- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛ МАГАДЛАЛЫГ ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛААС ХЯНАХ ЖУРМЫН ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1991 оны 04 сарын 20
№ 33
Улаанбаатар хот
Хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хянах тухай БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар бүлгийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:
1.Хэргийн үндсэн нотлох баримт болсон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, түүнчлэн орчуулагчийн орчуулга санаатай худал байсан, мөн эд мөрийн баримт болон мөрдөн байцаалт шүүхийн ажиллагааны протоколыг зориуд хуурамчаар үйлдсэн, уг хэргийг мөрдөн байцаасан болон шийдвэрлэсэн албан тушаалтан эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашиглаж хууль бус, үндэслэлгүй таслан шийдвэрлэх тогтоол, магадлал гаргасан болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдсон, түүнчлэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан бөгөөд шийтгүүлсэн этгээдийн гэм буруугүйг эсхүл үйлдсэн хэрэг нь түүний шийтгүүлсэн хэргээс хөнгөн буюу хүнд болохыг, эсхүл цагаатгагдсан буюу хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээд гэм буруутайг нотолсон учир байдлыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж ойлговол зохино.
2.Шинээр илэрсэн нөхцөл байдал хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдсон байна гэдэг нь /ЭБШ хуулийн 374 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг/ гэрч нар санаатай худал мэдүүлсэн, шинжээч санаатай худал дүгнэлт гаргасан, орчуулагч санаатай худал орчуулсан, эд мөрийн баримт зохиомлоор бүрдүүлсэн, мөрдөн байцаалтын буюу шүүхийн ажиллагааны протоколыг санаатай хуурамчаар үйлдсэн этгээд болон эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласан мөрдөн байцаагч, шүүгчийн гэм буруу нь тогтоогдсон тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх явдал мөн.
Хэрэв хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаас сэргээх, хөөн хэлэлцэх. хугацаа өнгөрсөн, уг хэрэгт өршөөл үзүүлсэн, гэм буруутай этгээд нас барсан зэргээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болсон бол тэдний гэм бурууг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 377 дугаар зүйлд заасан журмаар мөрдөж тогтоосон байвал зохино.
3.Шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан учир байдал гэдэгт /ЭБШ хуулийн 374 -р зүйлийн дэх хэсэг/ ял шийтгэгдсэн этгээд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол магадлал, хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлийн зарим хэсэг нь илрээгүй байсан, уг хэргийг өөр хүн үйлдсэн, нас барсан гэгдэж байсан этгээд амьд байгаа, шийтгүүлсэн этгээд нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан эсхүл хэрэг хариуцах чадвартай гэж шийтгүүлсэн этгээд хэрэг хариуцах чадваргүй байсан, түүнчлэн цагаатгагдсан, хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээд гэм буруутай болох нь тогтоогдсон зэрэг учир байдал илэрч тэр нь мөрдөн байцаалтаар нотлогдсон байхыг хэлнэ.
4.Хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас зөвхөн прокурорын дүгнэлтээр шүүх хянан шийдвэрлэнэ.
5.Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан /ЭБШ- хуулийн 374 -р зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг/ шинээр илэрсэн нөхцөл байдал нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдоогүй тохиолдолд мөрдөн байцаалтын материалыг үндэслэн бичиж прокурорын дүгнэлт нь уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаас шүүхэд хэлэлцэх үндэс болж чадахгүй. Харин энэ тогтоолын 3-д дурдсан /ЭБШ хуулийн 374 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/ шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан шинэ нөхцөл байдал илэрч тэр нь өмнөх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх, шийтгүүлсэн этгээд уг хэргийг үйлдээгүйг буюу цагаатгагдсан болон хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээд гэм буруутай болохыг нотолсон бол уг хэргийг сэргээх тухай мөрдөн байцаалтын материалыг үндэслэн бичсэн прокурорын дүгнэлт нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэх үндэс болно.
6.Шийтгүүлсэн этгээд таслан шийдвэрлэх тогтоол, магадлал гарахын өмнө өөр бие даасан гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шийтгүүлсэн хэргийн зарим үйлдэл нь илрээгүй байсан нь таслан шийдвэрлэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсны дараа шинээр илэрч тэр нь өмнөх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байвал уг хэргийг тусад нь ердийн журмаар мөрдөн байцааж, шүүх Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан таслан шийдвэрлэнэ. Хэрэв нэг таслан шийдвэрлэх тогтоол, магадлалаар шийдвэрлэгдэх ёстой байсан хэргийн зарим үйлдэл таслан шийдвэрлэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсны дараа илэрсэн бөгөөд урьд шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байвал таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хүчингүй болгохгүйгээр мөрдөн байцаалт явуулж түрүүчийн шийдвэрлэсэн хэргийн зүйл, хэсгээр ял төлөвлөн хэлэлцэж шийдвэрлэж байвал зохино. Энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн нэг таслан шийдвэрлэх тогтоол, магадлалаар шийтгүүлсэнд тооцно.
7.Цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, оногдуулсан ял хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй явдал нь уг хэргийг мөрдөн байцаасан буюу шүүн тасалсан албан тушаалтан эрх хэмжээ, албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай холбоогүй бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхгүй бөгөөд тийм тохиолдол нь тухайн хэргийг хуульд заасан ердийн журмаар дахин хянах үндэс болж болно.
8.Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрснээс таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хянан үзэх нь шийтгэгдсэн этгээдэд ашигтай байвал хөөн хэлэлцэх хугацаа харгалзахгүй бөгөөд хэрэв шийтгэгдсэн болон цагаатгагдсан буюу хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээдийн байдлыг дордуулахаар байвал зөвхөн Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааны дотор,тэгэхдээ шинэ нөхцөл байдал илэрснээс хойш нэг жил өнгөрөөгүй бол хэргийг сэргээх тухай прокурорын дүгнэлтийг шүүхэд хэлэлцэж болно.
9.Шинэ нөхцөл байдал илэрсэн хугацааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 374 дүгээр зүйлийн 1, 2, 3-д заасан үндэслэлийн хувьд өмнөх таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хууль бус гэж тогтоосон таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 374 дүгээр зүйлийн 4-д заасан үндэслэлийн хувьд шинэ нөхцөл байдал илэрсэн тухай өргөдөл, мэдээллийг прокурорын газарт хүлээн авсан өдрөөс эхлэн тоолно.
Гэм буруутай этгээд Эрүүгийн хуульд зааснаар 2 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг шинээр үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасарч сүүлийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс шинээр эхлэн тоолно.
Гэм буруутай этгээд мөрдөн байцаалт болон шүүхээс оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсоогдож түүний албадан саатуулсан буюу хэргээ илчлэн ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн үргэлжлүүлэн тоолно.
Гэм буруутай этгээд эрүүгийн хуульд зааснаар хорихоос өөр төрлийн ял буюу 2 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй гэмт хэрэг шинээр үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах буюу зогсоохгүй өмнөх хэргийн хамт зэрэгцэн тоологдоно.
10.Хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянах ажиллагааг уг хэргийн талаар эцсийн шийдвэр гаргасан дээд шатны шүүх гүйцэтгэнэ. Уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар урьд хянан хэлэлцсэн явдал түүнийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар дээд шатны шүүх хянан хэлэлцэхэд саад болохгүй.
11.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцсэн шүүх таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож уг хэрэгт шинээр мөрдөн байцаалт хийлгэх буюу шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол магадлалыг хэвээр үлдээж прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.
12.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас таслан шийдвэрлэх тогтоол, магадлал хүчингүй болсны дараа хэргийн мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар явуулна.
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ТӨРБАТ, Ц.ШАРАВДОРЖ
Текст томруулах
A
A
A
