A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1998 оны 12 сарын 23

№ 475

Улаанбаатар хот

                                                                                                        МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН 8, 25
                                                                                                        ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ
                                                                                                                              ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Иргэний хуулийн Орон сууц өмчлөх болон орон сууцтай холбогдсон эд хөрөнгийн бусад эрх гэсэн 8 дугаар бүлэг Орон сууц хөлслөх гэсэн 25 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

      Иргэний хуулийн 8, 25 дугаар бүлгийн зарим зүйл, заалтуудыг дор дурьдсанаар тайлбарласуай.

      1. Иргэний хуулийн /цаашид "хууль" гэх/ 118 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "...Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бүхий орон сууцны байшин" гэдэгт Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1,3-д зааснаар бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг, "сууц" гэдэгт нь нийтийн зориулалттай орон сууцан дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг тус тус ойлгоно.

      2. Хуулийн 119 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бүхий орон сууцны байшинд сууц өмчлөгч нь түүний доторх салган хэрэглэж үл болох эд хөрөнгийг нэгэн адил өмчилнө" гэдгийн "салган хэрэглэж үл болох эд хөрөнгө"-д тухайн сууцны доторхи дулаан, цахилгаан, ариун цэвэр-техникийн болон холбооны нэгээс дээш сууцны үйлчилгээнд зориулсан төхөөрөмж, орсон гарсан шугам хамаарна.

      3. Хуулийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Сууц буюу хувийн зориулалттай орон сууцны байшин гэр бүлийн гишүүн нь уг сууц буюу байшинг өмчлөгчийн нэг адил эзэмшиж, ашиглах эрхтэй" гэдгийн "гэр бүлийн гишүүн" гэдэгт өмчлөгчийн ам бүлд бүртгэгдэн хамтран амьдарч байгаа эхнэр, нөхөр, хүүхдүүд эцэг, эх, түүнчлэн өмчлөгчтэй хамтран амьдарч асрамжинд нь байгаа, гэр бүлийн аж ахуй хамтран эрхэлдэг гэр бүлийн нэг төсөвтэй төрөл садан болон тэжээн тэтгүүлэгчдийг ойлгоно.

      Гэвч Орон сууц хувьчлах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Гэр бүлийн хуулийн 16, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 95 дугаар зүйлд зааснаар сууцыг эхнэр, нөхөр, хүүхдүүд, түүнчлэн өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн гэр бүлийн бусад гишүүн өмчлөх эрхтэй. Харин гэр бүлийн бусад гишүүд нь эзэмших, ашиглах эрхтэй.

      4. Хуулийн 243 дугаар зүйлд заасан "... орон сууц хөлслөх гэрээ" гэдэг нь нэг талаас нийтийн болон хувийн зориулалттай байшин, нийтийн байран дахь сууцыг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон этгээд нөгөө талаас хүн байнга буюу түр аж төрөх зориулалттай, ариун цэвэр, эрүүл ахуй, төхникийн шаардлага хангасан сууцыг төлбөртэйгөөр эзэмших, ашиглах талаар харилцан эрх, үүрэг хүлээн бичгийн хэлбэрээр хийсэн гэрээ болно.

      5. Хуулийн 246 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хууль буюу гэрээнд заасан болон орон сууцанд зайлшгүй шаардагдах засварыг цаг тухайд нь хийнэ" гэдэгт хөлслөгч нь сууцыг эзэмшиж, ашиглах хугацаандаа сууцны зориулалт, бүтэц /зохион байгуулалт/-ийг өөрчлөхгүйгээр үзэмжийг сайжруулах, жижиг гэмтэл, түр зогсолтыг арилгах, цагийн бус элэгдэл, эвдрэлээс урьдчилан сэргийлэх, хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийсэн төхник ажиллагаа буюу урсгал засварыг ойлгоно. Гэхдээ зайлшгүй шаардлагатай засвар хийх хугацаа, шинж чанар, хэмжээг гэрээнд заавал тусгасан байвал зохино.

      6. Хуулийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "орон сууц хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно" гэдгийн "тодорхой хугацаагаар" гэдэгт сууц хөлслөх гэрээ байгуулагч талууд гэрээ дуусгавар болох хугацааг хуанлийн он, сар, өдрөөр буюу зайлшгүй болох үйл явдлаар тодорхойлсоныг, "тодорхой бус хугацаа" гэдэг нь талууд гэрээ дуусгавар болох хугацааг дээр дурьдсанаар тодорхойлоогүйг ойлгоно.

      7. Тодорхой хугацаатай гэрээний хугацаа дууссан боловч сууц хөлслүүлэгч татгалзаагүй, хөлслөгч сууцыг цаашид үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах хүсэлт гаргавал гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.

      8. Хуулийн 247 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... орон сууцыг иргэн насаараа эзэмшиж, ашиглах буюу уг эрхээ өв залгамжлуулж болно" гэдгийн "насаараа эзэмшиж ашиглах" гэдгийг мөн хуулийн 262 дугаар зүйлийн 3, 4, 5 дугаарт зааснаас бусад зөвхөн нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бүхий байшингийн хувьчлагдаагүй сууцыг эзэмшигч насаараа эзэмшиж ашиглахыг, "уг эрхээ өв залгамжлуулж болно" гэдгийг ийм орон сууцыг эзэмшигч нас барахдаа өөрийн эзэмшиж байсан сууцаа гэр бүлийн гишүүдээс тодорхой нэр заасан эсхүл гэр бүлийн гишүүн биш боловч түүний хууль ёсны өв залгамжлах эрх бүхий этгээдэд сууц эзэмших эрхээ хуульд заасан үндэслэл, журмаар өвлүүлэхийг тус тус ойлгоно.

      9. Хуулийн 249 дүгээр зүйлд заасан "... орон сууцны дундын ашиглалтын талбай" гэдэгт байшингийн орц, түүний хаалга болон Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-т заасан цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, түүний тагт дээвэр, тоног төхөөрөмж, довжоо, цонх, хог зайлуулах хоолой, халаалт, халуун хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл цахилгааны оролтын самбар хүртэл, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны /+,-/ 0,00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээний талбай хамаарна. Харин нийтийн байрны хувьд гал тогооны болон ариун цэврийн өрөө, сууцны хоорондох талбайг хамааруулж болно.

      10. Хуулийн 261 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байшин" гэдэгт ашиглалтын хугацаа дууссанаас ердийн элэгдэлд орсон, төхник, ариун цэврийн зохих түвшинд байлгах шаардлагатай арга хэмжээг цаг тухайд аваагүйгээс хүн амьдрах боломжгүй болсон, өөрөөр хэлбэл сүйрлийн байдалд орсон байшинг ойлгоно.

      11. Хуулийн 262 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... гэрээний үүргээ байнга зөрчиж хөлслүүлэгчээс урьдчилан удаа дараа сануулсаар байтал" гэдэгт орон сууц хөлслөгч болон түүний гэр бүлийн гишүүд нь сууц эзэмшиж, ашиглах явцдаа хууль буюу гэрээнд заасан үүргээ гурав буюу түүнээс дээш удаа биөлүүлээгүй байвал зохих бөгөөд энэ талаар хөлслүүлэгч тухай бүрд урьдчилан сануулсан байхыг ойлгоно. Хөлслүүлэгч дээрх зөрчил гаргасан болон хөлслөгчид урьдчилан сануулсан тухайгаа шүүхэд бичгийн нотлох баримтаар нотолсон байвал зохино.

      12. Хуулийн 262 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан "хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа гэрээгээр тохиролцсоны дагуу аж төрж байсан орон сууцаа уг гэрээнд заасан хугацаа дуусахад чөлөөлөөгүй" гэдгийн "уг гэрээ" гэдэгт тухайн орон сууцыг эзэмших тухай тусгай гэрээ буюу хөдөлмөрийн буюу иргэний гэрээний тухайн орон сууцыг эзэмших тухай заалтыг ойлгоно. Орон сууц эзэмших гэрээг тодорхой хугацаагаар хийсэн бол орон сууц эзэмших эрх уул хугацаа дуусмагц, тодорхой бус хугацаагаар хийсэн бол орон сууц эзэмших эрх нь хөдөлмөрийн харилцаа дуусмагц тус тус дуусгавар болно. Хэрэв хуульд заасан буюу сууц хөлслөх гэрээнд тусгай болзол тавьсан /тэтгэвэрт гарсан, тахир дутуу болсон, үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд орон сууцыг үргэлжлүүлэн эзэмших гэх мэт/ бол хууль, гэрээний заалтыг хэрэглэнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ