирдах зөвлөл зарлан хуралдуулах эрхтэй бөгөөд тэгэхдээ 26 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг холбогдох танилцуулгын хамт хурал эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө хувьцаа эзэмшигч бүрт мэдэгдсэн байх ёстой.

      8.Хуулийн 26 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн "төлөөлөн удирдах зөвлөл 7 хоногийн дотор хариу өгөөгүй буюу шийдвэр гаргах эрх бүхий этгээд эзгүй байвал хүсэлт гаргасан гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж болно" гэдгийг ББХК-ны буюу ХК-ны төлөөлөн удирдах зөвлөл 7 хоногийн дотор хариу өгөөгүй буюу Төлөөлөн удирдах зөвлөлгүй ХК-ны захирал 7-гоос доошгүй хоног эзгүй байсныг ойлгоно.Тэгэхдээ бүх гишүүдийн буюу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж байгаа гишүүд хэлэлцэх асуудлыг танилцуулгын хамт ББХК-ны гишүүн, ХК-ны хувьцаа эзэмшигч бүрт хурал эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө хүргэсэн байх үүрэгтэй. Энэ журмыг бүх гишүүдийн хурлыг төлөөлөн удирдах зөвлөл болон ерөнхий захирал зарлан хуралдуулж байгаа тохиолдолд нэгэн адил дагаж мөрдөнө.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ДАНЗАНДОРЖ