- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 161 ЗҮЙЛИЙГ ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2003-05-05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 35
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 161ЗҮЙЛИЙГ ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
/Энэ тогтоолыг 2003-05-05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Монгол Улсын эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар "Гэмт хэрэг үйдсэн зохион байгуулалттай бүлэг" хэмээх зүйлийг эрүүгийн хуульд нэмсэн билээ.
1.Гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэр болгон эрхлэх зорилгоор урьдчилан нэгдэн нийлж удирдагч, гүйцэтгэгчээ томилох, үүрэг ролио хуваарилах зэргээр зохион байгуулалтын бүтэц бий болгосон хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн нэгдлийг /хамтлагийг/ зохион байгуулалттай бүлэг гэж үзнэ.
2.Зохион байгуулалттай бүлэг нь урьдчилан тохиролцсон бүлэг этгээдээс ялгагдах ол шинж нь бүлгийн гишүүд гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэр болгох зорилгоор урьдчилан нэгдэж зохион байгуулалтад орсон байхаас гадна энэхүү үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх зорилготой байна.
3.Зохион байгуулалттай бүлгийн тогтвортой ажиллагаа гэдэгт тус бүлэгт нэгдэн орсон этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдсэн эсэхээс үл хамааран харилцаа холбоо, харилцан ажиллагаа нь байнгын шинж чанартай байх явдал бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэж, үр дүнд нь орлого олох, бүлгийн болон оролцогч нэг бүрийн эрх ашиг, зорилгыг хангахад чиглэсэн шинжтэй байна.
4.Зохион байгуулалттай бүлгийн удирдагчдад зохион байгуулсан буюу удирдсан бүх гэмт хэрэгт нь /үйлдэлд нь/ эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин бүлгийн бусад гишүүдэд зөвхөн үйлдсэн буюу бэлтгэсэн, завдсан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
5.Зохион байгуулаттай бүлэг этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид "Зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол" гэж тусгайлан хүндрүүлснээс бусад зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ч.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
