- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 74,172-ЫН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ НЭГ МӨР ОЙЛГОН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ / Энэ тогтоолыг УДШ-ийн 2003-07-09-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 180
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 74,172-ЫН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ НЭГ МӨР ОЙЛГОН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
/ Энэ тогтоолыг УДШ-ийн 2003-07-09-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
1.Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хар тамхи,мансууруулах бодис" гэдэгт Мансууруулах эмийн тухай НҮБ-ын 1961 оны нэгдсэн конвенц /1972 оны протоколоор оруулсан нэмэлт, зааврын хамт/, түүний 1, 2 дугаар хавсралт жагсаалтад заасан эмийн найрлагаас агуулсан, байгалийн болон нийлэгжүүлж гаргасан бөгөөд онцгой төрлийн мансууруулах үйлчилгээ үзүүлж хүч тамир барагдуулдаг, удаан хэрэглэвэл сэтгэцийн хүнд өвчнөөр өвчлүүлдэг бодисуудыг;
"хордуулах бодис"-т өчүүхэн тун нь ч амьд махбодид үхэлд хүргэх үйлчилгээ үзүүлж чадах бодисуудыг , "цацраг идэвхт бодис" гэдэгт тодорхой хэмжээний тун нь амьд махбодид гэмтэл учруулах, цахилгаан соронзон буюу жижиг хэсгийн цацраг ялгаруулан иончлогдон хуваагдах чадвартай байгалийн буюу хиймэл гаралтай бодисуудыг тус тус хамааруулан ойлгоно.Түүнчлэн мөн зүйл, хэсэгт заасан;
"галт зэвсэг" гэдэгт хонгион дахь дарины тэсрэлтийн хүчээр сумыг байнд хүргэх зарчмаар ажилладаг бүх төрлийн зэвсэг /ангийн буунаас бусад/, " байлдааны хэрэгсэл" гэдэгт их буу,бүх төрлийн жижиг буунаас буудах, түүнчлэн бөмбөг шидэхэд зориулсан хэрэгслүүд;
2.Энэ зүйлд заасан хар тамхи, мансууруулах, хордуулах,цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг тодорхойлоход тусгай мэдлэг шаардагдах тул тухайн зүйл нь "хар тамхи", "мансууруулах", "хордуулах", "цацраг идэвхт", "тэсэрч дэлбэрэх бодис"-ын чухам алинд нь, ямар шинж байдлаараа хамаарахыг шинжээчийн дүгнэлт, нотолгооны бусад хэрэгслээр тогтоож, уг зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, үнийг тогтоосон байвал зохино.
3.Эрүүгийн хуулийн энэ зүйлд заасан "хууль бусаар хил нэвтрүүлсэн" гэдэгт тухайн зүйлийг Монгол улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон журмыг зөрчин Монгол улсын хилээр гаргасан, оруулсан, дамжуулан өнгөрүүлсэн үйлдэл багтах бөгөөд түүний өмчлөгч, эзэмшигч, тоо ширхэг, үнэ өртөг нэвтрүүлсэн арга зэргээс хамаарахгүйгээр гэмт хэрэгт тооцогдоно.
4.Эрүүгийн хуулийн 172-ын 1 дүгээр зүйлд дурдсан "...хориглосон эд зүйл" гэдэг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр гаргах, оруулахыг эсхүл зөвхөн гаргахыг буюу оруулахыг, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг;
5.Эрүүгийн хуулийн мөн зүйл,хэсэгт заасан "валют"-д Монгол улсын валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын үндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж," мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйл"-ийг, валютын "үнэт зүйл"гэдэгт дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "мөнгөжсөн алттай адилтгах үнэт металл, эрдэнийн чулууг ", "эрдэс" гэдэгт газрын гүнд буюу гадарга дээр физик-химийн процессын явцад бүрэлдэн тогтсон, химийн найрлага, физикийн шинж чанараараа нэг төрөл болох байгалийн биетийг хамааруулна.
6.Эрүүгийн хуулийн 172-ын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "цул алт" гэдэгт Валютын золхицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэгт заасан мөнгөжсөн болон цэвэршүүлсэн алт,түүнчлэн байгалийн төрхөөрөө олдсон томоохон хэмжээний буюу гоц хэлбэр дүрсийн алтыг, "эртний амьтан,ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, музейн үнэт үзмэр, түүх археологийн дурсгалт зүйл"-д Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн дагуу байгуулсан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөс тухайн зүйл болохыг тодорхойлсон зүйлийг хамааруулна.
7.Эрүүгийн хуулийн 172-ын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг таслан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийн хамт " Монгол улсын валютын зохицуулалтын тухай хууль", "Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль", тэдгээртэй нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Монгол улсын Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагын шийдвэр барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай" олон улсын конвенцийн заалт зэргийг баримталж байвал зохино.
8.Эрүүгийн хуулийн 172@a1@b-p зүйлийн 1 дэх хэсэгт дурьдсан хилээр хууль бусаар нэвтрүүлсэн "Валют, валютын үнэт зүйл"-ийн үнийн дүн нь 50 мянган төгрөгөөс дээш бол гэмт хэрэг болох бөгөөд энэ хэмжээнээс доош бол мөн төрлийн зөрчилд хамаарна. Харин энэ зүйлд нэрлэж дурьдсанаас бусад эд зүйлийг зөвхөн "их хэмжээтэй" хууль бусаар хил нэвтрүүлсэн тохиолдолд гэмт хэрэг болно (Энэ заалтыг Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).
9.Эрүүгийн хуулийн 172@a1@b-p зүйлийн 1 дэх хэсэгт заасан "их хэмжээ" гэдэгт 1 сая 500 мянга буюу түүнээс дээш төгрөгийн үнэ бүхий эд зүйл хамаарна. Харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлан нэрлэж заасан зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь тухайн зүйлийн тоо, хэмжээ, үнийн дүнгээс хамаарахгүйгээр гэмт хэрэг болно (Энэ заалтыг Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).
10.Эрүүгийн хуулийн 74,172-ын 1 дүгээр зүйлд заасан "хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн" гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн гарцгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, гаалийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах , гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар мөн зүйлд заасан эд зүйлийг Монгол Улсын гааль хилийн үзлэг шалгалтад өртүүлэлгүй гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл хамаарах бөгөөд энэ тохиолдолд уг гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцно. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 3, 16 дугаар зүйл, Гаалийн хуулийн 5 дугаар зүйл, 4-р зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан " улсын хил", "хилийн боомт", "хилийн гарц", "гаалийн хил" дээр, гааль, хилийн үзлэг шалгалтаар илэрсэн бол завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
11.Эрүүгийн хуулийн 74, 172-ын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "давтан үйлдсэн" гэдэгт энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдэж шүүхээр шийтгүүлсэн, шийтгүүлээгүйн аль алиныг хамааруулж ойлгоно. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй, ял шийтгэлгүй болох хуульд заасан хугацаа үйлдэл тус бүрт өнгөрөөгүй, хуульд заасан бусад үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөөгүй байна
12.Эдгээр зүйлд заасан "зохион байгуулалттай бүлэг этгээд" гэдгийг Монгол улсын Дээд шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар тогтоолд тайлбарласны дагуу ойлгоно.
13.Эрүүгийн хуулийн 74,172-ын 1 дүгээр зүйлд заасан "албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж үйлдсэн" гэдэгт Эрүүгийн хуулийн наймдугаар бүлгийн тайлбарт тодорхойлсон албан тушаалтан, төрийн төлөөлөгч өөрийн албаны бүрэн эрх, хууль тогтоомжийн дагуу гаалийн үзлэг шалгалтаас чөлөөлөгдсөн байдал, түүнчлэн хил, гаалийн бүсэд нэвтрэх, хяналт шалгалт хийх, уг ажлыг зохион байгуулж зохицуулах, хилээр бараа бүтээгдэхүүн, түүхий эд гаргах, оруулах зөвшөөрөл олгох зэрэг бүрэн эрх, албан тушаалынхаа байдлыг ашиглан энэхүү зүйлд тухайлан нэрлэсэн зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхэд тус дөхөм үзүүлснийг ойлгоно. Энэ тохиолдолд албан тушаалтны тухайн үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн 182, 193,194, 292, 293 дугаар зүйлээр давхар зүйлчлэх шаардлагагүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлийг баримтлан тодорхой албан тушаал эрхлэх, тодорхой үйл ажиллагаагаа явуулах эрхийг нь хасах нэмэгдэл ялыг хэрэглэж болно.
14.Эрүүгийн хуулийн 74, 172-ын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх замаар бий болгосон эд зүйл, хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, хууль бусаар хил нэвтрүүлсэн бараа, эд зүйл, олсон ашиг орлогыг Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлд заасан хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах журмаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84-р зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан дагуу улсын орлого болгох замаар хурааж байвал зохино.
15.Гэм буруутай этгээд нь эрүүгийн хуулийн 74, 172-ын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхийн зэрэгцээ улсын хил хууль бусаар нэвтрэх, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон радио идэвхт бодисыг ашиглан шамшигдуулсан, хийж бэлтгэх, олж авах, хадгалах, борлуулах, ашиглах, тээвэрлэх, илгээх журам зөрчих, албан татвар төлөхөөс зайлсхийх гэх мэт бусад гэмт хэрэг үйлдсэн бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж байвал зохино.
Хоёр.Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон, түүнчлэн энэ тогтоол гарсантай холбогдуулж БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
Текст томруулах
A
A
A
