A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ / Энэ тогтоолыг УДШ-ийн 2010-04-26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1996 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

                                                                             ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
                                                                           / Энэ тогтоолыг УДШ-ийн 2010-04-26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн зарим зүйлийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дугаар заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалтын "Төрийн өмчийн үйлдвэрийн газрын захиргааны албан тушаал" гэдэгт төрийн өмчийн буюу төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дугаар заалт, 85 дугаар зүйлийн дагуу томилогдсон захирал, гүйцэтгэх захирал Төрийн өмчийн хороо буюу эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон захиргааны албан тушаал хамаарна.

2.Энэ тогтоолын 1-р зүйлд заасан төрийн өмчийн үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалд Нөхөрлөл, компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулахаас өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан улсын үйлдвэрийн газарт Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5 дахь хэсгийн 3 дугаар заалтын дагуу томилогдсон дарга, захиргааны гишүүд, түүнчлэн Өмч хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлагдахаас өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан улсын үйлдвэрийн газрын захиргааны гишүүдийн албан тушаал нэгэн адил хамаарна.

3.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 87 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 143, 144 дүгээр зүйл, Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төрийн өмчийн оролцоотой компаний хувьд төрийн өмчийн оролцоотой хувь тэнцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хянан шалгагчийг төрийн эрх бүхий бүх байгууллагаас томилох эрх олгохоор дүрэмд заана" гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Төрийн өмчийн төлөөлөгч нь энэ хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан агентлагийн өөрийн төлөөлөгч, эсхүл өөр байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч байна" гэж тус тус тодорхойлсон, өөрөөр хэлбэл энэ хуульд Төрийн албаны хуулиас өөрөөр заасан тул Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дугаар заалтын "хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн нэгдлийн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх"-ыг хориглосон заалт нь төрийн өмчит буюу төрийн өмчийн оролцоотой бүх төрлийн аж ахуйн нэгжид хамаарахгүй.

4.Төрийн албаны тухай хуулийн энэ зүйл, хэсэг, заалтын "хувь нийлүүлсэн гэдэг"-т эд хөрөнгө, хөдөлмөрөө хоршиж нэгтгэсэн бүх төрлийн нөхөрлөл, компани, хоршоо, үйлдвэрийн газар, түүний дотор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг хамааруулан ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ДАНЗАНДОРЖ
Б.ЦОГНЯМ