A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1990 оны 12 сарын 24

№ 88

Улаанбаатар хот

                                                                                         
                                                                                          ЭРҮҮГИЙН ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ЗӨВ ОНОГДУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

   БНМАУ-ын Эрүүгийн хуулийн заалтад чанд нийцүүлэн эрүүгийн ялын бодлогыг хэрэгжүүлэх нь шүүхийн үндсэн үүрэг юм.

   Сүүлийн жилүүдэд шүүхээс хэрэгжүүлж ирсэн ялын бодлого хүний эрхийг хамгаалах шаардлага, нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшинд үндсэндээ нийцэж байна.

   1988-1990 онд шүүхээр ял шийтгүүлэгчдийн 0,9 хувьд олон нийтийн өмнө буруушаах, 18,8 хувьд засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, 13,2 хувьд торгох, 65,8 хувьд хорих ял оноожээ. Хорих ял шийтгүүлэгчдийн 55,9-60,2 хувийн ялыг биечлэн эдлүүлсэн байна.

   Гэвч ялыг гэм буруутай этгээдийн хувийн болон үйлдсэн гэмт хэргийн онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх зарчим тэр бүр хэрэгжихгүй, нийгмийн аюулаар их хүнд гэмт хэрэг буюу удаа дараа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэх, эсхүл нийгмийн аюулаар бага гэмт хэрэг анх удаа үйлдсэн буюу болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хамт олон, гэр бүлээс нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлж болох этгээдэд хүнд ял оногдуулах зэрэг алдаа гарсаар байна.

   Ялангуяа хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цөөн жилийн хорих ял оногдуулах явдал түгээмэл байна.

   Шүүхийн эрүүгийн ялын бодлогыг зөв хэрэгжүүлэхэд үндсэн ялаас гадна нэмэгдэл ял, ял эдлүүлэх дэглэм, ялаас хугацааны өмнө суллах буюу ялыг хөнгөн ялаар солих журмыг зөв хэрэглэх нь чухал ач холбогдолтой юм.

   Гэхдээ Эрүүгийн  хуулийн ялын төрөл, хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа нөхцөлд шүүхийн ялын бодлогыг туйлшруулахгүй байх шаардлагыг харгалзан үзэх ёстой.
   
    БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинэчлэн байцааж шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримтаар бүрэн тогтоон гэмт хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хуульд заасан ялыг оногдуулах, эсхүл шүүгдэгчийн гэм буруугүйг нотлох баримтаар тогтоон цагаатгаж байх нь шүүхийн эрүүгийн шүүн таслах ажиллагааны үндсэн зорилго, шүүгчдийн үүрэг болохыг заасугай.

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа хавтаст хэрэгт авагдсан болн шүүхийн шинэчилсэн байцаалтаар шинжлэн судалсан цагаатгах буюу яллах нотлох баримт, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж байвал зохино.

   2.Нийгмийн аюулаар нэн их хүнд хэрэг буюу удаа дараа санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ял оногдуулах , нийгмийн аюулаар бага гэмт хэрэг анх удаа үйлдсэн буюу болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хамт олон, гэр бүлээс нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзвэл хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж байх нь гэм буруутай этгээдэд нэг бүрчлэн тохирсон ял оногдуулах хуулийн зарчим, шаардлагад нийцэхийг анхааруулсугай.

   Шүүх ял оногдуулахдаа гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэл, нийгмийн ёс суртахууны хэмжээ, үндэсний зан заншилд хэрхэн нийцэж байгааг харгалзан үзэж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

   3.БНМАУ-ын Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг, ялангуяа бусдыг санаатай алах, хүндрүүлэх шалтгаантайгаар танхайрах, дээрэмдэх, хүчиндэх, бусдын махбодид хүнд гэмтэл учруулах болон бусад ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн зүйл, хэсгийн санкцид заасан ялыг үндэслэлгүйгээр сулруулахгүй байвал зохино.

   4.Согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэм буруутай этгээдийн болон түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулыг нэгэн зэрэг ихэсгэж байгааг онцлон анхаарч тэдэнд оногдуулах ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж болохгүйг нийт шүүхэд заасугай.

   5.Гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд буюу онц аюултай рецидив гэмт хэрэгтэн бүлэглэн үйлдэх нь нийгмийн аюулыг улам ихэсгэдэг тул энэ тохиолдолд шүүх тэдэнд ял оногдуулахдаа онцгой анхаарч оролцогч бүрт тохирсон ял оногдуулж байх үүрэгтэй.

   6.Хэрэв БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйлүүдэд зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бол тухайн зүйл, хэсгээр ийнхүү үзээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг журамлан ял шийтгэж байх нь зүйтэй.Тэгэхдээ онц аюултай рецидив гэмт хэрэгтэн , зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдсэн хэргийн зохион байгуулагч, идэвхтэй оролцогчдод оногдуулах ялыг сулруулахгүй байвал зохино.

   7.Энэ тогтоолын 5,6 дугаар зүйлд зааснаас гадна БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх бусад нөхцөл байдал тогтоогдсон бол түүнийг гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа заавал харгалзан үзэж байхыг нийт шүүхэд заасугай.

   8.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үед буюу хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг нэг бүрийн болон гэм буруутай этгээдийн хувийн байдлыг нарийн харгалзахгүйгээр хөнгөн ялыг хүндэд багтаах журмыг голчлон баримталж байгаа нь ялын бодлогыг сулруулахад хүргэж болох тул БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1989 оны 11 дүгээр тогтоолын заалтыг чанд баримтлан ажиллахыг даалгасугай.

   9.Шүүх сонгомол ялтай зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх талыг өрөөсгөлөөр баримтлахгүйгээр БНМАУ-ын Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах үндсэн зарчим, энэ тогтоолыг удирдлага болгож байх нь чухал ач холбогдолтойг заасугай. Тэгэхдээ Эрүүгийн хуульд үндсэн болон нэмэгдэл ялын чанартай хэрэглэж болох зарим ялын хугацааг шүүх өөрийн үзэмжээр шийдвэрлэж байхаар заасныг үндэслэн эдгээр ялын хугацааг зөвхөн түүний хүмүүжүүлэх нөлөөг харгалзан тогтоож байвал зохино.

10.Нийгмийн аюулаар бага гэмт хэргийг анх удаа буюу болгоомжгүйгээр үйлдсэн, цаашид хамт олон, гэр бүлийн нөлөөнд хүмүүжиж болох хүмүүст хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол хорихоос өөр хөнгөн ял оногдуулах, ялыг тэнсэж хянан харгалзах, түүнчлэн Эрүүгийн хуулийн 46-49 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу олон нийтийн нөлөөллийн арга хэмжээ авах зэрэг хуулийн заалтыг боломжтой тохиолдол бүрт зохистойгоор хэрэглэж байсугай. Тэгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хөдөлмөрийн хамт олон, олон нийтийн байгууллага, иргэдэд хариуцуулах тухай хуулийн заалтыг чанд биелүүлж байхыг заасугай.
/УДШ-ийн 1994 оны 07 дугаар сарын 01-ний 51 дүгээр тогтоолоор энэ зүйлийг хүчингүй болсонд тооцсон./

   11.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ажиллаж суралцаж байгаа газрынх нь хөдөлмөрийн хамт олон, олон нийтийн байгууллага даалтдаа авах хүсэлт гаргасан, эсхүл тодорхой хамт олон хүн түүнийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг зөвшөөрсөн бол бодит үндэслэлийг сайтар хянан тогтоож уг хүсэлт, зөвшөөрлийг шийдвэрлэж байвал зохино.

   12.Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ тэдний хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, ялангуяа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, амьдралын нөхцөл, насанд хүрэгчдийн нөлөө бие бялдрын болон оюун санааны хөгжлийн онцлогийг нарийвчлан судалж үнэлж дүгнэлт хийж байх хэрэгтэй.

   13.Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6-р сарын 18-ны өдрийн 248-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

   14.Насанд хүрээгүй хүмүүст хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь түүнийг хуульд заасан өөp аpгааp хүмүүжүүлэх боломжгүй тохиолдолд хэpэглэх аpга хэмжээ тул гэмт хэpэг анх удаа үйлдсэн насанд хүpээгүй этгээдэд эpүүгийн хаpиуцлага хүлээлгэхдээ түүнийг гэp бүл/ эцэг,эх/, суpгууль, ажлын газpын хамт олны хяналтад хүмүүжүүлэх боломжийг заавал судлан хоpихоос өөp төpлийн ял оногдуулж байх нь зүйтэй.

   15.Нийгмийн аюулаар нэн хүнд гэмт хэрэг үйлдсэн, улс,нийгэм, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн урьд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,эсхүл таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж байсан насанд хүрээгүй хүмүүст хуульд заасан ял оногдуулж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

   16.Шүүх эрүүгийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг тууштай баримтлах үүрэгтэй.Үүний тулд гэмт хэрэг гарах үеийн хохирогчийн ажиллагааг бүрэн бодитой тогтоон хуулийн заалтын дагуу үнэлэлт өгч,ялгавартай хандаж байх ёстой.Хэрэв хохирогчийн хууль бус ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд шууд хүргэсэн бол гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа түүнийг заавал харгалзан үзэж байх нь зүйтэй.

   17.Гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг гэм буруутай этгээдээс бүрэн арилгуулах асуудлыг хэргийн хамт шийдвэрлэх нь ялын цээрлүүлэх, хүмүүжүүлэх зарчим,хохирогчийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хангах чухал хэрэгсэл болохыг анхааруулсугай.

   18.Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур буюу өөр төрлийн хөнгөн ял оногдуулах журмыг Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийн шаардлагыг үндэслэн гэм буруутай этгээдийг хүмүүжүүлэх зорилгод нийцсэн байх тохиолдолд хэрэглэнэ. Тэгэхдээ энэ журмыг бусдыг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүчиндэх, дээрэмдэх, танхайрах зэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэж байвал зохино.

   19.Цаазаар авах ял БНМАУ-ын эрүүгийн хуульд заасан онцгой арга хэмжээ болох учир түүнийг гагцхүү онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд уг хуулийн зохих зүйл,хэсэгт заасан тохиолдолд шүүгдэгчийн хувийн болон түүний үйлдсэн гэмт хэргийн байдалд тохируулан хэрэглэх ёстойг заасугай.

   20.Үндсэн ялаас гадна нэмэгдэл ялыг зөв хэрэглэх,хорих ял эдлүүлэх дэглэмийг хуульд чанд нийцүүлэн заах нь ялын бодлогыг зөв хэрэгжүүлэхэд нэг нөхцөл болно.БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 10,12 дугаар хэсэгт зааснаар ял эдлүүлэх дэглэмийг тогтоохдоо хуульд заасан үндэслэлээс гадна тухайн ялтныг засан хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх зорилтыг удирдлага болгох нь зүйтэй гэж үзсүгэй.

   21.Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял оногдуулсан, эсхүл түүнийг цагаатгасан үндэслэлээ таслан шийдвэрлэх тогтоолд БНМАУ-ын Эрүүгийн хууль, энэ тогтоолын 1, 4 дүгээр зүйлийн заалтын дагуу тодорхой заах үүрэгтэй.

   22.Шүүх хурлын бэлтгэлийг бүрэн хангаж БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтын дагуу даргалан явуулах нь зөвхөн хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх төдийгүй хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хэлэлцэх,ингэснээр хэргийн үнэнийг тогтоон гэм буруутай этгээдийн хувийн болон түүний үйлдсэн гэмт хэргийн байдалд тохирсон ял оногдуулах, эсхүл түүний гэм буруугүйг тогтоон цагаатгахад чухал ач холбогдолтой болно. Ялангуяа шүүх хуралд оролцогчдыг бүрэн оролцуулах,тэдний мэтгэлзэх зарчмыг хангах, нотлох баримтыг бүрэн шинжлэн судлахад онцгой анхаарвал зохино.

   23.Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг тухай бүр зөв шийдвэрлэх нь ялын бодлогын салшгүй хэсэг мөн. Өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв,үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулсан ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх байгууллага тухай бүр гаргасан саналыг хуульд заагаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохыг урьтал болгох нь зохимжгүй болохыг заасугай.

   24.Эрүүгийн хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хэлэлцэхдээ анхан шатны шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, хэрэгтний хувийн байдал,хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх шалтгааны талаар бодитой зөв дүгнэлт хийж ял шийтгэлийг ялгамжтай, шударгаар оногдуулсан эсэхийг сайтар хянан үзэж ялыг зайлшгүй өөрчлөх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн тохиолдолд үндэслэлийг тодорхой зааж, ялыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх асуудлыг шийдвэрлэж байхыг Дээд шүүхийн болон аймаг, хот, тусгай шүүхийн шүүх коллегиудад заасугай.

   25.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ялын бодлогыг зөв хэрэгжүүлэх асуудлаар шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллеги,цэргийн коллеги, аймаг, хотын болон тусгай шүүхийн шүүх коллегид даалгасугай.

    26.Энэ тогтоол гарсантай холбогдуулан " Ялын бодлогыг зөв хэрэгжүүлж үр нөлөөг нь дээшлүүлэх тухай" БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ТӨРБАТ, Ц.ШАРАВДОРЖ