A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН 1993 ОНЫ 6 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1993 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

"ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ" ХУУЛИЙГ
ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН
1993 ОНЫ 6 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

Хэвлэх

   Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулийг 1993 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоов.

   Энэхүү хуулиар зарим төрлийн ялыг хүчингүй болгох буюу өөрчлөх, эрүүгийн хуулийн ихэнх зүйлд сонгож хэрэглэх ялыг тогтоох зэргээр ялын төрөлд үндсэн өөрчлөлт оруулсны дээр урьд нь гэмт хэрэгт тооцож байсан зарим хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх, зарим үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцох зэрэг зарчмын чухал өөрчлөлтүүдийг Эрүүгийн хуульд оруулжээ. Энэ хуулийг дагаж мөрдөх журмыг Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 10-ны хуулиар зохицууллаа.

   Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуульд зааснаар Эрүүгийн хуулийн 66-р зүйл /БНМАУ-ын эсрэг ухуулах, сурталчлах/, 69-р зүйл /хөдөлмөрчдийн засаг төр бүхий бусад улс төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдэх/, 79-р зүйлийн 2 дахь хэсэг, 145-р зүйл /Үйлдвэрчний эвлэлийн хууль ёсны ажиллагаанд саад хийх/, 151-р зүйл /шашныг төрөөс болон сургуулийг шашнаас тусгаарласан хууль тогтоомж зөрчих/, 152-р зүйл /шашны зан үйл үйлдэхэд саад хийх/, 169-р зүйл /дамын худалдаа хийх/, 172-р зүйл /худалдааны журам зөрчих/, 175-р зүйл /улс, хоршоолол, олон нийтийн үйлдвэр, албан газар, байгууллагын нэрээр халхавчилж хувийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх/, 176-р зүйл /хувийн хөдөлмөрийн хориглосон үйл ажиллагаа явуулах/, 177-р зүйл /согтууруулах ундаа худалдах журам зөрчих/, 189-р зүйл үслэг ангийн үнэт арьсыг худалдах, худалдан авах, арилжих/, 214-р зүйл /нутаг заагдсан этгээд оргох, нутаг зайлуулагдсан этгээд оршин суухыг хориглосон газар дур мэдэн эргэж ирэх, 215-р зүйл/ хөдөлмөр эмчилгээ, хөдөлмөр-хүмүүжлийн байгууллагаас буюу тэдгээрт очих замаас оргох/, 217-р зүйл /БНМАУ-ын нийгэм төрийн байгууламжийг гутаасан гүжирдлэгийг зориуд тараах/, 229-р зүйл /иргэний паспортын журам зөрчих/, 235-р зүйл / нийгмийн тустай хөдөлмөрөөс ноцтой зайлсхийх, бусдын хүчийг сорон мөлжих нь гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд эдгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлнө.

   2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэрэг бүртгэлт, урьдчилсан мөрдөн байцаалтанд буюу шүүхийн шатанд байгаа бол Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийг баримтлан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ,шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгоно.

   3.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шийтгүүлж ял эдэлсэн буюу энэ тогтоолын дагуу ялаас чөлөөлөгдсөн хүмүүсийг ял шийтгэлгүйд тооцно.

   4.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж уг зүйлээр шүүхээс оногдуулсан ял нь өөр зүйл, хэсгээр оногдуулсан ялд багтсан буюу дээрх зүйлээр оногдуулсан ялд өөр зүйл, хэсгээр оногдуулсан ял багтсан, түүнчлэн гэмт хэрэгт тооцохгүй болсон зүйл, хэсгээр оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн тохиолдолд эдэлсэн ялыг хувь тэнцүүлэн тооцож, эдлээгүй үлдсэн ялыг тогтоосны дараа гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлнө.

   5.Эрүүгийн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсон нутаг заах, уг нутгаас зайлуулах, сахилгажуулах ангид явуулах, олон нийтийн өмнө буруушаах, цэргийн болон тусгай алдар цолыг хасах ялыг үндсэн буюу нэмэгдэл ялын хэлбэрээр эдэлж байгаа хүмүүсийг үлдсэн ялаас Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлж дээрх төрлийн ялыг зөвхөн үндсэн ялын хувьд дангаар хэрэглэхээр заасан гэмт хэргийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгоно.

   6.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн 5-р зүйлийн дагуу энэ тогтоолын 1 дүгээр зүйлд нэрлэн заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж уул ялыг эдэлсэн хүмүүсийг зөвхөн ял шийтгэлгүйд тооцно.

   7.1993 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн заалтад нийцүүлэн хасна.

   8.Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай 1993 оны 6 дугаар сарын 7-ны хуулиар гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан зүйл, хэсгүүдийг 1993 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд хэрэглэнэ.

   9.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан зүйл, хэсэгт урьд дагаж мөрдөж байсан хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хасагдсан байвал,чухамхүү тэр бүрэлдэхүүнээр шийтгүүлсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлж ял шийтгэлгүйд тооцно.

   10.Тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр шийтгүүлж, одоо ял эдэлж байгаа этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар энгийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргээр зүйлчлэгдэх болсон буюу хөнгөн ял оногдуулж болох зүйл, хэсгээр зүйлчлэгдэх болсон бол уг хэргийг эрх бүхий албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан эсэргүүцлээр зохих шатны шүүх хяналтын журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

   11.Энэ тогтоолын 1-6, 9-д заасан ажиллагааг 1993 оны 9 дүгээр сарын 1-ний дотор, 7, 10-д заасан ажиллагааг 1993 оны 10 дугаар сарын 1-ний дотор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаагаас бусад хэргийн тухайд аймаг, нийслэлийн шүүхийн магадлалаар гүйцэтгэнэ.

   12.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хууль, энэ тогтоолыг биелүүлэх ажлыг холбогдох байгууллага албан тушаалтантай хамтран зохион байгуулж дүнг хавсаргасан маягтын дагуу гарган 10 дугаар сарын 10-ны дотор Дээд шүүхэд ирүүлэхийг аймаг, нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчдэд, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид даалгасугай .

ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ДАНГААСҮРЭН