- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1998 оны 08 сарын 17
№ 315
Улаанбаатар хот
Анхан шатны шүүхээс ялыг үндэслэлгүй тэнссэн буюу хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, зөрчил гаргасан тохиолдолд даюж заалдах болон хяналтын шатны шүүх уг зөрчлийг дор бүр нь илрүүлж шуурхай арилгах, дахин гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийг нэгдмэлээр ойлгож зөв хэрэглэх, дээр дурьдсан зөрчил дутагдлыг арилгах, ял тэнсэхийн гэм буруутай этгээдийг засан хүмүүжүүлэх хууль зүйн ач холбогдлыг дуушлүүлэх зорилгоор Мон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн зарим хэсэг, заатыг доор дурьдсанаар тайлбарласугай:
1. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан "тэнсэх" гэдэг нь шүүхээс оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхгүй байх тодорхой хугацаа тогтоож, уг хугацаанд тухайн этгээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаар хяналт тавиулах, хэрэв гэмт хэрэг шинээр үйлдвэл сүүлчийн хэрэгт оногдуулсан ял дээр түрүүчийн таслан шийдвэрлэх тогтоолоор тэнсэгдсэн ялыг зохих журмын дагуу нэмж эдлүүлдэг, мөн хянан харгалзсан хугацаанд зөрчил... гаргасан тохиолдолд эрх бүхий иргэний хүсэлт, албан тушаалтны санал, дүгнэлтээр урьд нь тэнсэгдсэн ялыг биечлэн эдлүүлэх нөхцлийн доор гэм буруутай этгээдийг бусдын нөлөө, хяналтын дор хүмүүжүүлэх, засан хүмүүжүүлэх боломж болгодог хорих болон засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял эдлүүлэх хэлбэр мөн.
2. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хэргийн нөхцөл байдал" гэдэгт Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гарах болсон шалтгаан, сэдэлт, гэмт санаа зоригоо хэрэгжүүлсэн арга, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нийгэм, иргэдэд учруулсан хохирлын хэмжээ, түүнийгээ арилгасан байдал, гэм буруугаа ойлгосон байдал зэрэг тодорхой гэмт хэргийн болон гэм буруутай этгээдийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг үлэмж багасгасан, тухайн этгээдэд оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн нөхцөл байдлуудыг ойлгоно.
3. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "гэм буруутай этгээдийн хувийн байдал" гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн хөдөлмөр, сурлага, иргэний болон олон нийтийн үүрэгт хандах хандлага, ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, зуршил, нас, хөдөлмөрийн чадвар, биеийн эрүүл мэнд, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, амьдралын түвшин, ажил амьдралын дадлага туршлага, ял шийтгэл, шагнал урамшил зэрэг нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.
4. Мөн зүйл хэсгийн "ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрнэ" гэдэг нь гэмт хэргийн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн хувийн байдалд үнэлэлт өгсний үндсэн дээр шүүх тухайн этгээдийг заавал нийгмээс тусгаарлан хорих болон засан хүмүүжүүлэх ажил хийлгэх биечлэн эдлүүлэхгүйгээр хүсэлт гаргасан буюу шүүхээс даалгасан байгууллагын захиргаа, хамт олон, иргэдийн нөлөөллийн дор хүмүүжүүлэх, засан хүмүүжүүлэх боломжтой гэж үзсэн үндэслэл бүхий дүгнэлтэд хүрэхийг ойлгоно. Энэхүү дүгнэлтэд хүрсэн үндэслэлээ шүүх таслан шийдвэрлэх тогтоолын хяналтын хэсэгт нэг бүрчлэн тодорхой нэрлэн зааж байвал зохино.
5. Эрүүгийн хуулийн 40-р зүйлийн 1 дэх хэсгийн "…таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхгүй байхаар шүүх тогтооно" гэснийг тухайн гэм буруутай этгээдэд оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрч түүнд Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын заалтыг ойлгох бөгөөд хянан харгалзах хугацаа дуусаагүй байхад уг хугацааг зогсоохоор шүүх тогтоож болох ойлголт биш болно.
6. Шүүх гэм буруутай этгээдэд оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг тэнсэхдээ тухайн этгээдийн оршин суугаа сум, дүүргийн засаг дарга болон тэнсэхийг хүсэж хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хүсэлтийг үндэслэж, хүсэлт гаргаагүй боловч шүүх шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, цэргийн анги, байгууллагад хариуцуулан Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгийн баримтлан тэнсэж, хянан харгалзах хугацааг 1-5 жилийн хугацаагаар тогтооно. Хэрэв гэмт этгээдэд оногдуулсан ялыг тэнсэх хүсэлт гаргасан байгууллага, иргэдийн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн бол энэ тухай үндэслэлээ таслан шийдвэрлэх тогтоолд тодорхой зааж байвал зохино.
7. Шүүхээс оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг аль ч шатны шүүх /анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүх/ тэнссэн тохиолдолд хянан харгалзах хугацааг таслан шийдвэрлэх тогтоолыг уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох бөгөөд тэнсэгдсэн этгээд хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол уг хугацаа дуусмагц ял шийтгэлгүй болсон гэж үзнэ.
8. Тэнсэгдсэн этгээд хянан харгалзах хугацааг дуусаагүй байхад шинээр гэмт хэрэг үйлдвэл шүүх сүүлчийн хэрэгт нь зохих зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг ял дээр түрүүчийн таслан шийдвэрлэх тогтоолоор тэнсэгдсэн ялыг бүгдийг буюу заримыг заавал нэмж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтооно. Ийнхүү нэмж нэгтгэсэн ялын дээд хязгаарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22, 27-р зүйлд заасан тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Харин 15 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох онц хүнд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдийн хорих ялыг 25 жилээс хэтрүүлж болохгүй.
9. Таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг тэнсэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь таслан шийдвэрлэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тэнсэгдсэн ялыг сэргээж, Эрүүгийн хуулийн 37-р зүйлийг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмэх замаар нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно.
10. Таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг тэнссэний дараа хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан ял нь тэнсэгдсэн ял дээр нэмж нэгтгэх боломжгүй, өөр төрлийн ял байгаа тохиолдолд урьдах тогтоолоор тэнсэгдсэн ялыг бүгдийг сэргээж, Эрүүгийн хуулийн 38-р зүйлийн 6-р заалтыг баримтлан сүүлчийн тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр таслан шийдвэрлэх тогтоолд заана.
11. Ял тэнсэх нь тэнсэгдсэн ял дахин сэргээгдэж болох хууль зүйн үр дагавартайг харгалзан үзэж үндсэн ялын хэмжээг хэргийн байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохируулан оногдуулж, улмаар хянан харгалзах хугацааг оногдуулсан ялынхаа хэмжээтэй харьцуулан оновчтой тогтоож байвал зохино.
12. Хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу урьд нь хорих ял шийтгүүлж биеэр эдэлж байсан, тэнсэгдэж байсан, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан этгээд, түүнчлэн анх удаа боловч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл нэг төрлийн хэргийг давтан үйлдсэн этгээдэд оногдуулсан хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг тэнсэх нь хуулийн агуулга, төрийн ялын бодлогын шаардлага, ялын зорилгод үл нийцэх тул тийм этгээдэд Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг туйлын хязгаартай хэрэглэж байх нь зүйтэй.
13. Хянан харгалзах хугацаанд хөдөлмөрийн сахилга, нийгмийн хэв журмыг зөрчсөн, эсхүл захиргааны шийтгэлийн буюу сахилгын арга хэмжээ авагдаж итгэл найдварыг хөсөрдүүлсэн этгээдэд оногдуулсан ялыг тэнссэнийг нь хүчингүй болгуулахаар гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүсэлт засаг дарга, цагдаагийн байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг тухайн нутаг дэвсгэрийн шүүх хүлээн авч ЭБШ хуулийн 360 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуралдаанд прокурор, өмгөөлөгчийг оролцуулан хэлэлцээд захирамж гарган шуурхай шийдвэрлэж байсугай.
14. Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 33 дугаар зүйлийг хэрэглэж байгаа шүүхийн практикийн тухай БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1984 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ДАМИРАНСҮРЭН
Текст томруулах
A
A
A
