A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1994 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

                                                                                                       МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН
                                                                                                         ДААТГАЛЫН ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН
                                                                                                            ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн зарим заалтыг нэгдмэлээр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

      Нэг.Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

      1.Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан" гэдэгт манай улсын аж ахуйн нэгж байгууллага болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн болон иргэний гэрээ, сонгууль, томилолтоор байнгын ажил, албан тушаал эрхэлж байгаа Монгол улсын иргэдийг хамааруулан ойлгоно.

      Энэ ойлголтод гадаадад ажиллаж байгаа Монгол улсын дипломат байгууллагын дипломат болон техникийн ажилтан, үйлчилгээний ажиллагсад, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчдийн газрын монгол ажилтнууд, түүнчлэн монголд ажиллаж буй гадаадын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр байнга ажиллаж байгаа Монгол улсын иргэд хамаарна.

      2.Мөн зүйл, хэсгийн 4 дэх заалтын мэргэжлийн сургуульд суралцагч гэж Монгол улсын боловсролын хуулийн 11 дүгээр зүйлд заасан болзол хангасан мөн зүйлийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны замаар боловсрол, мэдлэг эзэмшүүлэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх болон эрдмийн зэрэг хамгаалуулах сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн байгууллагын өдрийн ангид суралцагчдыг ойлгоно. Үүнд:
Гадаад мэргэжлийн сургуульд суралцаж байгаа монгол улсын иргэд нэгэн адил хамаарна.

      3.Мөн зүйл, хэсгийн 5 дахь заалтын "тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн гэдэгт" Монгол улсын хүн амын орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар албан татвараас чөлөөлөгдөхөөс бусад, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын а, б, мөн зүйл хэсгийн 2, 3, 4 дэх заалт, 5 дахь заалтын б-д заасан байнгын шинжтэй орлогогүй, түүнчлэн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхэлдэггүй Монгол улсын тэтгэвэр авч байгаа иргэнийг ойлгоно. Тэтгэврийн иргэн өөрийнхөө хэрэгцээг хангахад зориулсан гахай, шувуу өсгөх, ногоо жимс тариалах зэрэг өрхийн аж ахуйгаасаа авч байгаа бүтээгдэхүүн нь тэтгэврээс өөр мөнгөн орлогод хамаарахгүй.

      Хоёр.Гадаадад ажиллаж суралцаж байгаа иргэдийн иргэний эрүүл мэндийн даатгалын асуудлаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулагдсан бол уул олон улсын гэрээг баримтална.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ