A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1988 оны 06 дугаар сарын 29

№ 13

Улаанбаатар хот

                                                       
                                              ТАНХАЙРАХ ГЭМТ ХЭРГИЙГ ОЙРОЛЦОО ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГЭЭС ЗӨВ ЯЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 

Хэвлэх

   МАХН, Ардын төрөөс социалист хууль ёс, дэг журам, сахилгыг бэхжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд танхайрах гэмт хэрэгтэй явуулах тэмцлийг улам үр нөлөөтэй болгох, энэ хэрэгт хариуцлага тогтоосон хуулийг зөв хэрэглэх, нийгмийн хэв журам сахиулах талаар хууль хамгаалах байгууллагуудын практик үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулах явдал чухал юм.

   Мөрдөн байцаах, шүүн таслах байгууллагуудын практикаас үзэхэд танхайрсан үйлдлийг үндсэнд нь зөв зүйлчлэн шийдвэрлэж байгаа боловч зарим тохиолдолд энэ хэргийн объектив субъектив талын заавал байх шинжүүдийг нарийвчлан шалгаж тогтоохгүй байх, жижгээр танхайрсан зөрчилд ял шийтгэх, танхайрах гэмт хэрэг нь зөвхөн олон нийтийн газар, хүмүүс олноор цугларсан үед л үйлдэгдэх ёстой гэсэн өрөөсгөл хандлага гарч байна.

   БНМАУ-ын 1961 оны Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэргийн халдлагын зүйл нь хамтын аж  байдлын социалист аж төрөх ёс байна гэж нэлээд өргөн хүрээтэй авч үзэж байсныг Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлд олон нийтийг илтэд хүндэтгэн үзэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн байх нь гол шинж байхаар заасан нь энэ зүйлийг шүүхийн практикт зөв хэрэглэхэд дөхөмтэй болов.

   Танхайрах гэмт хэргийн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй байх заавал байх шинжүүд нь чухам ямар хэлбэрээр, ямар нөхцөлд илэрсэн байхыг хэрэг нэг бүрт тал бүрээс нь нарийвчлан тогтооход анхаарах ёстой. Өш хонзон, хардалт, уур хорсол зэрэг хувийн сэдэлтээр харилцан зодолдохдоо бие биедээ гэмтэл учруулсан буюу учруулаагүй үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үзэж хариуцлага хүлээлгэх, түүнчлэн зэвсэг болон бусад зүйлийг хэрэглэсэн нөхцөлд тэдгээрийг ямар зорилгоор, ямар нөхцөлд хэрэглэсэн болохыг үндэслэлтэй тогтоохгүйгээр зэвсэг хэрэглэж танхайрсан гэж үзэх хандлага байсаар байна. Танхайрах явцдаа бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулах зорилгоор зэвсэг, бусад зүйлийг "тусгайлан бэлтгэх","хэрэглэхээр завдах" зэрэг танхайрах гэмт хэргийн онц хүндрүүлэн үзэх бүрэлдэхүүний шинжүүдийг зөв ойлгож хэрэглэх зэрэг олон асуудлыг шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэглэх нь зүйтэй байна.

   Танхайрах гэмт хэрэгтэй хийх тэмцлийг улам хүчтэй болгон түүний онцлог шинж, бусад хэргүүдээс ялгагдах байдлуудыг шүүхийн практикт нэг мөр ойлгон зөв хэрэглэх зорилгоор БНМАУ-ын Дээд Шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Танхайрах гэмт хэрэг нь нийгэм, иргэдэд ихээхэн хор аюул учруулдаг төдийгүй танхайрч эхэлсэн үйлдэл нь өөр бусад хүнд гэмт хэрэг болон хувирах явдал цөөнгүй тохиолддог тул танхайрах гэмт хэрэгтэй хийх тэмцлийг улам хүчтэй болгон, тийм хэрэг үйлдэгчдэд оногдуулах ялыг сулруулахгүй ажиллах нь шүүн таслах байгууллагын чухал үүрэг гэж үзсүгэй.

   2.Танхайрах гэмт явдалтай тэмцэхэд олон нийтийн хүч туслалцааг өргөн авах замаар хөдөлмөрчдийн сайн дурын байгууллагуудын ялангуяа олон нийтийн шүүхийн үйл ажиллагааны үндсэн хэсгийг чухам үүнд чиглүүлэн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, энэ төрлийн хэргийг шүүх хамт олны өмнө өндөр зохион байгуулалттай бэлтгэл сайтай таслан шийдвэрлэж хэргийн хор уршиг, шалтгааныг хамт олноор нь хэлэлцүүлэн жигшүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг нийт шүүхэд анхааруулан заасугай.

   3.Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх үндсэн гол шинж нь: а/ олон нийтийг илтэд хүндэтгэн үзэхгүй байх, б/ нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих явдал мөн.

      а/ олон нийтийг илтэн хүндэтгэнн үзэхгүй байх гэдэг гэмт этгээд нийгэмд тогтосон иргэн бүрийн заавал дагаж мөрдвөл зохих эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, түүнчлэн онцгой хүндэтгэл шаардагдах үндэсний зан заншил, уламжлалт ёс горимыг хүндэтгэн үзэхгүй байх, хувийн явцуу ашиг сонирхлыг нийгэм, хамт олны ашиг сонирхлын эсрэг сөргүүлэн тавьж, энэ үйлдлээ орчны хүмүүст илт мэдэгдэхүйц байхаар тийм нөхцөл байдалд хийхийг ойлгох нь зүйтэй. Гэхдээ танхайрах үйлдэл нь зөвхөн олон нийтийн эсрэг чиглэсэн байх бус харин тодорхой иргэний эсрэг чиглэсэн байж болно. Энэ нь нийтээр зөвшөөрч тогтоосон хувь хүний эрхийн дархан халдашгүй байдал, түүний эрх чөлөө, нэр хүнд, амгалан тайван аж төрөх эрх, гоо зүй, ёс суртахууны эрхэмлэн хүндэтгэдэг нандин зан чанарт нь хор хохирол учруулдагаар тайлбарлагдана. Жишээ нь иргэн Д архилан согтуурч гудамжинд хажуугаараа өнгөрч явсан үл таних "Г" гэгчийг дуудаж тамхи гуйсан байна. Г тамхи татдаггүй гэхэд нь толгой нүүрлүү нь цохиж гэмтэл учруулж танхайрчээ. 

   Мөн иргэн "Д" согтуурч хээр хонь хариулж явсан "Г" гэгч танихгүй эмэгтэйтэй тааралдаж ямар ч шалтгаангүйгээр мориноос нь татаж унагаж хутгатай гараа өвөрт нь хийж айлган сүрдүүлсэн нь танхайн гэмт хэрэг мөн.

      б/ нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих гэдэгт албан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, ард иргэдээс амгалан тайван аж төрж хөдөлмөрлөх хүсэл зоригийг илэрхийлсэн нийгмийн тогтож хэвшсэн ёс журмыг ноцтой гажуудуулж үзвэр, үйлчилгээ бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хамтын аж байдлын ёс горимд шууд харшилсан санаатай үйл ажиллагааг ойлгох нь зүйтэй.   

   4.Танхайрах гэмт хэрэг нь олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн хор уршигтай байдгаараа жижгээр танхайрсан захиргааны зөрчлөөс ялгагдана.Жижгээр танхайрах үйлдэл нь нийгмийн хэв журмыг зөрчихдөө иргэдийг хүч хэрэглэн зодож бие махбодид нь гэмтэл учруулах, албан байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, эд хөрөнгө эвдэж устгах зэрэг хор уршигт хүргэдэггүй зэрэг шинжээрээ танхайрах хэргээс нийгмийн хор аюулаараа бага байдаг.

   5.Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар танхайрах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн этгээдийн үйлдэлд ял төлөвлөх, шүүхээр шийтгэхдээ чухам ямар шинжээр нь хүндрүүлэн үзэж байгаагаа ялын төлөвлөгөө, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд тодорхой зааж байвал зохино.

   6."Онц жигшүүртэй авирласан" гэдэгт нийтээр дагаж мөрдөх зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон бүдүүлгээр зөрчихдөө олны өмнө хэтэрхий ичгүүр сонжуургүй авирлан орчны хүмүүс, хохирогчийг доромжлох, элэг доог, тоглоом тохуу хийх, иргэдийн амгалан тайван байдлыг удаан хугацаагаар алдагдуулан цээртэй бүдүүлэг үгээр үргэлжлүүлэн хараах зэргээр хүмүүсийн туйлын жигшил, зэвүүцлийг төрүүлсэн үйлдлийг хамруулан ойлгоно. Мөн өвчин эмгэгтэй,нас балчир, хөгшин буурай, бусад шалтгаанаар биеэ хамгаалж чадахгүй хүмүүсийг элэглэн шоолох, тохуурхан басамжлах зэрэг үйлдлийг энэ ойлголтод хамааруулж болно.

   7."Онц догшин авирласан" гэдэгт олон нийтийн амгалан тайван ажиллаж, амрах нөхцөлийг алдагдуулан бусдад хүч хэрэглэсэн, танхай балмад үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлсэн, нийтийн чанартай арга хэмжээг таслан зогсоосон, албан байгууллагын хэвийн ажиллагааг удаан хугацаагаар тасалдуулсан, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан,танхайрах явцдаа бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн зэрэг хэлбэрээр илэрнэ.

   8.Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т заасан "танхайрсан үйлдлийг таслан зогсоох" гэдэгт гэмт үйлдлийг болиулахад чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа байхыг ойлгох нь зүйтэй.

   Гэмт этгээдийн танхайрсан үйлдлийг таслан зогсоох нь эхэлж байгаа буюу үргэлжилж байгаа танхайн үйлдлийг хориглон зогсоох зорилгоор түүнийг биеийн хүчээр барьж саатуулах, үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардах, сэргийлэхийн ажилтан, ардын нөхөрлөлийн гишүүд болон бусад иргэдийг таслан зогсоох ажиллагаанд татан оруулах зэрэг идэвхтэй үйлдлээр илэрнэ.

   Харин танхайрсан үйлдсэл таслан зогсоогдсон буюу төгссөний дараа гэмт этгээд шаардлага тавьсан иргэнийг эсэргүүцсэн бол танхайрах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй учир иргэдийн амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр алдрын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

   Харин танхайрах явцдаа биш, танхайрахаас өмнө болон танхайрсан үйлдэл төгссөний дараа засгийн болон олон нийтийн төлөөлөгчийг эсэргүүцсэн бол өөр өөр объектод халдсан, биеэ даасан шинжтэй хэрэг болдог тул засгийн болон олон нийтийн төлөөлөгчдийг эсэргүүцсэн, танхайрсан нийлмэл гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ. 

   9.Танхайн гэмт хэрэг үйлдэх явцдаа засгийн болон олон нийтийн төлөөлөгчийг эсэргүүцэн хүч хэрэглэж хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ үйлдлийнхээ явцад цагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах ардын нөхөрлөлийн гишүүний биед хүнд гэмтэл учруулсан буюу тэдний амь биед халдсан бол Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлээр давхар зүйлчилж нийлмэл хэрэгт хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Харин танхайрах явцдаа албаны болон олон нийтийн журамт үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, ардын нөхөрлөлийн гишүүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирохоор зүйлчилнэ (Энэ заалтыг Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

   10.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж танхайрсан бол 239, 260 дугаар зүйлийн тохирох хэсгүүдээр давхар хариуцлага хүлээлгэнэ.

   11.Танхайрах гэмт хэргийг давтан үйлдэх гэдэгт урьд нь энэ хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн боловч ялаа эдэлж дууссанаас хойш Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад буюу эсхүл танхайрах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа тус тусдаа бие даасан бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн боловч тэдгээрийн аль нэгэнд нь шүүхээр ял шийтгүүлээгүй бөгөөд өмнөх үйлдлээс хойш сүүлийн үйлдэл хүртэл Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрөөгүй болон хуульд заасан бусад үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөөгүй байдлыг хамааруулан ойлгоно.

   12.Хоёр буюу түүнээс дээш этгээд бүлэглэн танхайрахдаа оролцоо, учруулсан хор аюулын хувьд янз бүр байвал оролцогч тус бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоосны эцэст Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг журамлан 239 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

   13.Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан галт зэвсэг гэдэгт амьд биеийг алж устгах, гэмтээх чадалтай /өөр ямар нэгэн зориулалтгүй/ бүх төрлийн их бага калибрын буунуудаас гадна гар хийцийн буу орно. Хутга болон хүйтэн зэвсэг гэдэгт бүх төрлийн хутга, жад сэлэм зэрэг цоолох, хэрчих, гэмтэл учруулж чадах бусад төрлийн зэвсэг хамаарна.

   14.Хүний биед гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн зүйл гэдэгт танхайрах гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэх зорилгоор олж бэлтгэсэн буюу засаж тохируулсан зодооны хэрэгслүүд, хүний биед гэмтэл учруулах чадалтай шингэн, нунтаг, хийн болон бусад химийн бодисууд хамаарч болно. Харин бусдын биед гэмтэл учруулах зорилгоор тусгайлан олж бэлтгээгүй, шаардлага тохиолдсон үед авч хэрэглэх бодол санаагүйгээр танхайрах явцдаа гартаа дайралдсан зүйлийг хэрэглэснийг тусгайлан бэлтгэсэн зүйл гэж үзэхгүй. Энэ тохиолдолд уг үйлдлийг 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж байгаа практик зүйтэй гэж үзнэ.

   15.Олон нийтийн илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг хийхдээ галт зэвсэг, хутга болон бусад хүйтэн зэвсэг, түүнчлэн хүний биемахбодид гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн зүйлийг "хэрэглэсэн" гэдэгт тэдгээрийг хүний биед гэмтэл учруулахаар хэрэглэснийг хамааруулахаас гадна танхайн үйлдэлдээ хүч оруулах, бусдыг айлган сүрдүүлэх зэргээр хэрэглэснийг нэг адил хамааруулан ойлговол зохино.

   Танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ дээрх "зэвсэг хэрэгслийг" хэрэглэхээр завдсан гэдэгт танхайрах үйлдлийн явцад уг зүйлийг хэрэглэж, бусдыг биед гэмтэл учруулах,айлган сүрдүүлэх гэсэн шууд санаагаа өөрийн хүсэл зориг, бололцооноос үл хамаарах шалтгаанаас туйлд нь хүргэж чадаагүй байдлыг ойлгох нь зүйтэй. Жишээ нь, гэмт этгээдийн зэвсэг, бусад зүйлийг булааж авсан, цохиж алдуулсан зэрэг байж болно (Энэ заалтыг Улсын Дээд Шүүхийн бүгд хурлын 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 37-р тогтоолоор өөрчлөн найруулсан).

   16.Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинжүүд,түүнчлэн хэрэг үйлдсэн орон цаг, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой.

      а/ гэмт этгээд олон нийтийг илтэд хүндэтгэн үзэхгүй, нийгмийн хэв журмыг бүдүүлэг зөрчиж байна гэдгээ ухамсарлан, энэ үйлдлээс учирч болох хор уршгийг мэдсэн атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүссэн байдаг буюу хүсээгүй ч гэсэн тийм байдалд хүргэж болохыг ойлгож байдаг.

      б/ танхайрах сэдэлт нь гэмт этгээд ямар ч шалтгаангүй эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу байдлаа харуулах гэж ичгүүр сонжуургүй, догшин хэрцгий авирлаж хүч хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр нийгмийн дотор тогтсон дэг журам, ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үлд хүндэтгэсэн санаатай үйлдлийн бодит илрэл юм.

      в/ тодорхой сэдэлттэй тухайлбал хувийн тохиромжгүй харилцаанаас буюу хохирогчийн зүй бус ажиллагаанаас өөр хоорондоо хэрэлдэж зодолдсон, доромжилсон, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчөөгүй байвал иргэдийн амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр алдарт харшилсан гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр хариуцлага хүлээлгэнэ.

   17.Танхайрах явцдаа бусдыг санаатай алсан бол эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийг давхар хэрэглэхгүйгээр мөн хуулийн 86 дугаар зүйлийн "б" болон бусад тохирох хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

   Харин танхайрах явцдаа бусдын бие мах бодид хүнд гэмтэл учруулсан нөхцөлд Эрүүгийн хуулийн 90, 239 дүгээр зүйлийг давхар хэрэглэн аль тохирох хэсгээр нь зүйлчлэн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

   Насанд хүрээгүй хүмүүсийг танхайрах гэмт хэрэгт уруу татан оролцуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 241 дүгээр зүйлийг давхар хэрэглэж нийлмэл гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

   18.Шүүх танхайн хэргийг таслан шийдвэрлэхдээ танхайрлын улмаас иргэдийн эд хөрөнгийг устгасан буюу биед нь гэмтэл учруулж хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар алдуулснаас учирсан материалын хохирлыг хэргийн хамт нэг мөр шийдвэрлэж байхаас гадна нийгмийн даатгалаас буюу албан байгууллагаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан хохирогчид өгсөн тэтгэмжийн хэмжээгээр шүүхэд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлан өгч байх нь зүйтэй.

   19.Энэ тогтоол гарсантай холбогдуулж "Танхайрагчид, нийгмийн хэв журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 3 дугаар сарын 25-ны 111 дүгээр зарлигийг шүүхийн практикт хэрэглэх тухай" Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлын 1974 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/9 дүгээр тогтоолын 10, 11-ээс бусад заалтыг хүчингүй болгосугай.

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЕНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ