A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ / Энэ тогтоолыг УДШ-ийн 2007-11-29-ний өдрийн 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1993 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

                                                           МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
                                                                      / Энэ тогтоолыг УДШ-ийн 2007-11-29-ний өдрийн 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
 

Хэвлэх

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

1.Захиргааны нэг зөрчилд шийтгэл ноогдуулах эрхийг хоёр буюу түүнээс дээш байгууллага, албан тушаалтанд хуулиар олгосон бол /хуулийн 21-24, 28, 31-34, 42, 45, 46 дугаар зүйл г.м/ уг зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг анх хүлээн авсан байгууллага, албан тушаалтан шалгаж шийдвэрлэнэ. Харин нэг этгээд хоёр буюу түүнээс дээш төрлийн зөрчил гаргасан бөгөөд тэдгээрт шийтгэл ногдуулах эрхийг өөр өөр байгуулага, албан тушаалтанд олгосон бол зөрчил тус бүрийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалган шийтгэл ногдуулна.

2.Захиргааны нэг төрлийн зөрчлийг давтан буюу удаа дараа үйлдсэн бөгөөд алинд нь ч хариуцлага хүлээгээгүй этгээдэд нэг шийтгэврээр нэг төрлийн шийтгэл ногдуулах бөгөөд түүний хэмжээ энэ хуулийн хоёрдугаар бүлгийн зохих зүйлд заасан тухайн шийтгэлийн дээд хэмжээнээс хэтрээгүй байвал зохино.

3.Хуулийн 21, 23-25, 27, 28 дугаар зүйлд заасан зөрчлийг үйлдсэн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулснаас хойш хуанлийн нэг жилийн дотор дахин тийм зөрчил гаргасан бол Эрүүгийн хуулийн 230, 239, 247, 261 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

4.Захиргааны шийтгэл, эрүүгийн хариуцлагын аль нэгийг ногдуулж болохоор заасан хуулийн 23, 25-30, 32, 36-38, 41, 43, 46-51 дүгээр зүйлийн "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол" гэдэг заалтыг хэрэглэхдээ зөрчил нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулаар их биш,эрүүгийн ял заавал хэрэглэх шаардлагагүй байхыг ойлгоно.

5.Хуулийн 5, 6, 23, 24 дүгээр зүйлд заасан "захиргааны зөрчил давтан үйлдсэн", "аргагүй хамгаалалт" , "гарцаагүй байдал" , "галт болон хүйтэн зэвсэг" гэсэн ойлголтыг Дээд шүүхийн Бүгд хурлын 1988, 1991 оны 13 дугаар тогтоол, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12, 13 дугаар зүйлд зааснаар ойлгож хэрэглэнэ. Харин 5 дугаар зүйлийн "зөрчил үргэлжилсэн" гэдгийг захиргааны зөрчил байнга шинжтэй, илрэх хүртлээ төгсгөлгүй, цаг хугацааны хувьд тасалдаагүйг / галт зэвсгийг хууль бусаар хадгалах, паспорт ашиглах болон оршин суух журам зөрчих гэх мэт/ хэлнэ.

6. Хуульд заасан нэг зөрчилд нэг шийтгэл оногдуулах бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах нэмэгдэл шийтгэлийг зөвхөн хуулийн 2 дугаар бүлгийн тухайн зүйлд заасан тохиолдолд хэрэглэнэ.

7. Хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "...гадаадын иргэн болон харъяалалгүй хүн" гэдэгт дипломат эрх ямба, дархан эрх эдэлдэг хүмүүсээс бусад гадаад улсын иргэн, харьяалалгүй этгээдийг хамааруулан ойлгоно.

8.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн "Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй ...эд зүйлийг устгана" гэсэн заалтыг хэрэглэхдээ тухайн эд зүйлийг /түргэн шатамхай, идэмхий болон тэсэрч дэлбэрэх цацраг идэвхт бодис г.м/ хийж бэлтгэх, олж авах, авч явах, бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, борлуулах, илгээх журамд хяналт тавих эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу шилжүүлж хэрэгжүүлнэ.

9. Хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан этгээд 10 хоногийн дотор давж заалдах гомдол гаргавал шийтгэврийг биелүүлэх ажиллагааг гомдлыг хүлээн авсан өдрөөс хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

10.Хуулийн 22 дугаар зүйлийн "... согтууран хэвийн бус байдал гаргасан..."гэдэгт ууж согтуурсны улмаас гудамж, талбай, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний газар гуйвж дайвах, хашгирах, бөөлжих, зориулалтын бус газар бие засах, нус, цэрээ хаях, цээртэй үг, хараал хэлэх, гудамжинд унасан байх зэрэг иргэдийн биеэ хэвийн авч явах наад захын хэм хэмжээ зөрчсөн зан авир гаргахыг ойлгоно.

11.Хуулийн 24 дүгээр зүйлийн "...мэс, бусад хүйтэн зэвсэг..." гэдэгт хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохоор ахуйн, ангийн, байлдааны, үйлдвэрлэлийн зориулалттай жад, шөвөг, сүх, заазуур, зодооны хэрэгсэл түүнчлэн ирлэх, үзүүрлэх болон бусад байдлаар хэлбэр дүрсийг нь зориуд өөрчилсөн хатгах, цоолох, хэрчих, зүсэх, урах, тасдах зэрэг зориулалт бүхий хэрэгслэлүүд хамаарна.

12.Хуулийн 31 дүгээр зүйлд заасан "...төрийн байгууллагын ажилтан..." гэдэгт бүх шатны хурал, засаг, захиргаа, шүүх, прокурор, цагдаа, хил, гааль болон Улсын хянан байцаах байгууллагуудын орон тооны болон орон тооны бус ажилтан нар хамаарна.

13.Хуулийн 34 дүгээр зүйлийн "улсын нууц хадгалах, хамгаалах журам зөрчих"гэдэг нь улсын нууцын жагсаалт, зэрэглэлд орсон баримт бичиг, тоо бүртгэл, дүн мэдээ, төсөл төлөвлөгөө, схем зураглалыг боловсруулах, олшруулах, хадгалах, мэдээлэх, устгах явцад тогтоосон дэгийг зөрчсөнөөс уг нууц алдагдахад хүрсэн буюу ийм нөхцлийг бүрдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

14.Хуулийн 36 дугаар зүйлийн "...бага хэмжээ..." гэдгийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, далайлгаж сүрдүүлэхээс бусад аргаар /хулгайлах, завших, үрэгдүүлэх, залилан мэхлэх, албан тушаалаа урвуулан ашиглаж шамшигдуулах/ Дээд шүүхийн Бүгд хурлын "Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим заалтыг пратикт хэрэглэх тухай" 1991 оны 13 дугаар тогтоолд заасан бага хэмжээ болох 1600 төгрөгөөс доош хэмжээгээр ашиглан шамшигдуулсан байхыг ойлговол зохино.

15.Хуулийн 38 дугаар зүйлийн "...нийтийн эзэмшлийн эд хөрөнгө..." гэдэгт хот, суурин газрын гудамж талбай, цэцэрлэг, цэнгэлдэх хүрээлэн, үзвэр, үйлчилгээний газар, орон сууц болон бусад нийтийн эзэмшлийн барилга байгууламж, тэдгээрийн эд анги, тоног төхөөрөмж, тоноглол түүнчлэн хөдөө орон нутгийн нийт иргэдийн ашиглалт хэрэгцээнд зориулсан худаг, хашаа зэрэг байгууламж, тэдгээрийн эд анги, тоноглол хамаарна.

16.Хуулийн 41 дүгээр зүйлд заасан "...садар самууныг сурталчилсан..." гэдэгт ашиг орлого олох, бэлгийн дур хүслийг ёс бусаар хангах хэлбэрийг сурталчлах, 16 насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн харьцаанд оруулахад чиглэсэн мэдээллийг худалдсан, олшруулан тараасан, нийтэд үзүүлсэн, нийтэлсэн, нэвтрүүлсэн ажиллагаа хамаарна.

17.Хуулийн 48 дугаар зүйлийн "гэрээний талууд үгсэн тохирч хуурамч хэлцэл хийж гэрээний тухай хууль тогтоомж санаатайгаар зөрчсөнөөс гурав дахь этгээдэд хохирол учруулсан" гэсэн заалтыг шүүх /шүүгч/ хэрэглэхдээ тухайн хэлцлийг Иргэний хуулийн 32-41 дүгээр зүйлд зааснаар хууль бус хэлцэлд тооцох, түүнээс учирсан хохирлын хэмжээг тогтоон гаргуулах, торгох шийтгэл ногдуулах ажиллагааг нэгэн зэрэг хийнэ.

18.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлын:

1."Согтуурах явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох тухай" БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1974 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 120 дугаар зарлигийг шүүхийн практикт хэрэглэх тухай 1974 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/10 дугаар тогтоол.

2."Зарим этгээдийг хөдөлмөр хүмүүжил, хөдөлмөр эмчилгээний газарт явуулж байх тухай" БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1985 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар зарлигийн зарим заалтыг шүүхийн практикт хэрэглэх тухай 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоол.

3."Эд хөрөнгийг багавтар хэмжээтэй ашиглан шамшигдуулсан этгээдэд хүлээлгэх захиргааны хариуцлагыг хүчтэй болгох тухай" БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 63 дугаар зарлигийг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр тогтоол.

4."Дамын худалдаа хийсэн этгээдэд хүлээлгэх захиргааны хариуцлагыг хүчтэй болгох тухай" БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 62 дугаар зарлигийг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар тогтоол.

5."Захиргааны байгууллагын ажиллагаанд иргэдээс гаргасан гомдлыг шүүхээс хянаж шийдвэрлэх журмын тухай" 1978 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ДАШДОРЖ