- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 2008-11-25-ны 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
/УДШ-ийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1. Хуулийн 9.1.1-д заасан "Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол" гэдэгт гэрлэгчдийн аль нэг нь өмнө нь өөр бусадтай гэрлээд захиргааны журмаар болон шүүхээр уг гэрлэлтээ цуцлуулаагүй байхыг ойлгох бөгөөд харин гэрлэгчдээс хэн нэг нь шүүхийн шийдвэрээр сураггүй болсноор тооцогдсон эсхүл нас барсныг зарласан бол энэ ойлголтод хамаарахгүй болохыг заасугай.
2. Хуулийн 9.1.3-т заасан "Төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх" гэдгийг гэрлэгчдийн төрөл, садангийн хүмүүсийн хоорондын холбоо бус зөвхөн гэрлэгч хоёр этгээдийн төрөл, садан эсэхэд хамааралтай болохыг ойлговол зохино.
3. Хуулийн 9.1.4-т заасан "Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх" бол гэдэгт тэдгээр нь оршин суугаа сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр харгалзан дэмжигчээр тогтоогдсон байх бөгөөд, харин дээрх эрх бүхий этгээдийн шийдвэр дуусгавар болсон тохиолдолд хамаарахгүй болно.
4.Хуулийн 9.1.6-д заасан "гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй" эсэх талаар маргаантай тохиолдолд Иргэний бүртгэлийн байгууллага болон сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх тухайн этгээдийн сэтгэцийн өвчтэй эсэх, уул сэтгэцийн өвчин нь удамших хандлагатай эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн шинжээч нарыг томилж, дүгнэлт гаргуулж байвал зохино.
5.Хуулийн 10.2 дахь хэсгийн "материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй" гэдгийг гэрлэгчдийн хэн аль нь нэгнийгээ эд хөрөнгийн хавчигдмал болон сэтгэл санааны дарамттай байдалд байлгах, хүчирхийлэх, нэр төр, алдар хүндийг гутаах, нэгнийхээ хуваарьт болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах, устгах, гэмтээх, эрүүл мэндийг сарниулах зэргээр хохирол учруулбал Иргэний /1994 оны/ хуулийн 377 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын /Иргэний 2002 оны хуулийн 497 дугаар зүйлийн 1 дүгээр заалт/ дагуу уг гэм хорыг бүрэн хариуцаж, арилгах үүрэгтэй тул хохирсон тал хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж ойлгоно.
6.Хуулийн 10.3, 10.4 дэх хэсэгт заасан "угийн бичгийг" Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан "Угийн бичиг хөтлөх" журмын дагуу хөтөлнө. Угийн бичигт тухайн хүний мэдэх өвөг дээдсээсээ эхлэн өөрийн хүүхэд хүртэлх ясан болон цусан төрлийн ураг садан хүмүүсийг тус бүрээр нь тодорхой бичнэ. Гэр бүл бологчид өөр өөрсдийн угийн бичгийг бүрнээр нь хуулан авч цаашид нэгтгэн өөрийн өрхийн угийн бичгийг бүрдүүлэн хөтөлж, үр хүүхдүүддээ уламжлуулан дамжуулж өгнө.
7.Хуулийн 11.1 дэх хэсгийн "гэрлэгч нас барсан" гэдгийг тухайн этгээдийн нас барсны гэрчилгээгээр тодорхойлно. "Нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс" гэдгийг сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш, эсхүл амь үрэгдэж болох аюултай нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр "нас барсан" гэж зарласан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйл /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 120 дугаар зүйл/-ийн дагуу хүчин төгөлдөр болсныг хэлнэ.
8.Хуулийн 12.2 дахь хэсгийн "Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно" гэсэн заалт нь гэрлэлт цуцлах үед өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй эхнэр буюу нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэрлэгчийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалсан заалт тул энэ хэсэгт заагдсан нөхцөл байгаа тохиолдолд гэрлэлтийг цуцалж болохгүй.
9.Хуулийн 13.1 дэх хэсгийн Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлтээ "Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана" гэдэг нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид оршин суугаа газрынхаа сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт хамтран гаргахыг хэлнэ.
10.Хуулийн 14.1 дэх хэсгийн "иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон этгээд" гэдэгт Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн /Иргэний 2002 оны хуулийн 18 дугаар зүйл/ дагуу сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсны улмаас шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдож, асран хамгаалалт тогтоолгосон этгээдийг хамааруулна.
11.Мөн зүйлийн 14.2 дахь хэсгийн "шүүх шаардлагатай гэж үзвэл" гэдгийг тухайн хэрэг бүрийн онцлогоос шалтгаалан гэрлэлтийг зайлшгүй цуцлах ноцтой шаардлага байхгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэх бололцоотой, тэдний болон хүүхдийн эрх ашгийн үүднээс гэрлэлтийг цуцлахгүй байх нь илүү ач холбогдолтой байх нөхцлүүдийг хэлнэ.
Мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн "шүүхийн шийдвэрт" гэснийг "шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжинд" гэж ойлговол зохино.
-зохигчид эвлэрсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 132.3 дугаар зүйл/ дагуу шүүх эвлэрлийг баталсан тогтоол буюу шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн дугаар авна.
Мөн зүйлийн 14.4 дэх хэсгийн "байнгын хүчирхийлэл, дарамт" гэдэгт гэрлэгчдийн хэн аль нь нэгнийхээ болон гэр бүлийн гишүүдийн эрх чөлөөнд халдах, эрүүл мэндийг сарниулах, бие махбодид гэмтэл учруулах, хардах, сэтгэл санааны хувьд түгшүүр, айдас төрүүлэх зэргээр тайван орчинд амьдрах эрхийг байнга хязгаарласан нөхцлүүдийг хамааруулан ойлгоно.
Мөн зүйлийн 14.5 дахь хэсэгт "гэрлэгчид … тохиролцож болно" гэдгийг сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж чадсан, бусдын эрхийг хохироогоогүй тохиролцоо гэж ойлгоно. Хэн нэгний дарамт шахалтаас болж өөрт хохиролтойгоор хийсэн, эсвэл бага насны ба насанд хүрээгүй хүүхдүүд болон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бусад гишүүдийн эрх ашгийг хохироосон тохиролцоог шүүх хүлээн авах боломжгүй юм.
Мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ "хүүхдийн нас" буюу бага насны эсвэл насанд хүрээгүй байдал, цэцэрлэгт хүмүүжиж эсвэл сургуульд сурч байгаа зэргээс шалтгаалан тухайн насны хүүхдийн онцлогийг шүүх харгалзана.
Эдгээр байдлууд нь хүүхдийг эцэг, эхийн хэнийх нь асрамжинд үлдээх, хэнээс нь тэтгэлэг гаргуулахыг шийдвэрлэхэд нөлөөлөх ба харин тэтгэлэгийг хуулинд заасан хэмжээнээс өөрөөр тогтоох үндэслэл болохгүй юм. Энэ хэсэгт заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэхдээ гэрлэгчдийн хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө, түүнээс гэр бүлийн гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох Иргэний хуулийн 96-99 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэнэ /Иргэний 2002 оны хуулийн 125-133 дугаар зүйл/.
Мөн зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар "долоо ба түүнээс дээш насны хүүхдийн саналыг авахдаа" сурган хүмүүжүүлэгч, эсвэл сэтгэл зүйчийг байлцуулан, түүний гаргаж буй санал нь жинхэнэ хүсэл зоригийнх нь илэрхийлэл байж чадаж байгаа эсэхийг анхаарвал зохино. Энэхүү саналыг шүүх харгалзан үзэх ёстой боловч тэр нь хүүхдийн асрамжийг тогтоох асуудлыг шийдвэрлэх цорын ганц үндэслэл болохгүй.
Мөн зүйлийн 14.8 дахь хэсгийн "дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан" гэдэгт гэрлэгчдийн хэн аль нь нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан гэх мэт, мөн санаатайгаар устгаж, гэмтээх зэргээр үгүй болгож, захиран зарцуулахыг ойлгоно. Дундын эд хөрөнгөнд орох орлого, эд хөрөнгөө хамтран өмчлөхгүй байх зорилгоор нэгэндээ мэдэгдэхгүйгээр өөрийн болон бусдын нэр дээр эзэмшиж, ашигласан нөхцлийг "нуусан" гэдэг ойлголтонд хамруулна.
Мөн зүйлийн 14.9 дэх хэсгийн "гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна" гэдгийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн оршин суугаа газрын, эсхүл гэрлэлтийг бүртгэсэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ гэж ойлгоно. Энэ хуулийн дагуу гэрлэлт цуцалсны бүртгэлийг гэрлэлтээ цуцлуулсан иргэд өөрсдөө өргөдөл гаргаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дээрх байгууллагаар хийлгүүлэх үүрэгтэй болно.
12.Хуулийн 15.2 дахь хэсэгт заасан "гэрлэлтийг сэргээх" тухай асуудал сураггүй алга болсонд тооцогдсон ба нас барсан гэж зарлагдаад сүүлд эргэж ирсэн хүний эхнэр буюу нөхөр өөр хүнтэй гэрлээгүй тохиолдолд хамаарна. Сураггүй алга болсонд тооцсон ба нас барсан гэж зарласан тухай шүүхийн шийдвэр хүчингүй болсноор өмнөх гэрлэлтийг цуцалсан шийдвэр ба шинээр бүртгүүлсэн гэрлэлт хүчингүйд тооцогдохгүй. Тухайн хүний нөхөр буюу эхнэр шинэ гэрлэлтээ цуцлуулж, хуучин гэрлэлтээ сэргээх хүсэлтэй бол энэ зүйлд заасан журам үйлчилнэ.
13.Хуулийн 16.1 дэх хэсгийн "гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн" гэдгийг элдэв тэтгэвэр авах, орон сууцны талбай эзэмших, гадаадад зорчих ба оршин суух зөвшөөрөл авах зэргээр гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтийн баталгааг эдлэх ёсгүй эрхийг эдлэх, эсхүл хүлээх ёстой үүргээс зайлсхийхийн тулд ашиглах зорилгоор гэрлэлтээ бүртгүүлснийг ойлгоно.
Мөн зүйлийн 16.2 дахь хэсгийг 18 насанд хүрээгүй хэдий ч шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжтай гэж зарлагдсан иргэний гэрлэлтийг энэ хуулийн 9.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй гэж ойлговол зохино.
14.Хуулийн 17.2 дахь хэсгийн "гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ" гэдгийг гэрлэгчид гэр бүл болохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалтын талаар хоорондоо байгуулсан гэрээг хэлнэ.
15.Хуулийн 22.1 дэх хэсгийн "иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага" гэдгийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн дагуу эцэг, эхийн оршин суугаа эсхүл хүүхдийн төрсөн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл хариуцсан алба гэж ойлгоно.
16.Хуулийн 23.2 дахь хэсгийн "эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ" гэснийг шүүх хэрэглэхдээ хүүхдийн биологийн эцэг, эх нь хэн болохыг тогтоох ажиллагааг хийнэ гэдгийг анхаарах шаардлагатай юм. Хүүхдийн эцэг, эх нь хамтын амьдралтай, цаашид гэр бүл болох зорилготой байсан эсэх нь эцэг, эхийг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш бөгөөд эдгээр байдал нь хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримтуудын нэгэн хэсэг байж болно.
17.Хуулийн 24 дүгээр зүйлийн "нэр" гэдэгт хүүхдийн өөрийн нэр, "эцгийн буюу эхийн нэр" гэдэгт эцгийн буюу эхийн нэр харъяалахын тийн ялгалд, "овог" гэдэгт эцгийн буюу ясан төрлийг баримталсан ба Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан "Угийн бичиг хөтлөх" журмын дагуу тогтоосон овгийг хэлнэ. Жишээлбэл: Боржигон Дашдоржийн Нацагдорж, Хатгин Цэндийн Дамдинсүрэн.
18.Хуулийн 26.5 дахь хэсэгт заасан "эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг" тогтоохдоо шүүх эцэг, эхийн зүгээс хүүхдийн асран хамгаалалт, хүмүүжилд тавих анхаарал, боломж, хүсэлт зэргийг харгалзан эцэг, эх тус бүрт ноогдох үүргүүдийг нэг бүрчлэн тодорхой зааж болно. Энэ нь зөвхөн хүүхдийн тэтгэлэгийг тогтоосноор хязгаарлагдахгүй. Тухайлбал, хүүхдийг сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, хувцас авах, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх, эмчилгээ, сургалт, амралтын зардлыг хариуцах, секц, дугуйланд хичээллүүлэх гэх мэт маргаан тус бүрийн онцлогоос шалтгаалан дээрх үүргүүдийг шүүх хуваарилан журамлаж болно.
19.Мөн зүйлийн 26.6 дахь хэсгийн "хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно" гэдгийг мөн эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх хэн алины тэгш эрхийг хязгаарлаж болохгүй гэж ойлговол зохино.
20.Хуулийн 27, 29, 30, 32 дугаар зүйлүүдэд заасан эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хязгаарласныг хүчингүй болгох, хасах, сэргээх асуудлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэнэ.
21.Хуулийн 28.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэнтэй холбогдон гарсан хохирлыг шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны зохицуулалтыг баримтлаж шийдвэрлэнэ.
22.Хуулийн 38.7 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийн хэмжээг багасгахдаа тэтгэлэг авагч уг хүсэлтийг зөвшөөрсөн эсэхийг харгалзахгүйгээр хоёр талын амьдралын бололцоо болон тэтгэлэг авагчаас бага орлоготой, түүнчлэн хууль ёсоор асрамжлах хүний тоо нэмэгдсэн зэргийг нотлохдоо баг, хорооны болон цалин, тэтгэврийн тодорхойлолтууд, мөн бусад бичгийн нотолгоонуудыг үндэслэх бөгөөд, харин хөдөлмөрийн чадвараа алдсаныг эмнэлэг хөдөлмөрийн магадлах товчооны дүгнэлтийг баримтална. Гэвч энэ үндэслэлээр тэтгэлэг төлөгчийг хүүхдийн тэтгэлэгээс бүрэн чөлөөлж болохгүйг тайлбарласугай.
23.Хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан "амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу амьжиргааны доод түвшингийн хэмжээ" гэдгийг шүүхээс зөвхөн нэг хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээ гэж ойлговол зохихыг тайлбарласугай. Харин хуулийн 40.2 дахь хэсэгт заасан "цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй" гэснийг шүүхээс тэтгэлэг тогтоох хэмжээнд хамааралгүй, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон ажил олгогч тэтгэгчийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос шилжүүлэхдээ баримтлах заалт болохыг заасугай.
Түүнчлэн хуулийн 40.2 дахь хэсэгт заасан "цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй" гэдгийг энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тогтоосон хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй гэж ойлгох бөгөөд энэ тухай Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон ажил олгогчид үүрэг болгосон заалтыг шүүхийн шийдвэртээ оруулж байх нь зүйтэй.
Хуулийн 40.1.2-т заасан "хөдөлмөрийн чадваргүй хүүхэд" гэдэгт насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй гэдгийг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах товчооны дүгнэлтийг шүүх үндэслэвэл зохино.
24.Тэтгэлэг төлөгч, тэтгэлэг авагч нарын хооронд тэжээн тэтгэх гэрээ байгуулаагүй боловч шүүх хуралдааны бэлтгэл шатанд болон хуралдааны үед энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тэтгэлэгийг мөнгөн болон эд хөрөнгөөр мөн тодорхой хугацаагаар авахаар тохирч болно. Ингэхдээ тодорхой хугацаанд төлөх мөнгөний болон эд хөрөнгийн хэмжээг шүүхийн шийдвэрт тодорхой зааж, төлбөр төлөгч, авагч нар тэтгэлэгийн хэлбэр, хугацааг хоорондоо тохиролцоогүй тохиолдолд ялангуяа тэтгэлэгийг эд хөрөнгөөр тогтооход шүүх тэдгээрийн амьдралын бололцоо, хөрөнгийн байдал, эрхэлж байгаа ажил зэргийг харгалзан тогтоох бөгөөд нийт тэтгэлэгийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрэхгүй болохыг заасугай.
25.Хуулийн 45.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг төлөгч, авагч нар тэжээн тэтгэх тухай гэрээг хийх бөгөөд энэ талаар хуульд заасан журам зөрчигдсөн тохиолдолд шүүх Иргэний хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцон, тэдний хэн нэгний хүсэлтээр ердийн журмаар тэтгэлэг тогтоож болохыг заасугай.
26.Хуулийн 48.1 дэх хэсэгт заасан "тэжээн тэтгүүлэгчид" гэдэгт энэ хуулийн 40, 44 дүгээр зүйлүүдийн хүрээнд багтсан тэтгэлэг авагч этгээдүүдийг хамааруулна.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ
Текст томруулах
A
A
A
