- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА ШҮҮХИЙН ПРАКТИКИЙН ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1984 оны 10 сарын 3
Дугаар 37
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ХЯНАН ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА ШҮҮХИЙН ПРАКТИКИЙН ТУХАЙ
Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ хэргийг бүх талаас нь бүрэн бодитой хянах үүргээ зохих ёсоор биелүүлж анхан шатны шүүхийн алдаа, дутагдлыг тухай бүр нь илрүүлэн арилгаж, ялыг ялгамжтай зөв, шударга оногдуулахад давж заалдах шатны шүүхийн үүрэг, хариуцлагыг дэвшүүлж, энэ ажлыг МАХН-ын Төв хорооны 316-р тогтоолын үзэл санааны дагуу эрс өөрчлөн сайжруулах талаар нэлээд шүүх хангалтгүй ажиллаж байгаад Улсын Дээд Шүүхийн Бүгд хурал зохих дүгнэлт хийж байна.
Анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлалын хууль ёсны, үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүхээс тавих хяналтыг чанартай, улам илүү үр нөлөөтэй болгож, 2-р шатны шүүхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29-р бүлэг /317-346-р зүйл/-ийн заалтыг нэгдмэлээр ойлгож зөв хэрэглэх зорилгоор БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:
1.Давж заалдсан гомдол эсэргүүцлээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хянаж шүүхийн алдаа, зөрчлийг тухайн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө илрүүлэн арилгахад чиглэсэн дээд шатны шүүхийн хяналтын чухал хэлбэр мөн бөгөөд социалист шүүн таслах ажлыг боловсронгуй болгож, үнэн зөв,шударга хэрэгжүүлэх онцгой ач холбогдолтой учир давж заалдах журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал хууль ёсны, үндэслэлтэй эсэхэд тавих хяналт, шаардлагыг эрс дээшлүүлэхийг Улсын Дээд Шүүх, нийт аймаг, хотын шүүхийн шүүх коллегид заасугай.
2.Давж заалдах шатны шүүх нь давж заалдсан гомдол, эсэргүүцэлд анхааралтай хандаж, гарсан санал, хүсэлт,тайлбар, дүгнэлтийг хэрэгт авагдсан болон нэмэлт материалтай харьцуулан бүх талаас нь нягт нямбай судлан үзэж, гомдол, эсэргүүцлээр тавигдсан бүх асуудлыг эрх хэмжээнийхээ дагуу нэг бүрчлэн шийдвэрлэж, үндэслэлээ магадлалд тодорхой дурдаж байхын хамт хэргийг хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлэж байсугай.
3.Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлалд БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317-р зүйлд дурдсан хүмүүс давж заалдах гомдол гаргах,прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Хуулийн үндэслэлгүй гэж үзсэн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал бүрд прокурор зохих шатны шүүхэд давж заалдах эсэргүүцэл бичих үүрэгтэй бөгөөд захиран тушаах болон шүүх хуралд оролцсон буюу тухайн шүүхийн ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокуророос хуулиар тогтоосон хугацаанд бичсэн эсэргүүцэл нь уг хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх үндэслэл болохыг нийт шүүхийн шүүх коллегид заасугай.
Анхан шатны шүүх хэргийн материалыг давж заалдах хугацаа дуусаагүй байхад ямарч байгууллагад явуулж болохгүй.
4.Давж заалдах журмаар эрүүгийн хэргийг хянахдаа уг таслан шийдвэрлэх тогтоол,магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий хүмүүсээс шүүхэд гарган байгаа нэмэгдэл материалыг хэргийг хянан хэлэлцэж байх үед прокурор дүгнэлт өгөх хүртэлх хугацаанд хүлээн авна.
5.Давж заалдах шатны шүүх таслан шийдвэрлэх тогтоолын хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хянаж анхан шатны шүүхийн гаргасан алдаа зөрчлийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан эсэхийг харгалзахгүйгээр хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ дагуу заавал илрүүлж арилгах үүрэгтэй.
6.Давж заалдах журмаар эрүүгийн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах хуулийн заалтын дагуу бусад шүүгдэгчийн талаар давж заалдах гомдол, эсэргүүцэл байгаа эсэхийг харгалзахгүйгээр тэдэнд холбогдох хэргийг нийтэд нь хянаж, шүүгдэгчдийн байдлыг хүндрүүлэхгүйгээр таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг өөрчлөх буюу хүчингүй болгох, хэрэв тийм үндэслэл тогтоогдоогүй бол хэвээр үлдээн давж заалдсан гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож энэ тухай үндэслэлээ магадлалд тодорхой дурдаж байсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342-р зүйл болон шүүгдэгчид яллах бичиг баримт гардуулаагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тогтоол хэрэгт байхгүй, шүүгдэгчид эцсийн үг хэлэх боломж олгоогүй гэх мэт/-өөс таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хүчингүй болгоход хүргэсэн зөрчил илэрсэн тохиолдолд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хэн нь давж заалдсан гомдол гаргасан, хэнд нь холбогдуулан эсэргүүцэл бичсэнийг үл харгалзан таслан шийдвэрлэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож болно.
8.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэний дараа зарим шүүгдэгч, өмгөөлөгч болон хохирогчийн хугацаандаа гаргасан давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцэл ирэх, эсхүл зарим давж заалдах гомдол, эсэргүүцлийн хугацааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321-р зүйлд заасан журмаар сэргээсэн тохиолдолд хэргийн материалыг гомдол, эсэргүүцлийн хамт хяналтын эсэргүүцэл бичих эрх бүхий шүүхийн даргад хянуулахаар хүргүүлж байвал зохино.
Хэрэв дээд шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож буй уг хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр тогтоосон бол давж заалдах шатны шүүхийн хэргийг давж заалдсан гомдол, эсэргүүцлээр дахин хэлэлцэх болсон тухай хэргийн оролцгчдод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319-р зүйлд заасан журмаар мэдэгдэж, хэрэг хянах ажиллагааг ердийн журмаар явуулан давж заалдсан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.
9.Анхан шатны шүүх хуралд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч өөрийн санаачилгаар буюу шүүгдэгчийн хүсэлтээр давж заалдах гомдол гаргах эрхтэй. Давж заалдсан гомдол гаргасан өмгөөлөгч нь шүүгдэгчидтэйгээ зөвшөөрөлцөн давж заалдах шатны шүүхэд өөр өмгөөлөгч оролцуулахаар тохирсон бол шинээр орох өмгөөлөгч нь давж заалдах нэмэгдэл гомдол гаргах эрхтэй.
Өмгөөлөгч давж заалдах шаардлагагүй гэсэн шалтгаар шүүгдэгчийн давж заалдах гэсэн хүсэлтийг татгалзах эрхгүй. Харин шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхэд өмгөөлүүлэхээсээ татгалзсанаа бичгээр ирүүлсэн бөгөөд өөр давж заалдах гомдол, эсэргүүцэл гараагүй бол уг хэргийг өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хянан хэлэлцэхгүй орхино. Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өмгөөлөгч авахыг татгалзсан явдал өмгөөлөгчийн гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүхэд хянахад саад болохгүй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34-р зүйлийн 9,10-д заасан шүүгдэгчийн болон хохирогчийн эцэг, эх, ах, дүү, ойрын садны хүмүүс нь хуулиар тогтоосон журмаар байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон бол тэдний гаргасан гомдол хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх үндэслэл болохыг заасугай.
10.Дээд шатны шүүх давж заалдах журмаар эрүүгийн хэргийг хянахдаа хавтаст хэргийн болон нэмж ирүүлсэн материалыг бүх талаас нь судлахын хамт тухайн хэргийг бодитойгоор шийдвэрлэхийн тулд шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар нэмэгдэл баримт материал шаардаж гаргуулан авах эрхтэй боловч уг нэмэгдэл материалыг мөрдөн байцаалтын аргаар цуглуулан авч болохгүйг анхааруулсугай.
Хэрэв нэмэгдэл материал олж авахын тулд мөрдөн байцаалтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай бол анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байвал зохино.
11.Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нэмэгдэл материалыг хэргийн бусад бүх материалтай харьцуулан дүгнэж үнэлэлт өгөх ёстой учраас тэр нь анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтанд буцаах буюу анхан шатны шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэх тухай магадлал гаргах үндэс болно.
Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нэмэгдэл материалд дурдсан үйл явдлыг анхан шатны шүүхээр дахин шалгуулах буюу үнэлүүлэх шаардлагагүй болох /шүүгдэгч давж заалдах гомдол гаргасныхаа дараа нас барсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг/ нь тогтоогдож байгаагаас бусад тохиолдолд нэмэгдэл материалыг үндэслэн таслан шийдэрлэх тогтоолыг өөрчлөх буюу хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй.
12.Давж заалдах шатны шүүх хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдвол анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, хөнгөн ялтай хууль хэрэглэх эрхтэй. Харин шүүгдэгчийн гэм буруугийн талаар таслан шийдвэрлэх тогтоолд дурдсанаас хүндрүүлэн дүгнэх, ял шийтгэлийг хүндрүүлэх буюу хүнд ялтай хууль хэрэглэх эрхгүй.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон хэд хэдэн ангитай боловч оногдуулж болох ялыг нэгтгэж тогтоосон зүйлээр шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж уг зүйлийн тохирох ангиар зүйлчилж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж болох бөгөөд үүнийг хүнд ялтай хууль хэрэглэсэн гэж үзэхгүйг тайлбарласугай.
13.Давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа хэрэг бүхэлдээ буюу зарим үйлдэл нь эрүүгийн хуулийн 44-р зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагад татаж болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл өршөөл, уучлалын журмаар хэрэгсэхгүй болгосон зэргээр байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй байдал тогтоогдвол таслан шийдвэрлэх тогтоолд өөрчлөлт оруулан тохирох хөнгөн зүйл ангиар зүйлчлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг ялаас чөлөөлж байсугай /Энэ заалтад Улсын дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/.
14.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэрэг хянан хэлэлцээд урьдчилсан мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн байцаалтын ажиллагаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн биш нэг талыг баримталсан гэж үзэж таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмж мөрдөн байцаалгах буюу шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүх коллегийн магадлалд шүүгдэгчийн байдлыг дордуулсан чиглэлтэй заалт өгч болохгүй.
15.Шүүгдэгчид холбогдсон эрүүгийн хуулийн өөр өөр зүйлээр зүйлчлэн ангилагдах хэд хэдэн үйлдлийн зарим нь бүрэн гүйцэд нотлогдоогүй байвал давж заалдах шатны шүүх таслан шийдвэрлэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож нэмж мөрдөн байцаалгах буюу шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр буцаана. Харин хэд хэдэн үйлдлийн зарим нь шүүгдэгчид холбогдолгүй гэж дүгнэвэл таслан шийдвэрлэх тогтоолд өөрчлөлт оруулан тэр хэсгийг нь хэрэгсэхгүй болгож болно.
Давж заалдах шатны шүүх хэд хэдэн шүүгдэгчтэй хэргийг хянахдаа хүн тус бүрт холбогдох хэмжээгээр нэг бүрчлэн хэлэлцэж зарим шүүгдэгчид холбогдох хэрэг бүрэн гүйцэд шалгагдаагүй буюу нотолгоогүй нь тогтоогдвол таслан шийдвэрлэх тогтоолыг бүхэлд нь буюу зарим шүүгдэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож нэмж мөрдөн байцаалгах буюу шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр буцааж бусад шүүгдэгчдэд холбогдох хэсгийг хэвээр үлдээж байвал зохино.
16.Давж заалдах шатны шүүх таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмж мөрдөн байцаалгах буюу шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр буцаахдаа анхан шатны шүүх чухам ямар зөрчил гаргаснаас тогтоол, магадлал хүчингүй болсон, түүнийг яаж зөвтгөх, хэргийн ямар байдлыг тодруулан шалгах тухай магадлалд тодорхой заах ёстой. Гэхдээ мөрдөн байцаах байгууллага, анхан шатны шүүхээс гаргах дүгнэлт, чиглэлийг урьдчилан зааж өгч болохгүй.
17.Анхан шатны шүүх өршөөлийн зарлиг буруу хэрэглэн ялыг үндэсгүйгээр хөнгөрүүлсэн тухай прокурор эсэргүүцэл бичсэн буюу хохирогч гомдол гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331-р зүйлийн 2-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүх хурлаар шинэчлэн хэлэлцүүлэхээр буцааж байсугай.
Хэрэв анхан шатны шүүх өршөөлийн зарлиг буруу хэрэглэсэн боловч тухайн шүүгдэгчид эдлүүлэхээр үлдээсэн ял нь уг хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл ангиар оногдуулахаар заасан ялын хэмжээнд багтаж байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн болон хувийн байдалд тохирно гэж үзвэл давж заалдах шатны шүүх ялыг тэрхүү үлдээсэн ялын хэмжээгээр өөрчлөн тогтоож, таслан шийдвэрлэх тогтоолын өршөөлийн зарлиг хэрэглэсэн заалтыг өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.
18.Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн 37-р зүйлийг журамлан нийлмэл хэрэгт буюу 38-р зүйлийг журамлан хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг багтаах, эсхүл нэмж нэгтгэхдээ гаргасан алдааг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн байдлыг дордуулахгүй бол өөрийн эрх хэмжээний дотор таслан шийдвэрлэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэж болно. Үүнд /Энэ заалтад Улсын дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/:
19.Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэгтний хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд заасан үндэслэлээр таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, торгох зэрэг хорихоос өөр төрлийн буюу хуульд зааснаас хөнгөн ял хэрэглэх, шүүгдэгчид оногдуулсан үндсэн ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн боловч нэмэгдэл ялыг хэвээр үлдээх зэрэг шийдвэрийг гаргаж болно /Энэ заалтыг Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/.
20.Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргагч нь давж заалдах шатны шүүх хуралд биеэр оролцохыг хүссэн бол тэднийг шүүх коллегийн хуралд оролцох бололцоогоор аль болохоор хангаж байсугай.
21.Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасны дараа уг хэргийг шүүх коллеги хянан хэлэлцэхээс өмнө шүүгдэгч нас барсан бол зөвхөн нас барагчийг хэрэгт холбогдолгүй болгон цагаатгах үндэс байвал хэрэг хэлэлцэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна. Үүнээс бусад тохиолдолд шүүгдэгч нас барсан гэдгийг эмнэлгийн комиссын актаар тогтоож таслан шийдвэрлэх тогтоолын нас барагч гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан эд хөрөнгийг хураах, түүний гэм буруугаар бусдад учруулсан хохирлыг өвлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр гаргуулахаас бусад заалтыг хүчингүй болгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-р зүйлийн 5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсугай /Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/.
22.Давж заалдсан гомдол, эсэргүүцлийг хэрхэн шийдвэрлэсэн тухай давж заалдах шатны шүүхийн магадлалын утга агуулгыг шүүгдэгч болон давж заалдах гомдол гаргагчид таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүх уг магадлалыг хүлээн авмагц нэн даруй мэдэгдэж байсугай.
Хэрэв шүүгдэгчийг хорих газраас суллах шийдвэр гарсан бол давж заалдах шатны шүүх магадлалын хуулбарыг нэг хоногийн дотор хорих газрын захиргаанд шууд хүргүүлэн биелүүлж байсугай.
23.Давж заалдах гомдол, эсэргүүцлээр хэрэг хянах явцад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах байгууллагын албан тушаалтнуудын гаргасан зөрчлийг засуулах буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346-р зүйлд зааснаар энгийн магадлал гаргаж холбогдох албан тушаалтан, улс, олон нийтийн байгууллагад мэдэгдэх эрхтэй.
Энгийн магадлалд зөрчлийн байдлыг тодорхой баримтаар дурдаж энэ нь ямар хууль тогтоомжийн ямар заалтанд харшилж байгаа, уг зөрчлийг арилгахад буюу хийх чиглэлийг тодорхойлон өгч энгийн магадлалын биелэлтийг зохион байгуулж гүйцэтгэлийг шалгаж, үр дүнг тооцож байсугай.
24.Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Дээд Шүүхийн эрүүгийн болон цэргийн коллеги, аймаг, хотын шүүхийн шүүх коллегиудад үүрэг болгосугай.
25.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлын 1974 оны 11-р сарын 5-ны өдрийн 9/23-р тогтоолын нэгдүгээр хэсгийн 1, 2, 3, 4, 5-р зүйлүүдийг хүчингүй болсонд тооцсугай.
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Б.ЧИМИД
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АЮУШ
Текст томруулах
A
A
A
