A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1988 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

№ 34

Улаанбаатар хот

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМАСУУДАЛ, ЦААШИД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙН ТАЛААР

   БНМАУ-ын Эрүүгийн хуульд бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалттай холбогдсон гол гол асуудлыг авч үзэж хуульчлан тогтоохдоо урьд нь гэмт хэрэг гэж үздэггүй байсан хэд хэдэн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон шинэ зүйл, хэсгүүд нэмж бүхэлд нь бие даасан бүлэг бий болгосон нь энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг зөв тогтоож зохистой шийдвэрлэхэд шүүх анхаарах ёстой болж байна.

   Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ойлголт, энэ талаархи хуулийн заалтыг мөрдөн байцаах, шүүн таслах ажлын практикт нэгдмэл ойлгож зөв хэрэгжүүлэх зорилгоор БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг мөрдөн байцаах, таслан шийдвэрлэх ажлын чанар, үр нөлөөг эрс дээшлүүлж, мөрдөн байцаалт, шүүхийн практикийг нэгтгэн судлах замаар энэ төрлийн гэмт хэргийг хуулийн дагуу зөв, шуурхай шийдвэрлэж түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг мөрдөн байцаах байгууллага, нийт шүүхэд заасугай.

   2.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь нийгэм, иргэдэд бага бус хэмжээний материаллаг хохирол, иргэдийн амь бие, эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулдаг учир мөрдөн байцаах байгууллага, шүүх хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг илрүүлэн арилгуулах, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж жолооч нарын хувийн сахилга, ажлын хариуцлагыг эрс дээшлүүлэхэд мөрдөн байцаагчийн мэдэгдэл, шүүхийн энгийн магадлалын хүчийг чадмаг ашиглан ажиллахыг анхааруулсугай.

   3.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг алив гэмт хэрэг үйлдэгчдэд шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаархи дүрэм, журмыг зөрчсөн зөрчлийн шинж чанар, гэмт этгээдийн хувийн байдал, хохирогчид үзүүлсэн сэтгэл санааны болон материаллаг туслалцааны байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг нарийн харгалзан үзэж үндсэн болон нэмэгдэл ялыг туйлын зохимжтой тохируулан оногдуулж байвал зохино.

   4.Эрүүгийн хуулийн 260, 262, 263, 264, 265, 286 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн субъектив тал нь гагцхүү гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илэрнэ.

   Хэрэв бусдын амь насыг санаатай хохироох, эрүүл мэндэд гэмтэл учруулах, улсын болон иргэдийн эд хөрөнгийг устгаж гэмтээх зорилгоо хэрэгжүүлэхдээ гэмт этгээд тээврийн хэрэгслийг зэвсэг, хэрэгсэл болгож ашигласан бол хор уршгийн байдлыг харгалзан иргэдийн амь бие, эрүүл мэндийн буюу социалист болон иргэдийн амины өмчийн эсрэг гэмт хэргийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ.

   5.Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн бие махбодид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байвал зохино. Харин шалбарсан, хөхөрсөн, зурагдсан гэх зэргээр хөдөлмөрийн чадварт ямар нэг хэмжээгээр нөлөөлөөгүй хөнгөн гэмтэл учирсан тохиолдолд зөрчлийн шинж чанарыг харгалзан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүх осол гаргасан гэм буруутныг Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Эрүүгийн хуулийн 285 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гэмтэл"-ийг мөн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн буюу хүндэвтэр гэмтэлтэй адилтгаж ойлгох нь зүйтэй (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан).

   6.Мөн зүйл, хэсгийн эд материалын бага бус хохирол гэдэгт хэргийн улмаас учирсан шууд хохирол нь мөнгөн илэрхийлэлд оруулснаар 600000 /зургаан зуун мянга/ төгрөгнөөс дээш байхыг ойлгоно (Энэ хэсэгт Улсын Дээд Шүүхийн1997 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар тогтоол, 2000 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 218 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт оруулсан).

   7.Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн тайлбарын "бусад өөрөө явагч машин" гэдэгт эксковатор, грейдер, автокран, автопогрузчик, комбайн гэх мэт зам, барилга, ХАА-н болон тусгай зориулалт бүхий бусад машин механизмууд орно.

   8.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд зөвхөн хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хэрэв уг этгээд хэдийгээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан боловч өөр тодорхой нэг ажил үйлдвэрлэл явуулах дүрэм, заавар болон хөдөлмөр хамгааллын журам зөрчиж аюул учруулсан байвал энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болохгүй учир уг үйлдлийг эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.

   9.Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан хохирол учруулбал аль хүнд ялтай хэсгээр нь зүйлчилнэ. Харин өөр өөр цаг хугацаанд хоорондоо уялдаа холбоогүй зөрчлийн улмаас нэг зүйлийн гэмт хэргийн хэд хэдэн бүрэлдэхүүнийг буй болгосон бол хэсэг тус бүрээр давхар зүйлчилж нийлмэл хэргээр хариуцлага хүлээлгэнэ.

   10.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчийн биед гэмтэл учирсан буюу түүнд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсныг мэдсээр байж тусламж үзүүлээгүй зориуд орхисон бол Эрүүгийн хуулийн 109-р зүйлийн тохирох хэсгээр эрүүгийн хариуцлага давхар хүлээлгэнэ.

   11.Тээврийн хэрэгслийг согтуу үедээ жолоодож захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсанаас хойш нэг жилийн дотор дахин тийм зөрчил гаргасан бол урьд ямар төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан буюу жолоодож байсныг үл харгалзан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэдэгт архи, дарс, пиво, айраг зэрэг согтууруулах ундаа хэрэглэснийг ойлгоно. Үүнээс гадна мансууруулах бодис хэрэглэсэн нь нэг адил хамаарна. Уг этгээдийн хэрэглэсэн согтууруулах буюу мансууруулах зүйлийн хэмжээ хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй боловч ялыг гэм бурууг харгалзан ялгамжтай оногдуулах зорилгын үүднээс согтуурлын хэр хэмжээг зөв тогтоож байх нь зүйтэй.

   12."Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд" гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй байсан этгээдээс гадна тээврийн хэрэгслэл жолоодох эрхийн үнэмлэх зөвшөөрөлгүй, түүнчлэн жолоочийн үнэмлэхээ зохих ёсоор аваагүй, мөн шүүхийн тогтоолоор болон захиргааны шийтгэлийн журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй зэрэг хүмүүсийг хамааруулан ойлгоно.

   Харин хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу урх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүнд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 263-р зүйлээр хариуцлага хүлээлгэхгүй. 

   13.Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт урьд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйл, 285 дугаар зүйлээр ял шийтгүүлж эрхээ хасуулсан этгээд дараа нь дахин согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж захиргааны арга хэмжээ авна.

   Харин тээврийн хэрэгслийг согтуу үедээ жолоодсон хэрэгт захиргааны арга хэмжээ авагдсан этгээд нэг жилийн дотор дахин согтуу үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж Эрүүгийн хуулийн 260, 285-р зүйлүүдэд заасан хор уршиг учруулбал түүний үйлдлийг 261-р зүйлээр давхар зүйлчлэхгүй.

   14.Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйлд заасан "тээврийн хэрэгслийн ашиглалтын журам бусад хэлбэрээр зөрчсөн" гэдгийг тээврийн талаар дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм зааврыг үндэслэн мөрдөн байцаах байгууллага, шүүх тогтоох бөгөөд энэ хэргийн субъект нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих буюу ашиглалт хариуцсан хүмүүс байна. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл эрхээ хасуулсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг дур мэдэн зөвшөөрөх, жолоочийн ажиллах нөхцөл журмыг илт зөрчсөн үйлдлүүд байна. Үүнд илт бүрэн биш, эвдэрхий тээврийн хэрэгслийг ажилд гаргасан, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг ноцтой зөрчсөн үйлдлүүд нь уг хэргийн улмаас учирсан /Эрүүгийн хуулийн 260, 285 дугаар зүйлд заасан хор уршиг/ хор уршигтай шууд шалтгаант холбоотой байх бөгөөд гэм буруутай албан тушаалтан энэ талаар урьдчилан мэдэх ёстой, тийм боломжтой байсан атлаа уг хор аюулын талаар мэдээгүй буюу түүнийг гарахгүй байх гэж хөнгөн хайнга хандсан байдал хамаарна.

   15.Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн субъект нь тээврийн талаар дагаж мөрдөж байгаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах журам зөрчсөн тээврийн байгууллагын ажилтан төдийгүй, 16 насанд хүрсэн явган зорчигч, унадаг дугуйтай хүн, ердийн хөсөг жолоодогч, цана, тэшүүрээр зорчигчид, авто техникийн байцаагч, зохицуулагч зэрэг Эрүүгийн 260, 261, 263, 265, 266, 285 дугаар зүйлд заагдаагүй бусад этгээдүүд байж болохыг тайлбарласугай.

   16.Эрүүгийн хуулийн 264, 265, 285 дугаар зүйлд заасан "хүнд хор уршиг" гэдгийг улс, нийгмийн болон иргэдийн өмч хөрөнгөнд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, уг осол, аваараас болж зам, тээврийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа удаан хугацаагаар саатсан, олон хүний амьдрал, ажил төрлийн хувьд хүнд байдалд оруулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад ихээхэн зардал чирэгдэл гарахад хүргэсэн зэрэг байдлыг ойлгохоос гадна бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсныг нэг адил ойлговол зохино.

   17.Энэ төрлийн хэргийг шийдэхдээ орчин тойрондоо аюултай зүйл болох тээврийн хэрэгслийг эзэмшигч байгууллага, иргэдийг БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 53 дугаар зүйлд зааснаар гуравдахь этгээдээр татаж шаардлагатай тохиолдолд БНМАУ-ын Иргэний хуулийн 320 дугаар зүйлд зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцуулж байх нь зүйтэй.

    Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас улс, иргэдэд учирсан хохирлыг арилгах асуудлыг аль болохоор эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед хамт шийдвэрлэж байвал зохино.

   18.Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1975 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ