A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 2 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ /УДШ-
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 2 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
/УДШ-ийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  47 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан "Даатгуулагч…" гэж энэ зүйл, хэсэг болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тодорхойлсон болзол, шаардлагыг хангасан, ажил хөдөлмөр эрхлээгүй хүнийг хэлнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан "…ажилгүйдлийн тэтгэмж…" гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно.

2. Ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан, хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн хүнд олгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР