A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1994 оны 09 сарын 12

Дугаар 126

Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯНАЛТЫН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

Хэвлэх

   "Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын 1994 оны 3-р сарын 28-ны өдрийн хуулийн эрүүгийн хяналтын шатны шүүхийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан зүйл, хэсэг, заалтуудыг нэг мөр ойлгож, шүүхийн практикт зөв хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

   Нэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, хэсэг, заалтуудыг дор дурьдсанаар тайлбарласугай:

   1.ЭБШ хуулийн 362-р зүйлийн "давж заалдах шатны шүүхийн магадлал" гэдэгт анхан шатны журмаар эрүүгийн хэрэг хэлэлцээд гарсан таслан шийдвэрлэх тогтоолд болон ЭБШ хуулийн 323-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад асуудлаар гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцээд аймаг, нийслэлийн шүүх болон Дээд шүүхээс гаргасан магадлалыг хамааруулж ойлгоно. Дээд шүүхийн шүүгч эдгээр магадлалын алинд нь ч түүний дотор өөрөө оролцсон давж заалдах шатны шүүхийн магадлалд ч эсэргүүцэл бичиж Дээд шүүхийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх эрхтэй.

   2.Энэ зүйлийн "байцаан шийтгэх ажиллагаанд оролцогсод" гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3-р бүлэг, 317-р зүйлд заан нэрлэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч буюу хууль ёсны төлөөлөгч иргэдийн төлөөлөгч, түүнчлэн хохирогч, түүний төлөөлөгч, яллагч, прокурор, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч, цагаатгагдсан этгээдийг хамааруулна. Тэгэхдээ Иргэдийн төлөөлөгч , яллагч нь анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд оролцсон байвал зохих бөгөөд яллагч таслан шийдвэрлэх тогтоолын бүх хэсэгт эсэргүүцэл бичих ба бусад прокурор нь энэ хуулийн 323-р зүйлд заасан Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичих санал гаргах эрхтэй. Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч бусад хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний төлөөлөгч таслан шийдвэрлэх тогтоол, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн бүх асуудлаар иргэдийн төлөөлөгч нь зөвхөн шүүгдэгч гэм буруутай эсэх асуудлаар, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт цагаатгагдсан этгээд, цагаатгасан шалтгаан үндэслэлд холбогдох хэсэгт тус тус гомдол гаргах эрхтэй.

   3.Хууль, энэ тогтоолын 2 дахь хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагаанд оролцогсдоос бусад хүмүүс гомдол гаргасан буюу оролцогсод хуулиар тодорхойлсон хүрээнд хамаарахгүй асуудлаар гаргасан гомдол нь хэрэг хянах, эсэргүүцэл бичих үндэслэл болохгүй байж болно.

   4.ЭБШ Хуулийн 362 дугаар зүйлийн "шүүгч өөрийн үзэмжээр" гэдэгт хяналтын журмаар эрүүгийн хэрэг хянаж байгаа Дээд шүүхийн шүүгч оролцогсдоос гомдол гараагүй, эрх бүхий этгээд эсэргүүцэл бичээгүй тохиолдолд ЭБШ хуулийн 333-р зүйл, 370-р зүйлд дурдсан таслан шийдвэрлэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэл байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн тохиолдолд бие даан эсэргүүцэл бичихийг ойлгоно.

   5.Энэ хуулийн "шүүх хуралдаанд оролцсон прокурор" гэдэгт анхан шатны шүүх хуралдаанд оролцсон яллагч, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорыг тус тус хамааруулна. Яллагчийн хэлсэн үг, прокурорын дүгнэлтийг шүүх хуралдааны протоколд тэмдэглэсэн байвал зохино.

   6.ЭБШ хуулийн 363-р зүйлд заасны дагуу таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэхийг түдгэлзүүлэх ажиллагааг тухайн хэргийг хянасан Дээд шүүхийн шүүгч тухайн таслан шийдвэрлэх тогтоол давж заалдах шатны шүүхийн магадлалын биелүүлбэл зохих заалтыг хүчингүй болгох буюу өөрчлөхөөр эсэргүүцэл бичсэн тохиолдолд захирамж гарган гүйцэтгэж байх нь зүйтэй.
/7,8,9 дүгээр заалтуудыг Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн248 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

   10.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24-р зүйлийн 3 дахь хэсгийн 10-д заасан дагуу цаазаар авах ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолтой хэрэг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд шууд хэлэлцэгдэнэ (Энэ заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

   11.Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

   12.ЭБШ хуулийн 369-р зүйлийн 3 дахь хэсгийн "хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх эрхтэй" гэсэн заалтыг анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн буюу тэнссэн нь буруу гэж хяналтын шатны шүүх үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хорих ялыг таслан шийдвэрлэх тогтоолд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр биечлэн эдлүүлэхээр шийдвэр гаргах эрхтэй гэж ойлговол зохино. Энэ тохиолдолд давж заалдсан гомдол, эсэргүүцлийг хэрхэн үзсэнийг хяналтын шатны шүүх тогтоолдоо зааж байх хэрэгтэй.

   13.Мөн 369-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хяналтын шатны шүүх хэргийг шинэчлэн мөрдөн байцаалгахаар буцаахдаа ЭБШ хуулийн 231-р зүйлд дурдсан гурван үндэслэлээр буцаах бөгөөд тэгэхдээ уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой.

   14.Хяналтын шатны шүүх шийдвэр гаргахдаа мөн 369-р зүйлийн хэд хэдэн хэсгийг давхар баримтлах тохиолдолд гарч болно. Тухайлбал: эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж байгаа бол энэ зүйлийн 1, 2 дахь хэсгийг давхар баримтална. Түүнчлэн хяналтын шатны шүүх өөрийн урьд гарсан тогтоол болон анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа бол ЭБШ хуулийн 368, 369-р зүйлийн тохирох хэсгийг давхар баримтална.

   15.ЭБШ хуулийн 370-р зүйлийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон буюу өөрчилсөн гэдэгт давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй /ЭБШ хуулийн 335-р зүйл/, давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн /337-р зүйл/, давж заалдах шатны шүүхээс ял шийтгэлийг өөрчилсөн нь гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй /338-р зүйл/ зэргийг хамааруулж ойлгоно.

   16.Мөн зүйлийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хэвээр үлдээсэн гэдэгт давж заалдах шатны шүүх нь ЭБШ хуулийн 333-р зүйлд дурдаж, 334, 335, 336, 337, 338-р зүйлээр тодруулан заасан зөрчил бүхий таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөхгүйгээр үлдээсэн тохиолдлыг хамааруулна.

   17.Мөн зүйлийн "давж заалдах шатны шүүх хэрэг хянахдаа хууль зөрчсөн" гэдэгт хэрэг хянасан давж заалдах шатны шүүх өөрөө ЭБШ хуулийн 336 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-7-д дурдсан зөрчлийг гаргасан буюу 327 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан давж заалдах шатны хуралдаанд прокурор оролцож байгаа тохиолдолд шүүгдэгч, эсхүл түүний өмгөөлөгчийг заавал оролцуулах заалтыг биелүүлээгүй зэргийг хамааруулан ойлгоно.

   18.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 371-р зүйлд заасанчлан хяналтын шатны шүүх хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэх учир уг хэргийн талаар Дээд шүүхийн тогтоол гарсны дараа байцаан шийтгэх ажиллагааны өөр оролцогч гомдол гаргавал түүнийг хянан хэлэлцэхгүй бөгөөд хяналтын шатны шүүхийн тогтоолыг тайлбарласан хариу өгч байвал зохино.

   19.Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

   20.Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогсдоос хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хянасан Дээд шүүхийн шүүгч давж заалдах шатны шүүхийн магадлалд эсэргүүцэл бичих шаардлагагүй гэж үзвэл энэ тухайгаа гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ. Уг хэргийн талаар дахин гомдол гарвал урьд хэргийг хянасан шүүгч Дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгчид, гуравдахь удаагаа гомдол гарвал Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл Дээд шүүхийн танхимтын тэргүүн шүүгч, Ерөнхий шүүгч дахин хянагдаж байгаа хэргийг урьд хянаснаас өөр шүүгчээр уншуулж болно. Ингээд эсэргүүцэл бичих шаардлагагүй гэж үзвэл гомдол гаргагчид ерөнхий шүүгч зохих хариуг өгөх бөгөөд уг хэргийг түүнтэй зөвшилцөлгүйгээр дахин татаж хянах шаардлагагүй гэж үзнэ (Энэ заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

   21.Мөн хуулийн 371-р зүйлийн 2 дахь хэсгийн "ялыг хүндрүүлэх буюу хүнд ялтай хуулийг хэрэглэх эрхгүй", мөн зүйлийн 4 дэх хэсгийн "шүүгдэгчийн байдлыг дордуулахгүйгээр өөрчлөлт оруулах" гэдгийг хяналтын шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэл, ялын төрөл, хэмжээ, эдлүүлэх дэглэм, өршөөл үзүүлсэн, онц аюултай хэрэгтнээр тооцохгүй үлдээсэн, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хорих ял хугацаанаас өмнө тэнсэн сулласан буюу өөр хөнгөн ялаар сольсон, нэмэгдэл ялаас чөлөөлсөн, ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн сольсон, хянан харгалзах хугацааг тогтоосон, ялыг нэмж нэгтгэх буюу багтаах зэрэг асуудлыг анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор шийдвэрлэснээс дордуулсан өөрчлөлт оруулж болохгүй гэж ойлговол зохино.Харин ялыг хүндрүүлэх буюу хүнд ялтай хуулийг хэрэглэх тухай эсэргүүцэл бичигдсэн буюу гомдол гаргасан бөгөөд эсэргүүцэл, гомдол хууль зүйн үндэслэлтэй бол хяналтын шатны шүүх дээрх асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэснээс дордуулсан өөрчлөлт хийж болох боловч анхан шатны шүүхийн шийдвэрлэснээс дордуулахаар байвал таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэх буюу мөрдөн байцаалтад буцааж байвал зохино.

   Хоёр.Эрүүгийн хэргийг анхан шат, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ ЭБШ хуулийн 57-р зүйлд заасан эрүүгийн хэрэг хэлэлцэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл, түүнчлэн 58-р зүйлд заасан хэрэг хэлэлцэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг тус тус сайтар анхаарч мөрдөхийг нийт шүүх, шүүгч нарт анхааруулсугай. Ялангуяа өөрийнх нь оролцоотойгоор гарсан таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, тогтоолыг хүчингүй болгосон байхад уг хэргийг тухайн шатаар дахин хэлэлцэхэд оролцох, нэг хэргийг хэлэлцэх давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд аль алинд нь оролцох зэрэг зөрчил гарч байгааг зогсоовол зохино.

   Гурав.Дээд шүүхийн хувьд хуулийн энэ заалтыг мөрдөхөд олон дахин хэлэлцэгдсэн зарим хэргийн хувьд шүүх бүрэлдэхүүнгүй болох хүндрэл учрах талтайг анхаарч хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай санал боловсруулан хууль санаачлагчид оруулах уг асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг зохицуулж ажиллахыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хариуцуулсугай.

   Дөрөв.ЭБШ хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг хэрэглэхдээ энэхүү тогтоол болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх журмын тухай Дээд шүүхийн 1994 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 54-р тогтоолыг тус тус мөрдөн ажиллахыг нийт шүүх, шүүгчдэд даалгасугай.

   Тав.Энэ тогтоол гарсантай холбогдуулан эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж байгаа шүүхийн практикийн тухай БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1984 оны 10 дугаар саөрын 3-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ч.ГАНБАТ