A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1996 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 244

Улаанбаатар хот

                                                                 ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 216 ДУГААР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

   Монгол Улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ нь:

   Эрүүгийн хуулийн "Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх" гэсэн 216 дугаар зүйлийг дор дурдсанаар тайлбарласугай:

   1.Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн "хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн буюу шүүгчийн тогтоолыг /цаашид шүүхийн шийдвэр гэх/ санаатай биелүүлээгүй" гэдэгт шүүхийн шийдвэрт нэр заагдсан этгээд /шүүгдэгч, хариуцагч зэрэг/ шүүхийн шийдвэрийн заалтыг хуульд заасан буюу шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс зайлсхийж, цалин, орлого эд хөрөнгөө нуун дарагдуулах, хуурамч гэрээ хэлцлээр бусдад шилжүүлэх, оршин суугаа газраа өөрчилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас оргон зайлах зэргээр биелүүлэхгүй байхыг ойлгоно. Түүнчлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг /цалингаас суутгал хийх, мөнгө шилжүүлэх гэх мэт/ хуулиар хүлээсэн этгээд энэ үүргээ санаатай биелүүлээгүйг энэ ойлголтод хамааруулна.

   2.Мөн зүйлийн "шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд зориуд саад учруулсан" гэдэгт шүүхийн шийдвэр биелүүлэх үүрэг бүхий этгээдээс уул шийдвэрийг биелүүлэхэд нь үүрэг даалгавар өгөх, шийдвэр, үйл ажиллагааг нь зогсоох зэргээр саад учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад нь цалин орлого, эд хөрөнгийг нуун дарагдуулах, хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, шүүхийн шийдвэр биелүүлэх үүрэг бүхий этгээдийг нуух, оргон зайлсхийхэд нь тус дэмжлэг үзүүлэх зэргээр санаатайгаар саатуулсан албан тушаалтан, иргэдийн үйлдэл, эс үйлдэхүй хамаарна.

   3.Мөн зүйлийн шүүхийн шийдвэрийг "санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан" гэдгийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "шүүхийн шийдвэр, шаардлагыг тогтоосон хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу биелүүлэхэд саад учруулсан", 30 /4/ дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, хуурамч гэрээ хийж, эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, нуусан" гэдгээс ялгахдаа үйлдлийн шинж чанар, арга, төлбөрийн хэмжээ, төлбөрийн чадвар, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацаа, шалтгаан болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж байна.

   4.Эрүүгийн хуулийн дагуу оногдуулсан зарим төрлийн ялыг эдлэхээс ноцтойгоор зайлсхийж, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн "Торгох ялыг хорих ялаар солих тухай санал гаргах" гэсэн 11 дүгээр зүйл, "Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ял биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага" гэсэн 13 дугаар зүйл, "Эд хөрөнгө хураах ялыг биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэх" гэсэн 15 дугаар зүйлд заасны нэгэн адил Эрүүгийн болон бусад хуульд тусгайлан заасан бол эдгээр зүйлийг хэрэглэж Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийг хэрэглэхгүй. Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн бусад шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай бусад хуульд тусгайлан заасан бол Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийг нэгэн адил хэрэглэхгүй.

   5.Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийг 1996 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд заасан тул энэ зүйлийг 1996 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө буюу хойно гарч хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ өдөр болон түүнээс хойно биелээгүй байгаа шүүхийн бүх шийдвэрт хамааруулан хэрэглэнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.НАМСРАЙЖАВ