A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 86 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 2003-04-09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

                                                                              ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 86 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
                                                            /Энэ тогтоолыг УДШ-ийн 2003-04-09-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Хүний амь насанд хууль бусаар санаатайгаар халдах нь нийгэмд нэн аюултай, онц хүнд гэмт хэрэг бөгөөд түүнтэй шийдвэртэй тэмцэж, ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд ялыг зөв тохируулан оногдуулах явдал эрүүгийн шүүн таслах ажиллагааны үндсэн зорилтын нэг мөн.

Хууль тогтоогч энэ байдлыг харгалзан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар бусдыг санаатай алсан гэмт хэргийн тухай Эрүүгийн хуулийн 85, 86 дугаар зүйлийг нэгтгэж хүндрүүлэх зарим нөхцөл байдлыг нэмж оруулав.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд цаазаар авах буюу 25 жил хүртэл хугацаагаар хорих хүнд ял оногдуулж болох тул түүнийг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч бүр онцгой анхааралтай хандаж, хуулийн заалтыг ягштал мөрдөх ёстой. Гэтэл хуулийн байгууллагууд энэ гэмт хэргийг өв зүйлчлэх, гэмт этгээдэд тохирсон ял оногдуулахад чухал ач холбогдолтой хэргийн болон хэрэгтний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал тэдгээрийг нотлох буюу үгүйсгэх баримтыг олж тогтоох, бэхжүүлэх, тэдгээрийг зөв үнэж дүгнэх талаар хангалтгүй анхаарч байгаагаас мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа удаашрах, хэргийн оролцогчдыг дахин дахин дуудах, хэргийг олон дахин буцаах, түүнчлэн хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндрүүлэх, нэр хүндэд нь сөрөг нөлөө үзүүлэх явдал гарсаар байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 86 дугаар зүйлийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах үйлдэл нь шууд буюу шууд бус санаатай байх бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой, тэгэхдээ Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 87, 89 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх буюу хөнгөрүүлэх шинжийг агуулаагүй байна.

2.Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдлын аль нэг нь байхгүй бол эр, эмийн хардлага, хүмүүсийн хоорондын маргаан, зодооноос болж хүнийг санаатай алсан, түүнчлэн Засгийн төлөөлөгч буюу харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан хүн хууль бусаар зэвсэг хэрэглэсний улмаас хүн алсан, зовж тарчилсан хүнийг өөрийнх нь хүсэлтээр буюу өрөвдөн алсан, түүнчлэн төрөх үедээ буюу төрсний дараа нярай хүүхдээ энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шалтгаангүйгээр алсан үйлдлийг 86 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэнэ.

3.Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргээс ялгагдах гол шинж нь гэмт этгээд хүн алах гэсэн шууд буюу шууд бус санаатай байдагт оршино.

4.Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "а"-д заасан "шунахай" сэдэлтэд мөнгө, эд хөрөнгө болон орон сууц эзэмших, өв залгамжлах эрхийг олж авах, эсхүл өр төлбөр, тэтгэврээс чөлөөлөгдөх, бага насны болон өндөр настай, өвчин эмгэгтэй хүнийг тэжээн тэтгэх, зардал гаргахаас зайлсхийх зэрэг ямар нэг материаллаг ашиг олох зорилготой байсан, түүнчлэн хөлс шан харамж авч бусдыг алсан зэргийг ойлгоно.

5."б"-д заасан "танхай сэдэлтээр" гэдэгт олон нийтийг илтэд хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам хамтын аж байдлын хэв ёсыг ноцтой зөрчиж танхайрах явцдаа буюу эсхүл ямар нэг шалтаг шалтгаангүйгээр бусдыг алсан зэргийг хамааруулна.

6."в"-д заасан "өс хонзонгийнс эдэлтээр" гэдэгт гэмт хэрэг гарахын өмнөх бусдын гаргасан хууль зүй, ёс суртахуунд нийцэх ба нийцэхгүй өөрт нь таалагдаагүй ямар нэг үйлдэл, эс үйлдэлтэй холбож түүнээс өшөө авах сэдэлтээр хүнийг алсныг ойлгоно.

7."г"-д заасан "өөр бусад жигшүүрт зорилгоор" гэдэг нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэх болсон нь нэр алдар, албан тушаал хөөцөлдөх, бусдыг үзэн ядах, атаархах, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлах зэрэг сэдэлттэй байна.

8."д"-д заасан "албаны болон олон нийтийн журамт үүргээ биелүүлж байгаатай нь хобогдуулан" гэдэг нь гэмт этгээд хэн нэгэн хүнийг түүний эрхэлж байгаа албан тушаалын болон олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан алсан байхыг хэлнэ.

9."е"-д заасан "онц харгис хэрцгийгээр" гэдгийг бусдыг алахын өмнө буюу алах явцдаа санаатайгаар олон тооны шарх, гэмтэл учруулж тарчилгаж зовоох, учруулсан гэмтлийн улмаас ихээхэн зовж зүдэрч үхэх арга буюу тийм үйлчилгээтэй хортой бодис хэрэглэх, түүнчлэн хохирогчийг ойр төрлийн хүмүүсийн нь дэргрэд алж тэднийг сэтгэл санаа, ёс суртахууны хувьд хүндээр шаналгасан, хохирогчи йн цогцсыг зориуд тохуурхан доромжилж огтчиж хэсэглэсэн зэрэг үйлдлийн арга, шинж байдлыг үндэслэн тогтооно.

10."ж"-д заасан "олон хүний амь биед аюултай аргаар" гэдэгт гэмт этгээд тодорхой хүнийг алах гэсэн санаагаа хэрэгжүүлэхдээ алахаар халдсан хүнээс гадна тэр орчинд байсан олон хүний амь насанд бодитой аюул учруулж болох арга хэрэглэж байгаагаа ойлгож ухамсарласан санаатай үйлдлийг ойлгоно.

11."з"-д заасан "хохирогчийн жирэмсэн байгааг мэдсээр байж" гэдэгт гэмт этгээд хохирогч олон ургийн аминд зэрэг халдлагаараа нийгэмд нэн аюултай гэмт хэрэг бөгөөд хохирогчийг жирэмсэн гэдгийг баттай мэдсэн байхыг ойлгоно.

12."и"-д заасан "хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн" гэдэгт гэмт этгээд урьд нь хүнийг санаатай алсан буюу алахаар завдсан гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн буюу шийтгүүлээгүй аль аль нь хамаарах бөгөөд ял шийтгэлгүй болоогүй байгааг ойлгоно.

13."к"-д заасан "зохион байгуулалттай бүлэг этгээд" гэдэгт хүнийг гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдчилан эгдэж, зохион байгуулагдсан бөгөөд тогтвортой ажилладаг хоёр буюу түүнээс дээш этгээдийг ойлговол зохино. Энд заасан тодорхой шинжүүдгүйгээр үйлдлийнхээ явцад бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг хамтран үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг журамлан 86 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

14."л"-д заасан "онц аюултай гэмт хэрэгтэн" гэдгийг Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээдийг ойлгох бөгөөд ийнхүү тооцогдсоны дараа хүнийг санаатай алсан бол түүний үйлдлийн эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн – дахь хэсгийн "л"-д зааснаар зүйлчилнэ.

15."м"-д заасан "өөр гэмт хэргийг нуун далдлах буюу үйлдэхэд хялбар болгохоор" гэдэгт гэмт этгээд өөрийн болон бусад хүмүүсийн үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж байгаа гэмт хэргийг гэрчлэх буюу мэдээлж магадгүй гэсэн хүнийг, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд нь саад тотгор болж болзошгүй хүнийг алах үйлдлийг тус тус хамааруулж ойлгоно.

16."н"-д заасан "урьдчилан төлөвлөж" гэдэг нь тодорхой хүнийг алахаар зэвсэг хэрэгсэл олж бэлтгэх, хаана, хэдийд ямар аргаар амь насыг нь хохироож болохыг урьдчилан судалж, тооцсоны үндсэн дээр гэмт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийг хэлнэ. Санаатайгаар хүн алсан хэрэг их төлөв ямар нэг хэмжээгээр урьдчилан санаж сэдсэний дагуу үйлдэгддэг тул гэмт этгээдийн хэрэг үйлдэхийн өмнө, үйлдэх үеийн сэтгэхүйн байдал, хэрэг үйлдсэн арга хэрэгсэл зэвсэг, хэрэг гарсны дараа гэмт этгээд үйлдэлдээ хандсан хандлага зэргийг нарийвчлан судалж дүгнэж байвал зохино.

17."о"-д заасан "нэг амиар хоёр буюу түүнээс олон хүнийгс анаатай алсан" гэдэг нь гэмтэтгээд хоёр буюу түүнээс олон хүнийг нэг амиар алах гэсэн нэгдмэл санаа зорилгоо нэг цаг үед хэрэгжүүлсэн байхыг хэлнэ. Хэрэв хоёр буюу түүнээс олон хүнийг алах санаагаа хэрэгжүүлэхдээ хохирогчоос бусад хүмүүсийн аминд аюултай арга хэрэглэсэн байвал 86 дугаар зүйлийн "ж"-гээр давхар зүйлчилнэ.

18.Хүнийг санаатай алсан гэмт хэргийг зүйлчлэх, гэмт этгээдэд шударга ял оногдуулахад нөлөөлөх ач холбогдол бүхий нөхцөл байдал болох гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, зорилго, сэдэлт, хэрэг үйлдсэн орон цаг, арга хэрэгсэл, шалтгаант холбоо, хохирогчийн зан төлөв, хэрэг гарахад хохирогчийн гэм буруу нөлөөлсөн эсэх, хамтран оролцогчдын оролцооны байдал зэргийг шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтаар тал бүрээс нь бодитой тогтоож, чухамхүү түүнд тулгуурлан хэргийг шийдвэрлэж байвал зохино.

19.Хүнийг санаатай алсан гэмт хэргээс учирсан материалын хохирлыг бүрэн арилгахад онцгой анхаарч гэмт этгээдийн хувийн байдал, хүмүүжлийг түүний ажиллаж амьдарч ирсэн нөхцөл байдлаас нь эхлэн бүх орчин ахуйтай нь холбож нарийвчлан шалгаж тогтоох нь мөрдөн байцаах, шүүн таслах байгууллагын гол үүргийн нэг мөн.

20.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай" Дээд шүүхийн бүгд хурлын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар тогтоолын нэг, хоёр, гурав дахь заалт, дөрөв дэх заалтын 114 дэх хэсгийн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ДАНГААСҮРЭН