A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 32 ДУГААР ЗҮЙЛИЙГ НЭГ МӨР ОЙЛГОН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ / Энэ тогтоолыг УДШ-ийн 2006-02-20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

                                                                 ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 32 ДУГААР ЗҮЙЛИЙГ НЭГ МӨР ОЙЛГОН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
                                                             / Энэ тогтоолыг УДШ-ийн 2006-02-20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
 

Хэвлэх

Эд хөрөнгө хураах ялын тухай Монгол Улсын Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн заалтыг нэгдмэлээр ойлгон шүүн таслах ажиллагаанд зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол улсын дээд шүүхээс ТОГТООХ нь:

Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн "Гэмт үйлдлийн улмаас бий болгосон эд зүйл" гэдэгт гэм буруутай этгээд нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэж хууль бусаар шууд олж авсан иргэний хуульд заасан өмчлөлийн зүйлсийг ойлгоно. Жишээлбэл: хулгайлах, булаах болон дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж авсан эд хөрөнгө мөнгөн тэмдэгт, үнэт цаас, шуудангийн марк, зорчигчийн болон ачааны билет зэрэг нь гэмт үйлдлийн улмаас бий болгосон эд зүйлд хамаарна.

2.Мөн зүйлийн "Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл"-д гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор уршиг, аюулыг ихэсгэх, түргэсгэх, хүч нэмэгдүүлэх, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, учирч болох саадыг зайлуулах, гэмт үйлдлээр олж авсан эд зүйлийг тээж зөөвөрлөх, гэмт хэргийн газраас зугатах зэрэгт хэрэглэсэн төрөл бүрийн галт болон хүйтэн зэвсэг, тээврийн төрөл бүрийн хэрэгсэл хориотой үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан техник тоног төхөөрөмж, түүхий эд, багаж хэрэгсэл зэрэг хамаарна.

3.Мөн зүйлийн "Гэмт үйлдлийн замаар олсон ашиг, орлого" гэдэгт гэм буруутай этгээд гэмт хэрэг үйлдэж олж авсан эд хөрөнгө түүний дотор төгрөг, валютыг аж ахуйн эргэлтэд оруулсны үр дүнд олж авсан эд хөрөнгө, ашиг орлого, түүнчлэн эдгээр эд хөрөнгийг ашиглах явцад бий болсон үр төл, бүтээгдэхүүн, орлогыг хамааруулан ойлговол зохино. Тухайлбал, хулгайлсан, булаасан, дээрэмдсэн, итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг авч завшсан, залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олж авсан мөнгө, эд хөрөнгийг бусдад хүүтэйгээр зээлүүлэх, илүү өндөр үнээр худалдан борлуулах, үнө төлббөртэйгээр бусдад ашиглуулах зэргээр ашиг олох, түүнчлэн гэмт үйлдлийн замаар олж авсан эд зүйлийг эзэмших, ашиглах явцад гарсан үр төл, тэдгээрийг ашиглан үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн нь гэмт үйлдлийн замаар олсон ашиг, орлогод хамаарна.

4.Гэмт үйлдлийн улмаас бий болгосон эд зүйл, хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, олсон ашиг орлого, тэдгээрийн үнийг урьдчилсан мөрдөн байцаалтын явцад зохих журмын дагуу нэгбүрчлэн тогтоосон байвал зохино.

5.Гэмт үйлдлийн улмаас бий болгосон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон ашиг, орлогыг зөвхөн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын чанартайгаар үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж улсын орлогод шилжүүлж байна.

6.Шүүх эд хөрөнгө хураах ял оногдуулахдаа чухам ямар аргаар олж авсан, ямар нэрийн, ямар хэмжээний үнэтэй эд хөрөнгө, мөнгө хурааж байгаа тухайгаа таслан шийдвэрлэх тогтоолд нэгбүрчлэн зааж байвал зохино.

7.Гэмт үйлдлийн улмаас бий болгосон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон ашиг орлого болох нь тогтоогдсон эд хөрөнгө, мөнгийг шаардлагатай тохиолдолд гэм буруутай этгээдийн бусдад учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлүүлэхэд хуваарилан олгож болох бөгөөд үлдсэнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын чанартайгаар улсын орлогод шилжүүлж байх нь зүйтэй.

8.Тэгэхдээ гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь нотлогдсон тохиолдолд түүнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын журмаар үнэ төлбөргүй хурааж улсын орлого болгоно. Харин гэм буруутай этгээд нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалд байсан зэвсэг, хэрэгслийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлж гэмт үйлдэлдээ хэрэглэсэн бол тэдгээрийг эд хөрөнгө хураах ялын журмаар хурааж улсын орлого болгохгүйгээр жинхэнэ өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид шилжүүлж байвал зохино.

9.Гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь уг хэргийн эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсаргадан шүүхэд ирсэн тохиолдолд уг зэвсэг, хэрэгслийн онцлогоос хамаарч түүнийг устгах, улсын орлого болгох алиныг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн шийдвэрлэж байвал зохино.

10.Эд хөрөнгө хураах ялыг буцаан хэрэглэхгүй бөгөөд 1993 оны 8 дугаар сарын 1-нээс хойш гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамааруулан хэрэглэнэ. Харин 1993 оны 8 дугаар сарын 1-нээс өмнө эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелэгдээгүй байсан бол гэм буруутай этгээдийг уг ялаас шүүх чөлөөлнө.

11.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж байгаа шүүхийн практикийн тухай" Дээд шүүхийн бүгд хурлын 1982 оны 46 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.АЛТАНГЭРЭЛ