A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ, ЦААШИД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1988 оны 12 сарын 27-ны өдөр

№ 33

Улаанбаатар хот


ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ, ЦААШИД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

   Хүний амь бие, эрүүл мэндэд хууль бусаар халдаж гэм хор учруулах нь нийгэмд нэн аюултай гэмт хэрэг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй шийдвэртэй тэмцэх нь шүүн таслах байгууллагын гол зорилтын нэг мөн.

   Шүүхийн практикийг сүүлийн 5 жилээр судлан дүгнэхэд шүүхүүд энэ төрлийн хэргийг үндсэндээ хуулийн дагуу зөв шийдвэрлэж байна. Гэвч зарим тохиолдолд хэргийг буруу зүйлчлэх, хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлэх, объектив, субъектив талын бодит байдал, онцлогийг нарийвчлан тогтоохгүй байх, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд зөв дүгнэлт хийхгүй дутуу мөчид хандах, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгааныг тодорхой тогтоохгүй орхигдуулах зэрэг зөрчил гарч байгаагийн дээр ялыг хэт хүндрүүлэх буюу хөнгөрүүлэх байдлаар алдах явдал арилаагүй байна.

   Энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүх талаас нь зөв тодорхойлохгүй, тухайлбал, бусдын амь хохирсон хор уршиг, гэмт үйлдэл хоёрын шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгыг шүүх, мөрдөн байцаах байгууллага бодитой нотлон тогтоож чадахгүй байгаагаас бусдыг шууд бус санаатай алах, санаатайгаар хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах, бусдыг болгоомжгүй алах гэмт хэргүүдийг онцлог шинж байдлаар нь ялгаж зөв зүйлчлэхгүй алдах явдал гарч байна.

   Нөгөө талаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алсан хэргийг ийм нөхцөл байдалгүйгээр бусдыг алсан гэмт хэргээс ялган зааглахдаа ч алдах явдал байсаар байна.

   Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд эрүүгийн хуулийн заалт, шаардлагыг нэг мөр, зөв хэрэгжүүлж нэгдмэл практик тогтоох нь мөрдөн байцаах, шүүн таслах байгууллагын үйл ажиллагааны тулгамдсан асуудлын нэг болж буйг тэмдэглэж Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:

   УДШ-ийн 1993 оны 44-р тогтоолоор хүчингүй болгосон.

   5.Эрүүгийн хуулийн 87, 91, 95 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус ажиллагаанаас гэм буруутай этгээд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсанаас өөрийнхөө үйл ажиллагаанд хяналт тавих боломж алдсан сэтгэлийн онцлог цочролын үед үйлдэгдэнэ. Энэ төрлийн хэрэг нь гэмт этгээд хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл хохирогчийн хууль бус бусад үйлдлээс болж өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан буюу учирч болох байснаас санаа сэтгэл нь хоромхон зуур гэнэт хүчтэй цочрон давчдаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдсанаас өөрийгөө буюу бусдыг хамгаалж санаатай хийсэн үйлдлээр илэрнэ.

   Хүндээр доромжлох гэдэгт хүн гэсэн нэр алдрыг нь амаар буюу бичгээр ноцтой гутаасан, түүнчлэн яс үндэсний онцлог, бие эрхтний  гажиг, зохисгүй байдал, өвчин эмгэгээр нь хочилж илтээр тохуурхан доромжилсон зэрэг үйлдлийг хамааруулж ойлгоно.

   Хүчээр дарлах гэдэгт хүч хэрэглэж бусдын бие эрхтэнд халдан зодож гэмтэл учруулах, айлган сүрдүүлж санаа сэтгэл, эд материал, ахуйн талаар хүчтэй дарамт үзүүлэх, хүч чадлаар давамгайлж дээрэлэх зэргийг ойлгоно.  

   6.Мөн хуулийн 88 дугаар зүйлд заасан "бусдыг болгоомжгүй алах" гэдэг нь уг этгээд тодорхой үйлдэл хийхдээ түүнээс болж хүний амь хохирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, тийм боломжтой байсан боловч мэдээгүй, хайхрамжгүй хандсан, эсвэл урьдчилан мэдсэн боловч тийм хор аюулыг зайлуулж болно гэж хөнгөмсгөөр найдсанаас уг үйлдлээс учирч болох хор аюулд хүргэж бусдын амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл байна.

   Шууд бус санаатайгаар бусдыг алах гэмт хэргийн үед хохирогчийг үхэж болно гэдгийг мэдсээр байж санаатайгаар тийм үр дагаварт хүргэдэг. 

   7.Эрүүгийн хуулийн 89, 93, 97 дугаар зүйлд заасан аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдыг алах, хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг шийдвэрлэхдээ хамгаалалт, халдлага хоёрын хүчний харьцаа, шинж чанар, хугацааг олон талаас нь нарийвчлан тогтоосон байхыг онцгой анхаарвал зохино. "Хамгаалалт" яг халдлага, довтолгооны үед биш, довтолгоо өнгөрсөн хойно хийгдсэн бол аргагүй хамгаалалтын шинж чанар алдагдана. Аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлсэн гэдгийг ойлгохдоо хамгаалсан үйлдлийн арга, шинж нь довтолгооны шинж, аюулаас илтэд давсан байна гэж үзвэл зохино.

   8.Бусдыг санаатай алах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш хүн хамтран үйлдсэн нөхцөлд уг хэрэгт хамтран оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүргийг нарийн тогтоохыг чухалчлахын дээр хамтарч гүйцэтгэгч биш хамтран оролцох /зохион байгуулагч, хатгагч, хамжигч/ хэлбэрээр оролцсон этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлахын гадна хүн бүрийн үйлдэл, гэм буруугийн онцлогт тохируулан ялын төрөл, хэмжээг зөв сонгон хэрэглэх ёстой.

   9.Бусдыг санаатайгаар алсан гэмт хэргийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн этгээдэд цаазаар авах онцгой ял оногдуулах эсэхийг шийдэхдээ уг хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж болон хэрэгтний хувийн байдалд тал бүрээс нь дүн шинжилгээ хийсэн үндсэн дээр үнэхээр онцгой тохиолдолд энэ ялыг хэрэглэж тухайн үндэслэлийг таслан шийдвэрлэх тогтоолд заавал зааж байвал зохино.

   Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шийтгэгдэж байгаа этгээдэд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан оногдуулна (Энэ заалтыг Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

   10.Хүний амины эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхдээ хэргийн тодорхой нөхцөл байдлыг тогтоохын зэрэгцээ уг хэргийг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааныг заавал илрүүлж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодитой арга хэмжээг авч ажиллахад онцгой анхаарвал зохино.

   11.Хүний амины хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүний хэргийг шийдвэрлэхдээ энэ талаарх ЭБШ хуулийн заалт шаардлагыг биелүүлэн, шүүгдэгчийн насны талаар эргэлзээтэй байвал орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас насны тодорхойлолтыг авч бусад нотлох баримтаар бататган нотолж байх нь зүйтэй.

   Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн хүний амины хэргийг таслан шийдвэрлэхдээ шүүх хуралд шүүгдэгчийн эцэг, эх буюу хууль ёсны төлөөлөгчийг заавал оролцуулах тухай ЭБШ хуулийн заалтыг чанд хандаж байвал зохино.

   Тав.Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаар

   1.Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдийг зүйлчлэх асуудлыг шийдвэрлэхэд гэмтлийн зэрэг, хөдөлмөрийн чадвар алдалтын байдалд мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг заавал гаргуулж шийдвэрлэж байх шаардлагатай бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг уг хэргийн бусад нөхцөлд байдлуудтай харьцуулан өөрийн дотоод итгэлээр үнэлэх зарчмыг хатуу баримталж ажилласугай.

   2.Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлд заасан хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах нь:  а/бусдын амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан, өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан гэмтэл нь мөн чанарын хувьд анх учирсан үедээ эмнэлгийн тусламж үзүүлээгүй бол хохирогчийн үхлээр төгсөж болох байсан бөгөөд гэмт буруут этгээд түүнийг алъя гэсэн санаагүй байх, б/учирсан гэмтэл нь амь биед нь аюултай биш ч гэсэн хуульд заасан хүнд гэмтлүүдийн аль нэг нь байх, в/хохирогчийн эрүүл мэндийг сарниулан түүний хөдөлмөрийн ерөнхий чадварын гуравны нэгээс доошгүйг удаан хугацаагаар алдагдуулсан шинжүүдээр илэрнэ. 

   3.Хүнд гэмтэл учруулсны (90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг) улмаас хохирогч нас барсан гэдэг нь гэмт этгээд санаа бодлын хувьд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах гэсэн шууд буюу шууд бус санаатай байсан боловч түүнийг алъя гэсэн ямар нэг санаа /шууд буюу шууд бус/ байгаагүй үед хүнд гэмтэл учруулж түүнээс болж хохирогч нас барсныг хэлнэ.

   4.Мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт этгээдийн үйлдэл зовоон тарчлаах шинжтэй гэдэгт хохирогчид олон удаагийн гэмтлүүд учруулах замаар буюу гэмтэл учруулахын тулд онц хүчтэй өвдөлт үүсгэх, сэтгэл санааны зовлонд оруулан шаналгах, байнга буюу тодорхой хэсэг хугацаанд дааруулах, халаах, өлсгөж цангаах зэрэг зориуд санаатай хийсэн үйлдлүүдийг ойлгоно.

   Гэмт этгээд өөрийн мэргэжил болон туршлагыг ашиглаж бусдыг удаан хугацаагаар зовоон тарчлааж хүнд гэмтэл зориуд учруулбал уг гэмтэл нь учруулсан эхний үед зовоон тарчлах шинжгүй байсан ч гэсэн гэмт этгээдийн санаа зорилго, түүнийг хэрэгжүүлсний эцэст буй болсон хор уршгийн байдлыг харгалзан үзэж "зовоон тарчлаасан" гэдэг шинжид хамааруулан үзэж болно.

   5.Эрүүгийн хуулийн 90, 94, 98 дугаар зүйлд заасан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг нь хүмүүсийн хоорондын хувийн харьцаанаас үүсэж, тодорхой хүний эсрэг чиглэсэн үйлдэл байдаг учир мөн хуулийн 239 дүгээр зүйл (танхайрах)-д заасан гэмт хэргээс үйлдсэн газар, цаг, нөхцөл, гэм буруугийн сэдэлтүүдээр ялгагдана.

   6.Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан "байнга зодох" гэдэгт гэм буруутай этгээд тодорхой нэг хохирогчийг байнгын шинжтэй, хэвшил маягтай гурав ба түүнээс олон удаа зодсон үйлдлийг ойлгох нь зүйтэй.

   "тарчлаах шинжтэй" бусад үйлдэл гэдэгт хоол унд өгөхгүй өлсгөж цангаах, хүйтэн байранд түгжих, хүлэх, чимхэх, хазах зэрэг хүний бие эрхтэн, сэтгэл санааны хувьд зовоосон үйлдэл хамрагдана.

   Нэг хүнийг хэд хэд дахин зодсон боловч энэ нь байнга зодох гэсэн үргэлжилсэн санаагүй бол байнга зодсон гэж үзэж болохгүй учир давтан үйлдэлд хамааруулна.

   Олон хүний эрх чөлөөнд халдаж халдаж зодох хэргийг үйлдсэн этгээдийн санаа нь нэг хохирогчийг байнга зодоход чиглээгүй байдаг учраас давтан үйлдэл болдог тул хэргийг эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилнэ.

   Хэд хэдэн гэмтлийн янз бүрийн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан бол хохирогч тус бүрт учруулсан гэмтлийн байдлыг харгалзан алт тохирох зүйл, хэсгээр хариуцлага хүлээнэ. 
 

   7.Хүний амь хохироосон, бие махбодид гэмтэл учруулсны улмаас бусдад учирсан эд материалын хохирлыг нэхэмжлэл гарсан, нотлох баримт нь цугларсан нөхцөлд эрүүгийн хэрэгтэй нь хамтруулан шийдвэрлэж, гэм буруутай этгээдээр хариуцуулан төлүүлж байх нь зүйтэй (Энэ хэсгийг Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ