A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ТАЛААРХ ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 12 дугаар сарын 14-ны өдөр

Дугаар 372

Улаанбаатар хот

ЭБШ хуулийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх талаарх
зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 

Хэвлэх

   "Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд Шүүхийн Бүгд хурлын 1984 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар тогтоол одоо хүртэл мөрдөгдөж байгаа билээ. Гэтэл уг тогтоол гарснаас хойш уг асуудлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулж, түүний зарим зүйл,хэсэг, заалтыг тодотгон тайлбарлах шаардлагатай болов.

   Иймд эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх нэгдсэн практик тогтоох, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1994 оны 3 дугаар сарын 28, 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн заалтыг нэг мөр ойлгон, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /цаашид ЭБШ Хууль гэх/ хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх ажиллагааг зохицуулсан зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

   1.ЭБШ Хуульд заасан "давж заалдах" гэдэг нь шүүн таслах ажиллагаанд оролцогч талууд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, ЭБШ Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болох таслан шийдвэрлэх тогтоол, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид /цаашид шүүхийн шийдвэр гэх/ хуульд заасан хугацаа, үндэслэл, журмын дагуу гомдол гаргах, уул гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагааны цогц мөн. Иймд ямар оролцогч шүүхийн ямар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж болох, гомдлоо хаана, ямар хугацааны дотор гаргах тухай ЭБШ хуулийн заалтуудыг оролцогч бүрт сайтар тайлбарлан ойлгуулах, хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх талаар хуулийн заалтыг чанд мөрдөн ажиллах нь шүүх, шүүгч бүрийн үүрэг болно.

   2.ЭБШ Хуулийн 317 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "таслан шийдвэрлэх тогтоол" гэдэгт шүүхээс эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд гаргасан таслан шийдвэрлэх шийтгэх болон цагаатгах тогтоол, 323 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн " анхан шатны шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж" гэдэгт мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад шүүхийн бүх тогтоол, шүүгчийн бүх захирамжийг хамааруулж ойлгоно. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, яллагч / эсэргүүцэл бичих замаар/ нарын хэн алин нь дээрхи шийдвэрт бүгдэд нь тэдгээрт тусгагдсан аль ч асуудлаар, харин иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, түүнчлэн цагаатгагдсан этгээд  зөвхөн өөрт холбогдох асуудлаар түүнчлэн иргэдийн төлөөлөгч 491-р зүйлд заасан эрхийнхээ дагуу гагцхүү таслан шийдвэрлэх тогтоолын шүүгдэгч гэм буруутай эсэх тухай асуудлаар тус тус давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   3.ЭБШ Хуулийн 318-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сум буюу сум дунд, дүүргийн шүүхийн шийдвэрт давж заалдсан гомдол, /эсэргүүцлийг/ харъяалах аймаг, нийслэлийн шүүхэд, аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэрт давж заалдсан гомдлыг Улсын Дээд шүүхэд хаяглан гаргах боловч тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхэд өгч байх нь зүйтэй гэж үзнэ. Гомдол эсэргүүцлийг хүлээн авсан шүүх түүнийг эрх бүхий оролцогч гаргасан эсэх, гомдол, эсэргүүцэл нь бүрдэлбэр, гаргасан хугацааны хувьд хуулийн заалтад нийцэж байгаа эсэх, давж заалдаж болох асуудлаар гаргасан эсэхийг хянаж, бусад оролцогчдод мэдэгдэж, танилцах бололцоо олгон, хариу тайлбар, шинэ нотлох баримт гаргавал хүлээн авч хавсарган, хавтаст хэргийн хамтаар давж заалдах шатны шүүхэд шуурхай илгээж байвал зохино.

   4.ЭБШ хуулийн 318-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасанчлан Улсын Дээд шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх тогтоолын талаар Улсын Дээд шүүхэд давж заалдах бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Дээд шүүхийн 3 шүүгч оролцоно.

   5.ЭБШ Хуулийн 323-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 41, 42,106, 223, 229, 230, 243, 253, 256, 259 /үүнд торгууль оногдуулах тухай шийтгэвэр хамаарахгүй/, 270, 271, 274, 279, 282-р зүйл, 300-р зүйлийн 1 дэх хэсэг, 361, 391, 3911дүгээр зүйлд заасан тохиолдлуудад гаргасан шүүхийн тогтоол, "шүүгчийн захирамж" гэдэгт эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, нэг шүүхээс нөгөөд шилжүүлэх, шүүх хурлын протоколд засвар оруулах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, энэ үед гарсан хүсэлтийг хянан хэлэлцэх, шүүгдэгч шүүх хурлын ажиллагаанд оролцох асуудлыг шийдвэрлэх, хэргийг түдгэлзүүлэх, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэх, хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулах ба эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээний тухай асуудлыг шийдвэрлэх, шүүх хуралдааны журам зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх /түүнд торгууль оногдуулах тухай шийтгэвэр хамаарагдахгүй/, шүүх хуралд хүсэлт гаргах ба түүнийг шийдвэрлэх, оролцогчдын аль нэгний байхгүйгээр хэргийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх, шүүгдэгчийг байцаах журмыг тогтоох, насанд хүрээгүй гэрчийг байцаах журмыг тогтоох, шүүх хурлын үед шинэчилсэн байцаалтыг сэргээх, ял шийтгэлгүйд тооцох тухай хүсэлтийг хэлэлцэх, насанд хүрээгүй шүүгдэгчийг шүүх хурлын танхимаас гаргах, түүнд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахтай холбогдсон ажиллагааг шийдвэрлэх зэрэг асуудлаар гарсан шийдвэрт тус тус хамаарах бөгөөд тэдгээрт давж заалдах гомдол гаргаж болохгүй. Түүнчлэн 60-р зүйлийн 4-д дурдсан шүүгчийг татгалзсан тухай асуудлаар гарсан ерөнхий шүүгчийн шийдвэр, 354-р зүйлийн 6-д дурдсан /прокурорын эсэргүүцэлд энэ заалт хамаарахгүй/ ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих тухай шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж болохгүй. Дээрх тохиолдолд шүүх эдгээр асуудлаар гарсан давж заалдсан гомдлыг хуулийн заалтыг баримтлан хүлээн авахаас татгалзаж байвал зохино.

   6.ЭБШ хуулийн 320, 323-р зүйлд зааснаар "таслан шийдвэрлэх тогтоол", "шүүхийн тогтоол" , "шүүгчийн захирамж"-д давж заалдсан гомдлыг уг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор /хэрэв шүүгдэгч цагдан хоригдож байгаа бол хугацааг шийдвэр гардуулсан өдрөөс тоолно/ гаргах бөгөөд 10 хоногийг шийдвэр уншин сонсгосон өдрийн 00 цагаас эхлэн тоолно.

   7.ЭБШ хуулийн 320-р зүйлийн "таслан шийдвэрлэх тогтоолд гомдол, эсэргүүцлийг уг таслан шийдвэрлэх тогтоолыг уншин сонсгосон өдрөөс хойш 10 хоногийн дотор гаргаж болно" гэсэн заалт нь хуулийн энэ заалтыг уг хууль мөрдөж эхэлсэн 1995 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө таслан шийдвэрлэх тогтоолыг уншин сонсгосон буюу хуулбарыг нь гардуулаад 10 хоног өнгөрсөн болон уг өдрөөс хойно шийдвэрлэгдсэн нийт хэрэгт хамаарна.

   8.ЭБШ хуулийн 322-р зүйлийн "таслан шийдвэрлах тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад давж заалдах гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн байвал таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг түдгэлзүүлнэ" гэсэн заалтыг хэрэглэхэд шүүхээс ямар нэг баримт бичиг гаргах шаардлагагүй бөгөөд хуулийн энэ заалтын дагуу таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх ажиллагаа шууд түдгэлзэгдсэнд тооцогдоно.

   9.Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг түдгэлзүүлэх ажиллагаа дуусгавар болох бөгөөд гагцхүү гэм буруутай этгээдэд "цаазаар авах" ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол /магадлал/-ыг биелүүлэх ажиллагаа хэргийг Шүүхийн тухай хуулийн 24-р зүйлийн 6 дахь хэсгийн 10-д заасны дагуу Дээд шүүхийн хяналтын шатны журмаар хянан хэлэлцэх, улмаар ялтанд уучлал үзүүлэх эсэх тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэх хүртэл "Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай" хуулийн заалтын дагуу түдгэлзэгдсэнд тооцогдоно.
(Энэ заалтад Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан).

   10.ЭБШ хуулийн 327-р зүйлд "давж заалдах шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх хуралдаанд прокурор, шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч оролцох эрхтэй" гэж тухайлан нэрлэж заасан учир тэднээс бусад оролцогч тухайлбал шүүхэд шилжээгүй яллагдагч, буцсан, хойшилсон зэрэг шалтгаанаас хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа шүүгдэгч, тэдний өмгөөлөгчийг давж заалдах шатны шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагагүй. Харин шүүх хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай гэж үзвэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч, шинжээчийг оролцуулж мэдүүлэг авч болно.

   11.ЭБШ хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "сэжигтэн, яллагдагчийн сонгож авсан өмгөөлөгч уг хэрэгт оролцох боломжгүй болсон, түүнчлэн өмгөөлөгчөөсөө татгалзсан бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөр өмгөөлөгч сонгон авна" гэсэн заалтыг тэд энэ эрхээ байцаан шийтгэх ажиллагаа,түүний дотор шүүн таслах ажиллагааны аль ч үед хуульд зааснаар эдэлж болох бөгөөд шүүгдэгч давж заалдах гомдол гаргах үедээ өөр өмгөөлөгч сонгон авах буюу урьд сонгон авсан өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхийн хуралдаанд оролцох боломжгүй бол өмгөөлөгчийг ЭБШ хуулийн 247-р зүйлд зааснаар шүүгдэгчийн зөвшөөрсөнөөр өөр өмгөөлөгчөөр сольж болно гэж ойлгоно.

   12.ЭБШ хуулийн 328-р зүйлд заасан журмаар давж заалдах шатны шүүхэд гаргасан нэмэлт нотлох баримт нь энэ хуулийн 69-р зүйлд заасан аливаа нотлох баримтад тавигдах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх, хуульд заасан журам, арга хэрэгслэлээр цугларсан, түүний шаардлагад тохирсон байх зэрэг нийтлэг зарчмыг хангасан байвал зохино.

   13.ЭБШ хуулийн 244-р зүйлд зааснаар анхан шатны шүүх хуралдаанд "яллагч" , 327-р зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд "прокурор" оролцох бөгөөд тэд хуульд заасан өөр өөрсдийн чиг үүргийн дагуу тухайн шатны шүүх хуралдаанд бие даасан санал дүгнэлт гаргах үүрэгтэй учраас давж заалдах шатны хуралдаанд оролцож байгаа прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд ямар ч дүгнэлт, түүний дотор анхан шатны шүүх хуралдаанд оролцсон яллагчийн яллахаас татгалзсан буюу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай шүүхийн саналыг хүлээн авахаас татгалзсан саналаас өөр дүгнэлт гаргаж болно.

   14.Хэрэв яллагч ЭБШ хуулийн 2541дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай шүүхийн саналыг хүлээн авахаас татгалзсан буюу шүүх ЭБШ хуулийн 196-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан "Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь батлагдаагүй" гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт энэ хуульд заасан ердийн журмаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичиж болно. Уг асуудлаар давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоол гарсан тохиолдолд хэргийг сэргээн шалгах асуудлыг ЭБШ хуулийн гучин гуравдугаар бүлэгт заасан, шинээр илэрсэн нөхцөл байдлаас хэргийг сэргээх журмын дагуу шийдвэрлэнэ.

   15.ЭБШ хуулийн 3291 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "оролцогчид" гэдгийг 327-р зүйлд нэрлэсэн, энэ тогтоолын 10-д дурдсан давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрх бүхий хүмүүстэй адилтган ойлгох бөгөөд мөн зүйл, хэсгийн "оролцогчид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа бол" гэдгийг тэдний аль нэг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг ойлгоно.

   16.Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон түүнчлэн өөрчилсөн, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалгах буюу шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэл, шалтгааныг тодорхой зааж байвал зохино.

   17.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд ЭБШ хуулийн 57-р зүйлд заасан "шүүгч оролцож болохгүй" , 58-р зүйлд заасан "шүүгч дахин оролцож болохгүй" үндэслэл байгаа эсэхийг давж заалдах шатны шүүхийн хуралдааныг даргалагч сайтар нягталж байх үүрэгтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН ШҮҮГЧ Ч.ГАНБАТ