A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1999 оны 01 сарын 29

№ 29

Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 46 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

   Монгол Улсын Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

   1. Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

   Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн" гэдэгт шүүхээр хянан хэлэлцэх үед тухайн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан боловч ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасан бусад шинж чанараа алдах эсхүл уул хэргийг үйлдсэн этгээд нийгэмд аюулгуй болоход хүргэсэн, нийт улс орон даяар буюу тодорхой бүс нутгийн хэмжээнд гарсан, нийгэм-улс төрийн буюу нийгэм-эдийн засгийн гүнзгий өөрчлөлт гарсныг хамааруулж ойлгоно.

   Энэхүү өөрчлөелт нь Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнөгөрүүлэх нөхцөл байдал бус агуулга, шинж төрх, цар хэмжээгээрээ тухайн хэргийг гэмт хэрэгт тооцох буюу тухайн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах нь Эрүүгийн хуулийн зорилт, зарчим, гэмт хэргийн тухай ойлголт, ялын зорилгод нийцэхгүйд хүргэсэн нөхцөл байдал болно.

   2. Мөн зүйл, хэсэгт заасан "хэрэг нийгэмд аюултай шинж чанараа алдсан" гэдэгт хэрэг үйлдэх үеийн нийгэм-улс төр, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал энэ тогтоолын нэг дэх хэсэгт зааснаар өөрчлөгдсөнөөс тухайн үйлдэл, эс үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцогдсон хэвээр боловч бодит байдалдаа ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бусад шинж чанараа алдсаныг ойлгоно.

   Жишээлбэл: Улс оронд ардчилсан өөрчлөлтүүд гарч, зах зээлийн харилцаанд шилжиж, хүний эрхийг дээдлэх болсонтой холбогдуулж төр, засгийн бодлого шийдвэрийг шүүмжлэх, дамын худалдаа хийх, хувиараа хөдөлмөр эрхлэх, нийгмийн тусгай хөдөлмөрөөс зайлсхийх зэрэг нилээд үлйдлүүд гэмт хэргийн шинж чанараа алдаж, Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрхт ойлголтонд хамаарахуйц байснаа улмаар Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлт орсны дараа гэмт хэрэгт тооцогдохоо больсон зэрэгтэй дүйцэхээр нөхцөл байдлууд болно.

   3. Мөн зүйл хэсэгт дурьдсан "уг этгээд нийгэмд аюулгуй болсон" гэдэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш хэргийг шүүхээр хэлэлцэх хүртэлх хугацаанд цаг үеийн нөхцөл байдал энэ тогтоолын нэг дэх хэсэгт зааснаар өөрчлөгдсөнөөс Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан боловч энэ тогтоолын 2 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд нийгэмд аюулгүй байхыг ойлгоно.

   4. Энэ тогтоолын 1, 2, 3 дугаар заалтаар тайлбарласан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд шүүх гэмт хэрэгт холбогдсон тухайн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх буюу оногдуулсан ялыг эдлэхээс хугацааны өмнө суллана. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж шүүх үзсэн, ямар үндэслэл, шалтгаанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаагаа тодорхой дурьдаж, нэг шүүгдэгчтэй нэг хэргийн хувьд шүүх хуралдаанаас тогтоол гаргах замаар, хэд хэдэн шүүгдэгчтэй хэргийн зарим шүүгдэгчтэй холбоотой буюу хэд хэдэн хэрэгтэй нэг шүүгдэгчийн зарим хэргийн хувьд таслан шийдвэрлэх тогтоолын холбогдох заалтаар ял шийтгэл оногдуулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэж байна.

   5. Энэ тогтоолд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн буюу эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн гэм буруугаас учирсан хохирол, төлбөрийн асуудлыг Иргэний хууль тогтоомжид нийцүүлэн шүүх шийдвэрлэж болно.

   6. Хэрэв цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хэрэг нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу шийтгүүлсэн этгээд нийгэмд аюулгүй болсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан оногдуулсан ялыг эдлэхээс хугацааны нь өмнө суллаж байгаа бол шүүгч үндэслэл бүхий захирамж гаргах бөгөөд эдлээгүй үлдсэн ял нь хянан харгалзах хугацаа болохгүй, түүнийг өөр хөнгөн ялаар солихгүй. Үүгээрээ 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх нь Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлд заасан хугацаанаас нь өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солихоос ялгагдана. Ийнхүү үлдсэн ялаас суллагдсан этгээд ял шийтгэлгүй болох асуудал нь Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан нийтлэг журмын дагуу шийдвэрлэгдэнэ.

   7. Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн этгээд тухайн төрлийн буюу бусад хэргийг үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг давтан үйлдсэн гэж зүйлчилж болохгүй.

   8. Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн явдал уг этгээдэд тухайн хэрэг, зөрчилд нь хууль тогтоомжийн дагуу захиргааны болон сахилгын шийтгэл хулээлгэх, хохирол гаргуулах асуудлыг үгүйсгэхгүй боловч шүүх энэ асуудлыг өөрөө санаачлахгүй, харин эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан гаргасан шийдвэрийнхээ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж болно.

   9. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулж Эруугийн хуулийн 46, 47, 48, 49 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай " Дээд шүүхийн бүгд хурлын 1987 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 44 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН ШҮҮГЧ Ч.ГАНБАТ