- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ХОРШООНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ /УДШ-ийн 2007-06-18-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ХОРШООНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
/УДШ-ийн 2007-06-18-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
1.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын "хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг зөвхөн өөрийн /хоршооны/ эд хөрөнгөөр хариуцна" гэсэн заалтын "хоршооны өөрийн эд хөрөнгө" гэдэгт тухайн хоршооны санхүүгийн данс бүртгэлд байгаа үндсэн болон эргэлтийн эд хөрөнгийн зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд түүний хэмжээг тодорхойлохдоо татварын байгууллагад хамгийн сүүлд гаргасан тайлан тэнцлийг баталгаажуулсан шинжилгээ дүгнэлтийг үндэслэн нийт үндсэн ба эргэлтийн хөрөнгөнөөс бусдад төлөх өр төлбөрийн хэмжээг хассан зөрүүгээр хоршооны өөрийн хөрөнгийн хэмжээг тогтооно.
2.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын "хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна" гэдгийг хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг хариуцах явцад түүний өөрийн эд хөрөнгө нь хүрэлцэхгүй болсон тохиолдолд хоршооныхоо үүрэг өр төлбөрийг гишүүд нөхөж төлнө. Ийнхүү гишүүн нөхөх хариуцлага хүлээхдээ Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хоршооны дүрмээр тогтоосон хэмжээнд гэр бүлийн эд хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгээр хариуцна гэж ойлгож хэрэглэнэ.
3.Мөн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын "гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг дүрмээр зохицуулна" гэдгийг нөхөх хариуцлагын төлбөрийг хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэмжээтэй харьцуулан хязгаарлах эсэх, түүнчлэн хоршоонд хөдөлмөрийн оролцоо, оюуны өмч зэргийг нийлүүлсэн гишүүн нөхөх хариуцлага хүлээх эсэх болон гишүүдийн нөхөх хариуцлага хүлээх талаарх асуудал хоршооны дүрэмд зааснаар зохицуулагдана гэж ойлгоно.
4.Хуулийн 10.1, 23.8, 23.11 дүгээр заалтын "гишүүдийн дийлэнх олонхийн саналаар" гэдгийг хоршооны хуралд оролцогчдын гуравны хоёр буюу 66,6 хувийн саналаар гэж ойлгох бөгөөд харин хуулийн 23.5 дугаарт заасан "дийлэнх олонхи" гэдгийг хоршооны бүх гишүүдийн гуравны хоёр оролцсоноор бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөрт тооцогдоно гэж ойлгож хэрэглэнэ.
5.Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтын "өргөдөл гаргагчид албан ёсоор мэдэгдэж, баримт бичгийг нь буцаана" гэдэг нь хоршоог бүртгүүлэх өргөдөл, түүнд хавсаргасан бичиг баримтыг хүлээн авч бүртгэх ажиллагаа явуулах явцад, ирүүлсэн өргөдөл бичиг баримт хоршооны хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл, бүртгэх байгуулага нь зохих үндэслэлийг тодорхой зааж, бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, уг шийдвэрийг өргөдөл гаргагчид баримт бичгийн хамт буцаан хүргүүлэхийг хэлнэ.
6.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын "хоршоог улсын бүртгэлд бүртгэсэн тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ" гэдэг нь бүртгэх байгууллагаас хоршоог улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай төв, орон нутгийн өдөр тутмын сонин, радио, телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бую унийтэд хүртээлтэй бусад аргаар мэдээлсэн байхыг хэлнэ.
7.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтын "Түүний үйлчилгээг ашиглаж, холбогдох хариуцлагыг хүлээх чадвартай иргэн" гэдэг нь хоршооноос явуулж байгаа үйл ажиллагааг биечлэн дэмжиж, түүний үйлчилгээг өөрийн ахуй амьдралдаа ашиглах талаар хоршооны дүрмээр тогтоосон эрх үүргийг зөвшөөрч уг хоршооны үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээнээс үүссэн үүргийг хоршоонд нийлүүлсэн өд хөрөнгөөрөө болон гэр бүлийн эд хөрөнгийн өөрт оногдох хэсгээр нөхөн төлөх чадвартай, арванзургаан нас хүрсэн хүнийг хамааруулан ойлгоно.
8.Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын "хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан үүргээ зөрчсөн" гэдэгт хоршооны гишүүн нь хоршооны тухай хууль тогтоомжоор болон өөрийн хоршооны дүрэмд заасан заавал биелүүлбэл зохих үүргээ зөрчсөн явдлыг хамааруулна.
9.Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтын "хоршооны гишшүүн өөрийн оруулсан хувь хөрөнгийг бичгээр хийсэн гэрээний дагуу өөр гишүүнд хэдийд ч шилжүүлж болно" гэдгийг хоршооны гишүүн нь өөрийн оруулсан хувь хөрөнгөө бүрэн буюу зарим хэсгийг тухайн хоршооны бусад гишүүддээ бэлэглэх, худалдах, төлбөрт өгөх зэргээр бичгээр гэрээ байгуулах замаар шилжүүлж болно гэж ойлгоно.
10.Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын "өв залгамжлагч нь хоёр түүнээс дээш байвал гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл саналын нэг эрхтэй" гэдгийг хоршооны гишүүн нас барсаны дараа түүний эд хөрөнгийн эрхийг өв залгамжлагч нь хоёроос дээш этгээд байвал тэдгээрийн гишүүнчлэлийн асуудлыг хоршооны бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж,түүнийг бүртгэх байгууллагад бүртгүүлэх хүртэлх хугацаанд саналын нэг эрхтэй байнагэж ойлгож хэрэглэнэ.
1.Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтын "гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно" гэдэг нь хоршооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй саналаар хурал зарласан байх бөгөөд уг саналд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгааныг зааж ээлжит бус хурлыг зарлахад оролцсон гишүүн бүр гарын үсгээ зурсан баримт бичиг гарснаар хурлыг зарласанд тооцно.
12.Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтын "бүх гишүүдийн хурлыг яаралтай зарлан хуралдуулна" гэдэг нь хоршооны тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулахгүй байна гэсэн үндэслэлээр бүх гишүүдийн хурлыг хяналтын зөвлөлөөс зарласан болон бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай гишүүдийн саналаар тавигдсан шаардлагыг биелүүлээгүй буюу саатуулсан тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүдийг өөрчлөх эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулахыг хэлнэ.
Бүх гишүүдийн яаралтай зарлан хуралдуулсан хурал нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу хоршооны гишүүдийн дийлэнх олонх хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно гэж ойлгож хэрэглэнэ.
13.Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын "Тэргүүлэгчид хоршоог төлөөлөх эрхийг тэдгээрийн олонхийн саналаар хэрэгжүүлнэ" гэдэг нь тэргүүлэгчид хоршоог төлөөлөх эрхийг хэрэгжүүлэхдээ тэргүүлэгч гишүүдийн 50.1-ээс доошгүй хувийн саналаар албан ёсны шийвэр гаргах замаар гүйцэтгэнэ.
14.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтын "хоршооны хөрөнгөөр төлбөр хийсэн" гэдэг нь хоршооны тэргүүлэгчид нь хууль, дүрэмд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж, хоршооны хариуцвал зохих үүрэг, төлбөрт үл хамаарах зүйлд хоршооны хөрөнгөөр төлбөр хийсэн байхыг хэлнэ.
15.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтын "хоршоог төлбөрийн чадваргүй болгосон буюу дампууруулах үндэслэл бүрдүүлсэн" гэдэгт хоршооны тэргүүлэгчдээс хууль тогтоомж, хоршооны бодитой хохирол учруулж, төлбөрийн чадваргүй болгосон буюу дампууруулах үндэслэлийг бүрдүүлсэн бөгөөд энэ явдалд тэргүүлэгч гишүүд гэм буруутай болох нь тогтоогдсон байхыг хамааруулах ба энэ нь тэргүүлэгчдэд хариуцлага тооцох үндэслэл болно.
16.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалтын "хоршооны хөрөнгөөс зээл олгосон" гэдгийг хоршооны тэргүүлэгчид нь хууль болон тухай хоршооны дүрэмд заасан үндэслэлгүйгээр хоршооны хөрөнгөөс, хоршооны гишүүн болон бусад этгээдэд зээл олгосон байхыг хамааруулан ойлгох бөгөөд уг зээл эргэж төлөгдөөгүй нөхцөлд зээлээр олгосон мөнгө, эд хөрөнгө болон хохирлыг тэргүүлэгч гишүүд нөхөн төлөх үндэслэл болно.
17.Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтын "хоршоог төлөөлөх итгэмжлэлд гарын үсэг зурна", мөн зүйлийн 31.3 дахь заалтын "гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулах" эрхийг хоршооны дарга хэрэгжүүлэхдээ хоршооны туха йхуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, энэ тогтоолын 13 дахь заалтын дагуу гарсан хоршооны тэргүүлэгчдийн албан ёсны шийдвэрт үндэслэнэ.
18.Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтын "хууль, дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан" гэдэгт хоршоо нь Хоршооны тухай хууль тогтоомж, өөрийн дүрмээр тодорхойлж улсын бүртгэлд бүртгүүлсэн зорилго, үйл ажиллагааныхаа төрлийг зөрчиж, түүнээс өөр төрлийн үйл ажиллагаа нэг бус удаа буюу байнга эрхлэн явуулсан байхыг ойлгоно.
19.Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтын "хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэсний "удаа дараа зөрчсөн" гэдгийг Монгол улсын хууль, тогтоомжийг хоршоо нь гурав ба түүнээс дээш зөрчсөнийг; "ноцтой зөрчсөн" гэдгийг хоршоо нь эд хөрөнгөө хуурамчаар бүрдүүлсэн,түүний дүрэм, түүгээр тодорхойлсон зорилго Монгол улсын хууль, тогтоомжид нийцээгүй, тусгай зөвшөөрөл шаардлагатай буюу хориотой үйлдвэрлэл үйлчилгээг хууль бусаар эрхэлсэн, тайлан тэнцэл, санхүүгийн бүртгэлээ санаатай будлиантуулж татвараас зайлсхийсэн, хүнсний аюулгүй байдал болон байгаль орчны аюулгүй байдлыг санаатай зөрчсөн буюу хууль, тогтоомжийг бусад хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэд, бусад хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан ба учруулж болох байсан зэргийг ойлгох бөгөөд эдгээр нь хоршоог татан буулгах үндэслэл болж болно.
20.Хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтын "хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүдийн хоршоонд заавал нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ, нөхөх хариуцлагыг нэмэгдүүлж үл болно" гэдгийг хоршоог Хоршооны тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд зааснаар татан буулгах тухай шийдвэр гарсан үеэс хойш гишүүдийн хоршоонд заавал нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ, нөхөх хариуцлагыг ямар нэгэн үндэслэлээр нэмэгдүүлж болохгүй гэж ойлгож хэрэглэнэ.
21.Хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтын "хоршоонд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд ийнхүү нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөлд байгаа бол" гэдэгт татан буугдаж байгаа хоршооноос авах өр төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болон түүний төлөөлөгч нь өвчилсөн, байгалийн гэнэтийн аюул /гал, ус, газар хөдлөлт зэрэг/ халдварт өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон, хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан болон батлан хамгаалахүүргээ гүйцэтгэхээр дайчлагдсан, баривчлагдан хоригдож байгаа болон ял эдэлж байгаа, оршин суугаа газраас өөр газар удаан хугацаагаар явсан зэргээс шалтгаалан нэхэмжлэл гаргаагүй хамааруулах бөгөөд түүнд төлбөл зохих төлбөрийг төлнө.
22.Хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтын "төлбөрийн талаар маргаантай бол тухайн этгээдэд ногдох хэсгийг тусгаарласны дараа үлдсэн хөрнгийг гишүүдэд хуваана" гэдгийг хоршоог татан буулгах явцад түүний харилцагчийн нэхэмжилсэн төлбөрийн талаар маргаантай бол түүнийг шүүх, арбитр шийдвэрлэж,шийдвэр нь хүчин төгөлдөр болох хүртэл тухайн этгээдийн төлбөрийг төлөхөд хүрэлцэх хэсгийг тусгаарласны дараа үлдсэн эд хөрөнгийг гишүүдэд хуваана гэж ойлгоно.
23.Хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь заалтын "эд хөрөнгийг хуваарилахыг хориглох, эсхүл хуваарилах харьцааг өөрөөр тогтоож болно" гэсэн заалтыг хоршоог татан буулгахдаа харилцагч этгээдүүдийн нэхэмжлэл хангах ажиллагаа дууссаны дараа гишүүдэд уг хоршооны үлдсэн эдхөрөнгийг хуваарилахдаа хоршооны жилийн орлогоос хувь хүртэх журам, заавал оруулах болон илүү оруулсан хувь хөрөнгө, хөдөлмөрийн оролцоо, түүний хэлбэр /эд хөрөнгө, бэлэн мөнгө, ажил үйлчилгээ,оюуны өмч/ зэргийг харгалзан зарим гишүүнд эд хөрөнгө хуваарилахыг хориглох буюу хуваарилах харьцааг хоршооны дүрмээр тухайлантогтоосон байж болно гэж ойлгоно.
24.Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтын "хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгө" гэдэгт: Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болоход түүний хөрөнгөнөөс үлдсэн мөнгөн болон биет байдлаар гишүүдэд хуваан олгох боломжгүй хөрөнгө болон эд хөрөнгийн эрх хамаарах бөгөөд түүнийг тодорхой зориулалтаар шилжүүдлэх талаар хоршооны дүрэмд заагаагүй бол хоршооны төв оршиж байсан нийслэл, аймаг, сум дүүргийн /орон нутгийн/ өмчид шилжүүлэхийг хамааруулна.
25.Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2 дахь заалтын "дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол" гэдэгт хоршоо хууль, өөрийн дүрмээр тодорхойлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэн явуулсан байхыг хэлнэ. Энэ тохиолдолд гэм буруутай этгээдэд шүүгч захиргааны шийтгэл оногдуулахдаа дүрэмд зааснаас өөр үйл ажиллагааг хэдэн удаа явуулсан, байнгын шинжтэй эсэхийг үл харгалзан олсон орлогыг хурааж, хоршоог 100000-250000 төгрөг хүртэл торгоно гэж ойлгож хэрэглэнэ.
Энэ үйл ажиллагааны улмаас Хоршооны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтын дагуу хоршоог татан буулгаж байгаа бол түүнийг татан буулгах шийдвэр гаргасан шүүх уг захиргааны шийтгэлийг оногдуулна.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ
Текст томруулах
A
A
A
