
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
/Монгол Улсын Дээд шүүхийн 2007-11-29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.
1.Хуулийн 10.1.1-д заасан "Иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр" гэдэгт эрх зүйн маргаан, захиргааны хэрэг болон эрүүгийн хэргийн хохирол, төлбөрийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэх буюу цагаатгах тогтоол, мөн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, эдгээрээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106.4-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хамаарна.
2.Хуулийн 10.1.3-д заасан "Шүүхээр баталгаажуулсан" гэдгийг эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн арбитрын шийдвэр, гэрээний талууд үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцсоныг батласан нотариатын мэдэгдэх хуудас, мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийтгэвэр, цэргийн анги байгууллагын захирагч / дарга /-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.3-д зааснаар баталгаажуулсан шүүгчийн захирамжийг ойлговол зохино.
3.Хуулийн 10.3-д зааснаар "гүйцэтгэх баримт бичгийг дахин олгох"-доо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188 дугаар зүйлд заасан журмыг баримтлахыг заасугай.
4.Хуулийн 10.1.5-д заасан "Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр" гэдэгт албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч этгээдээс уг албадан дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай энэ хуулийн 48.9-д заасан асуудлуудыг тусгасан, түүний гарын үсэгтэй, бичгээр үйлдсэн баримтыг ойлговол зохино.
5.Хуулийн 12.3-д "… хөрөнгө битүүмжилсэн буюу хураасан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт" гэдэгт шүүхээс гарах шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэх боломжийг хангахын тулд шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэлийг хангах хэмжээгээр хариуцагчийн өөрт нь болон бусдад байгаа эд хөрөнгийг бүгдийг буюу зарим хэсгийг битүүмжлэх, мөн иргэд, хуулийн этгээдийн банкин дахь мөнгөн хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, хариуцагчаас буюу хариуцагчийн эд хөрөнгө түүнчлэн иргэн, хуулийн этгээдээс тодорхой үйл ажиллагаа явуулах тухайлбал эд хөрөнгийг худалдах, бусдад шилжүүлэх, эд хөрөнгийн бусад үүрэг биелүүлэхийг хориглох зэргээр гаргасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоол, шүүгчийн захирамж, түүний дагуу гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн акт, тэмдэглэл болон бусад холбогдох бичгийн баримтууд хамаарна.
6.Хуулийн 15.2.7-д "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон гүйцэтгэх баримт бичгийн талаар гомдол гаргасан нь үндэслэлтэй бол" гэдгийг энэ хуулийн 33.9, 143.1, 143.3-д заасан журмаар төлбөр төлөгч, төлбөр авагч, шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлоор шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүгчийн, харин шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагааны тухай гомдлыг дээд шатны албан тушаалтан хянаж байгаа бол тэдгээрийн албан ёсны бичгээр гаргасан баримтыг үндэслэхийг ойлгосугай.
7.Хуулийн 15.4-т заасан "… мэдэгдэх" гэдэгт Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 15.1, 15.2-т заасан үндэслэл илэрсэн талаар албан ёсны бичгийн хэлбэртэй мэдэгдлийг шүүхэд эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргахыг ойлговол зохино.
8.Хуулийн 16.1.1-д зааснаар "төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал", эсхүл мөн хуулийн 17.1.1-д зааснаар "төлбөр авагч хүсэлт гаргасан" тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан биелэгдээгүй байсан төлбөр, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгасан болон тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан зэрэг үйл ажиллагаануудыг гүйцэтгүүлэхээс бүрэн хэмжээгээр татгалзана гэж ойлговол зохино.
9.Хуулийн 16.1.3-д заасан "… тодорхойлолтоор" гэдгийг энэ тогтоолын 8 дугаар заалтад байгаа хуулийн 16.1.1-ийн "хүсэлтээр" гэсэн ойлголтыг тайлбарласны нэгэн адил ойлгож хэрэглэнэ.
10.Хуулийн 16.1.4-т заасан "төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан" гэдэгт Иргэний хуулийн 24.1-д заасан үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр "нас барсан" гэж зарлагдсан эсхүл нас барсан нь тогтоогдсоныг хамааруулвал зохино.
Мөн заалтын "төлбөр-төлөгч хуулийн этгээд татан буугдсан" гэдэгт хуулийн этгээдийг Иргэний хуулийн 32.1.1- 32.1.5-д заасан үндэслэлээр татан буулгах шийдвэр гарч, татан буулгах комиссын татан буулгах ажиллагаа дуусгавар болж, бүртгэх байгууллага тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд зарласан байхыг ойлгоно.
11.Хуулийн 16.1.6-д заасан "гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсонд тооцогдсон" гэдэгт гүйцэтгэгдсэн болон гүйцэтгэгдээгүй шийдвэр нь /захирамж, шийдвэр, магадлал, тогтоол, нотариатын мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр, цэргийн анги байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, шийтгэвэр/ дээд шатны шүүхийн буюу эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хүчингүй болсныг ойлгоно.
12.Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө авахаас татгалзсан тохиолдолд төлбөр төлөгч уг эд хөрөнгнөөс өөр /борлогдоогүй эд хөрөнгө/ эд хөрөнгөгүй, банкинд мөнгөн хадгаламж болон харилцах дансанд мөнгөн хөрөнгөгүй, орлогогүй болохыг шийдвэр гүйцэтгэгч холбогдох баримтаар тогтоосон бол энэ хуулийн 17.1.2, 39.8, 48.7-д заасны дагуу төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцааж болохыг заасугай.
13.Хуулийн 17.1.3-д заасан "…Төлбөр авагч өөрийн үйлдэл /эс үйлдэхүй/-гээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад учруулж байгаа" гэдгийг төлбөр авагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон энэ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хохирол /нэмэлт зардал/ учруулсан нь нотлох баримтаар нотлогдсоныг ойлговол зохино.
14.Хуулийн 21.5-д заасан "…бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд" гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрийнх нь эрх ашигт нөлөөлөхөөр байвал төлбөр авагчийн нэгэн адил шаардлагыг бие даан тавьж буй этгээдийг ойлгоно.
15.Хуулийн 23.3-д заасан "… шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцож болно" гэдэгт насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны этгээд Иргэний хуулийн 16.3-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоход түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг шийдвэр гүйцэтгэгч шаардахгүй гэж ойлгоно.
16.Хуулийн 24.1-д заасан "Эрх залгамжлан авбал зохих этгээд" гэдэгт Төлбөр төлөгч иргэн нас барсан бол түүний өвийг өвлөн авсан этгээд, харин хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд татан буулгах комисс харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгө болон тодорхой эрхийг авсан этгээдийг гэж тус тус ойлговол зохино.
17.Төлбөр авагч нь хуулийн этгээд бол Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан итгэмжлэлд итгэмжлэгдсэн этгээд гарын үсэг зурахаас гадна Иргэний хуулийн 64.2-т заасны дагуу тухайн хуулийн этгээдийн эрх баригчаас гадна нягтлан бодогч (ахлах, ерөнхий) гарын үсэг зурснаар уг итгэмжлэл хүчин төгөлдөр болохыг заасугай.
18.Хуулийн 28.1.1-д заасан "18 насанд хүрээгүй /хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд/" гэдэгт Иргэний хуулийн 15.2-т зааснаар шүүхээр эрх зүйн бүрэн чадамжтай гэж тогтоогдсон, мөн хуулийн 63.1-д зааснаар төлөөлөгчийн эрх эдэлж байгаа хуульд тусгайлан заасан этгээд хамаарахгүй болохыг заасугай.
19.Хуулийн 28.1.4-т заасан "ялгүйд тооцогдоогүй этгээд" гэдэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болох хугацаа дуусаагүй этгээдийг ойлгоно.
20.Хуулийн 34.1.4-т заасан "… бусдад байгаа өмч хөрөнгө" гэдэгт төлбөр төлөгчийн банк буюу банк бус санхүүгийн байгууллага дахь мөнгөн хадгаламж, болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, мөн иргэн болон хуулийн этгээдэд зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгө оруулалтын хэлбэрээр оруулсан мөнгөн хөрөнгө, эдгээрээс авах ашиг, түүнчлэн ердийн журмаар болон гэрээний үндсэн дээр шилжүүлсэн эд хөрөнгө эдгээрээс авах орлого, хоршоо, нөхөрлөлд бусад байдлаар оруулсан эд хөрөнгө зэргийг ойлгоно.
21.Хуулийн 34.2-т заасан "Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө" гэдэгт Төлбөр төлөгчөөс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийг ойлгоно.
22.Хуулийн 34.3-д заасан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу шүүх хүлээн авахдаа энэ хуулийн 87.3-т заасан журам, хугацааг баримтлахыг заасугай.
23.Хуулийн 36.1-д заасан "барьцаална" гэдэг нь Иргэний хуулийн барьцааны эрхийн ойлголтод хамаарахгүй бөгөөд харин шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийг төлбөрөө төлөх хүртэл түүний эд хөрөнгийг эзэмшилдээ барьцаалан барьж буй шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа гэж ойлгоно.
24.Хуулийн 36.1.2-т заасан "битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх" гэдэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд заасан эд хөрөнгийг хамгаалах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг ойлгоно.
25.Хуулийн 36.1.3-д заасан "… хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх" гэдэгт энэ хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн болон эрх бүхий албан тушаалтнаас гаргасан эрхийн актыг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх баримт бичигт нэр заасан эд хөрөнгийг /мөнгөн хөрөнгийг/ хураан авч буй шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа гэж ойлговол зохино.
26.Хуулийн 37.2.1-д заасан "эдийн бус хөрөнгө" гэдэгт эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна. Шийдвэр гүйцэтгэгч нь эдийн бус хөрөнгийн шаардах эрхээс авах ашиг, урамшууллын хэмжээг шинжээч томилуулан тогтоолгоно.
27.Хуулийн 37.2.3-д заасан "үнэт зүйл" гэдэгт түүх соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, валютын, урлагийн, байгалийн үнэт зүйлээс гадна үнэт металл /гулдмай/, эрдэнийн чулуу, болон эдгээрийг хагас боловсруулсан, зассан, эсхүл гоёлын болон ахуй хэрэглээний зүйл болгосон зэргийг хамааруулна.
28.Хуулийн 39.2-д заасан "… Хүнсний болон хурдан гэмтэж муудах зүйлийг нэн даруй худалдана" гэдгийг Шийдвэр гүйцэтгэгч нь хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг, хадгалах хугацаа богино, амархан муудаж чанараа алддаг хүнсний болон бусад барааг шууд хураан авч, тухайн зүйлийг эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулан худалдан борлуулах ажиллагаа хийхийг ойлгосугай. Харин энэ хуулийн 39.1-д заасан 2 сарын хугацаа үүнд хамаарахгүй болно.
29.Хуулийн 39.11-д заасан "төлбөрийн хэрэгсэл" гэдэгт чек, аккредитив, вексель болон гадаад валют, цахим карт зэргийг ойлгоно.
30.Хуулийн 42.3, 79.1-д заасан "олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр мэдээлнэ", "Нийтэд зарлана" гэдгийг Улсын хэмжээгээр тардаг өдөр тутмын хэвлэл, радио, телевизийн мэдээллийн хэрэгслийг ашиглахыг хэлнэ.
31.Төлбөр төлөгч төлбөрөө барагдуулах хөдлөх эд хөрөнгөгүй, мөнгөн хөрөнгөгүй, мөн бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байхгүй, тохиолдолд түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж болох бөгөөд ингэхдээ энэ хуулийн 43.1-д заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэж, аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна. Харин барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шүүхийн шийдвэрт заасан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу шүүхээс томилогдсон этгээд зохион байгуулна.
32.Бусдын өр төлбөрт шилжүүлж болох тухай хуульд тусгайлан заасан аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 59.1.5-д заасны дагуу битүүмжилж болохыг заасугай.
33.Хуулийн 62.1-д заасан "тухайн байгууллага" гэдгийг төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эрх, үүргийг залгамжлан авсан хуулийн этгээдийг ойлговол зохино.
34.Ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан этгээдийг шүүхээс эгүүлэн тогтоосон ажил, албан тушаалд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилохгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн, ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргана. Шийдвэр гүйцэтгэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэн тухайн ажил олгогчийн мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгөөс албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу энэ хуулийн 67.4-т заасан цалин, хөлсийг гаргуулна.
35.Хуулийн 76.1-д заасан "… хэсэгчлэн" гэдгийг их хэмжээний буюу төлбөрийг нэг мөсөн төлөх чадваргүй этгээдийн төлбөрийн чадвар, эд хөрөнгийн байдалд үзлэг хийж, түүний эд хөрөнгө, мөнгө нь төлбөрийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд тухайн жилд гүйцэтгэж болох төлбөрийн гүйцэтгэлийн ажиллагааны хэмжээг тогтоож болохыг ойлгосугай.
36.Энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангаж хүрэлцэхгүй бол шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 77.1-д заасны дагуу төлбөр авагчдад авах төлбөрийнх нь хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилна. Мөн энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Шийдвэр гүйцэтгэх албанд ирсэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг дээрх журмын дагуу нэгэн адил хуваарилахыг заасугай.
37.Шийдвэр гүйцэтгэгч 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүлээж авсан гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийн ажиллагаанаас энэ хуулийн 83.1-д заасан урамшуулал авах эрхтэй болохыг заасугай.
38.Хуулийн 137.3-д заасан "…Шийдвэр гүйцэтгэгч" гэдэгт Энэ хуулийн 133.1-д заасан бүрэн эрх эдэлж байгаа, хуулийн 9.2-т зааснаар үйл ажиллагааны зардлыг мөн хуулийн 83.1-д заасан урамшууллаар санхүүжиж байгаа этгээдийг хамааруулан ойлговол зохино.
39.Хуулийн 143 дугаар зүйлд заасан "…шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагааны тухай гомдол" гэдэгт энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчээс явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд гаргасан гомдлыг ойлговол зохино.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
Текст томруулах
A
A
A
