- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 30/1/ ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХAЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 2007-11-29-ний өдрийн 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1994 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 177
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 30/1/ ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХAЙ
/Энэ тогтоолыг УДШ-ийн 2007-11-29-ний өдрийн 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
1.Энэ зүйлд заасан прокурорын "бүрэн эрх"-д хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж,шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийн дагуу Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулиар прокурорт олгосон эрх, хүлээлгэсэн үүргийг ойлгоно.
2.Мөн зүйлийн "бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь прокурорт санаатайгаар саад учруулсан" гэдэгт бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд хуульд нийцүүлэн тавьсан прокурорын шаардлагыг биелүүлээгүй, прокурорт дуудагдсан этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй,эсхүл ийнхүү хүрэлцэн ирэхэд зориуд саад хийсэн, хяналт тавихад шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг прокурорт үзүүлэх, гаргаж өгөхөөс татгалзсан, нуун дарагдуулсан, устгаж үгүй хийсэн, уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мэдээ судалгааг зориуд худал ташаа гаргасан зэрэг прокурор үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоог алдагдуулахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
3.Мөн зүйлийн "…хууль бус шийдвэр гаргуулахаар тулган шаардсан" гэдэгт хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж буй прокурорт хууль бус шийдвэр гаргах шаардлага амаар буюу бичгээр тавьж уг шаардлагыг эс биелүүлсэн бол хуулиар зөвшөөрсөн болон зөвшөөрөгдөөгүй ямар нэг үйл ажиллагаа хариу явуулахаа мэдэгдэж тулгасан шинжтэй үйлдлийг ойлгоно.
4.Мөн зүйлийн "… хууль бус шийдвэр гаргуулахаар…заналхийлсэн" гэдэгт хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж буй прокурорыг хууль бус шийдвэр гаргуулахын тулд алах, бие махбодид нь гэмтэл учруулах, эд хөрөнгийг нь устгах, түүнчлэн бусад төрлийн хохирол учруулахаар сүрдүүлсэн, биеийн хүчний болон сэтгэл зүйн шинжтэй үйлдлийг ойлгоно.
5.Мөн зүйлийн "… хууль бус шийдвэр гаргуулахаар шахалт үзүүлэх" гэдэгт хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж буй прокурорыг хууль бус шийдвэр гаргуулахаар өөрийнх нь буюу гэр бүлийн гишүүдийн амьд явах, сурах, ажил мэргэжил, оршин суух газар нутгаа чөлөөтэй сонгох болон бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг хууль бус аргаар алдагдуулахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
6.Прокурорыг хууль бус шийдвэр гаргуулахаар тулган шаардсан, заналхийлсэн,шахалт үзүүлсэн зөрчил заавал биелэх боломжтой байсан эсэх, түүнчлэн прокурорт нөлөөлж чадсан эсэх нь зөрчил гаргасан этгээдэд энэ зүйлд зааснаар захиргааны хариуцлага хүлээлгэхэд саад болохгүй. Харин энэ зүйлд заасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол тухайн этгээдийг эрүүгийн хуулийн зохих,зүйл,хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татна.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.БАТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
