A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 51

Улаанбаатаp хот

                                                                   
                                                                      ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 292, 293 ДУГААР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

   БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлийг шүүхийн практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэхийн тулд БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь цэргийн дарга буюу албан тушаалтнаас өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдал, бүрэн эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчиж, улмаар цэргийн удирдлагын байгууллагын захирамжлан удирдах хэвийн зөв үйл ажиллагаанд халдсан онцлог шинжтэй байдгаараа цэргийн дарга буюу албан тушаалтны үйлдсэн бусад төрлийн гэмт хэргээс ялгагдахыг тайлбарласугай.

   Иймд цэргийн алба хаах журмын эсрэг чиглэсэн боловч цэргийн удирдлагын байгууллагын хэвийн зөв үйл ажиллагаанд халдаагүй үйлдлийг цэргийн дарга буюу албан тушаалтан үйлдсэн байлаа ч энэ хоёр зүйлээр зүйлчлэхгүйг заасугай.

   2.Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлд заасан "дарга" гэдэг ойлголтод БНМАУ-ын Зэвсэгт хүчний дотоод албаны дүрэм болон цэргийн бусад дүрмүүдэд заасанчлан өөрсдийн эрхэлж байгаа албан тушаал болон цэргийн цолны байдлаараа Зэвсэгт хүчин даргалах бүрэлдэхүүнд багтаж байгаа цэргийн албан хаагчид хамаарч болохыг тайлбарласугай.

   "Дарга" гэдэг ойлголтод захиран командлах, удирдан зохион байгуулах, цэргийн анги, салбар, байгууллага, бие бүрэлдэхүүн, захирагдагсаддаа үүрэг, тушаал өгөх, сайшаал, сахилгын арга хэмжээ авах эрх бүхий даргалах бүрэлдэхүүнд багтсан, тодорхой албан тушаалын үүргийг байнга буюу түр хугацаагаар эрхлэн гүйцэтгэж байгаа бүх зэрэг тушаалын генерал, офицер, ахлагч, түрүүч нарыг хамааруулж болно.

   "Албан тушаалтан" гэдэг ойлголтод эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн тайлбарт дурдсан засгийн төлөөлөгч, захирамжлах-зохион байгуулах, захиргаа аж ахуйн үүргийн аль нэгийг байнга буюу түр эрхэлж байгаа, эсхүл тийм үүргийг тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчид хамаарахыг тайлбарласугай.

   Иймд цэргийн анги, нэгтгэл, байгууллагын даргын тушаал шийдвэрээр байнга буюу түр үүрэг гүйцэтгэж байгаа харуулын захирал, хилийн манаа болон байнгын постын ахлагч, комендатын жижүүр, эргүүлийн ахлагч, эргүүлийн байцаагч, сахилгын хорих байрын дарга, ээлжийн ахлагч, сэргийлэгч, гудамж замын хөдөлгөөний зохицуулагч, хорих колониудын хянагч, гал командын ээлжийн дарга зэрэг хүмүүсийг зөвхөн дээрх 3 шинжийг бүхэлд нь буюу түүний аль нэг шинжийг агуулсан албан үүргээ гүйцэтгэх үед нь албан тушаалтан гэж үзэх бөгөөд энэ үедээ цэргийн удирдлагын байгууллагын захирамжлан удирдах хэвийн зөв үйл ажиллагаанд халдсан бол цэргийн албан тушаалтын гэмт хэргийн субъектэд тооцож болно. Харин гүйцэтгэж байгаа үүрэг нь байнгын байлаа ч засгийн төлөөлөгч, захирамжлан зохион байгуулах, захиргаа-аж ахуйн үүрэгтэй холбоогүй бол албан тушаалтанд тооцохгүй.

   3.Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлд заасан "эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулах" гэдэг ойлголтод цэргийн дарга буюу албан тушаалтнаас өөрт нэгэнт байгаа эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг энэ албан тушаалаар олгогдсон хэм хэмжээнийх нь дотор боловч албан ажлын ашиг сонирхолд санаатайгаар харш ашигласан явдал хамаарахыг тайлбарласугай.

   "Эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг хэтрүүлэх" гэдэг ойлголтод цэргийн дарга буюу албан тушаалтан өөртөө хуулиар олгогдсон эрх, бүрэн эрхээсээ илт хэтэрсэн үйлдлийг санаатайгаар хийсэн явдал хамаарахыг заасугай.

   Энэ үйлдэлд заасан "албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх" гэдэг ойлголтод цэргийн дарга буюу албан тушаалтан цэргийн албаны хувьд өөрөө заавал гүйцэтгэх ёстой үйлдлийг санаатайгаар гүйцэтгээгүй эс үйлдэл буюу идэвхгүй байдлыг хамааруулж ойлгохыг тайлбарласугай.

   4.Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлд заасан "Албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх" нь санаатай хэрэг бөгөөд энэ шинжээрээ 293 дугаар зүйлд заасан "албандаа хайнга хандах"-аас ялгагдахыг заасугай.

   Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлд заасан "Албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх" нь эс үйлдлээр илэрдгээрээ мөн зүйлийн "хэтрүүлэх ба урвуулахын" аль алинаас ялгаатай бөгөөд хэрэгжүүлэх ёстой үйлдэл нь тухайн дарга буюу албан тушаалтанд олгогдсон бүрэн эрх хэмжээний дотор багтаж байдгаараа мөн зүйлийн "хэтрүүлэхээс" ялгагдахыг тус тус тайлбарласугай.
   

   5.Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бага бус гэм хор" гэдэг ойлголтод цэргийн албан тушаалын гэмт хэргээс үүдэн гарсан бөгөөд цэргийн, удирдлагын байгууллагын хэвийн зөв ажиллагаа, нэр хүнд, цэргийн энгийн аль ч байгууллага, цэргийн албан хаагчид болон ард иргэдийн эд хөрөнгө, эрх чөлөө, ёс суртахууны ашиг сонирхолд хор хүргэсэн материаллаг болон материаллаг бус аливаа хэлбэрийн тэгэхдээ нийгмийн хор аюулын хэмжээгээрээ багагүй хохирол хамаарах бөгөөд улс, хоршоолол, олон нийт, цэргийн байгууллагад учруулсан материалын хохирлыг мөнгөн илэрхийлэлд оруулснаар авч үзэхэд 50000-1500000 төгрөгийн хохирлыг ойлгоно (Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 524 дүгээр тогтоолоор өөрчилсөн).

   6.Эрүүгийн хуулийн 293 дугаар зүйлд заасан "Албандаа хайнга хандах" гэдэг ойлголтод цэргийн дарга буюу албан тушаалтнаас эрхэлсэн ажилдаа үнэнчээр өөриймсөг хандаагүйн улмаас албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс "бага бус гэм хор" эсхүл "хүнд хор уршиг" учруулсан болгоомжгүй эс үйлдэл, идэвхгүй байдал хамаарахыг тайлбарласугай.

   Албандаа хайнга хандах нь тухайн этгээдийн зөвхөл албаны эрх мэдлийн хэмжээн багтах тэр үйлдлийг хийгээгүй буюу зохих ёсоор хийгээгүй байдал бий болсон байхыг шаарддаг учир тодорхой хэрэг бүрт уг үйлдэл нь тухайн дарга, албан тушаалтны эрх мэдлийн хэмжээнд багтаж байсан эсэх, чухам юуг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйг заавал тогтоох шаардлагатай хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхүүдэд заасугай. 

   Дарга буюу албан тушаалтан нь албаны эрх, мэдлийн хувьд биелүүлэх үүрэгтэй байсан төдийгүй, тийм боломж бодитой байсан зөвхөн тэр нөхцөлд албандаа хайнга хандсан гэмт хэргийн бүрэлдэхүүн бий болдгийг анхаарсугай.

   7.Албандаа хайнга хандсаны улмаас материаллаг болон материаллаг бус хэлбэрээр "бага бус гэм хор" эсхүл "хүнд хор уршиг" учирсан гагцхүү тэр нөхцөлд эрүүгийн хуулийн 293 дугаар зүйлийн гэмт хэрэг бүрдэл болохыг тайлбарласугай. Энэ зүйлд заасан хохирлын хэр хэмжээг тодорхойлохдоо тухайн хэргийн байдлыг үндэслэж, нэг бүрчлэн тодорхой хандаж байхын зэрэгцээ албандаа хайнга хандсанаас улс, хоршоолол, олон нийт, цэргийн байгууллагад 550000-3000000 хүртэл төгрөгийн хохирол учруулсан, энэ хэргийн улмаас бусдыг болгоомжгүйгээр хүндэвтэр, хүнд гэмтээсэн зэргийг; "бага бус гэм хор" гэдэгт дээрх байгууллагуудад 3000000-аас дээш төгрөгийн хохирол учруулсан, болгоомжгүйгээс бусдын амь нас хохирсон зэргийг "хүнд хор уршигт" тус тус хамааруулж болохыг заасугай (Энэ заалтын хохирлын хэмжээг Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 524 дүгээр тогтоолоор өөрчилсөн).

   8.Цэргийн албан тушаалын гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ тогтоолын 5, 7 дугаар зүйлүүдэд дурдсан мөнгөн илэрхийллийн хэмжээнд хүрээгүй боловч гэмтсэн, устгагдсан, алдагдсан цэргийн хөрөнгө, техникийн овор, хэмжээ, ховор болон хэрэглээний чухал ач холбогдолтой байдал, байлдааны бэлэн байдалд нөлөөлөх чанар зэрэг шинжээр нь "бага бус гэм хор" буюу "хүнд хор уршиг" гэдэг ойлголтод тодорхой нөхцөлд хамааруулж болохыг тайлбарласугай.

     9."Албандаа хайнга хандах" нь болгоомжгүй гэмт хэрэг учраас гэм буруугийн хөнгөмсгөөр найдсан буюу хайхрамжгүйн аль ч хэлбэрээр гарсан байж болохыг анхаарсугай.

   10.Энэ төрлийн гэмт хэргийг бүртгэх, мөрдөх, хянан шийдвэрлэхдээ тухайн цэргийн албан хаагчийг дарга буюу албан тушаалтан мөн болохыг нотолсон баримтууд, түүний албаны эрх үүрэг, бүрэн эрхийг тодорхойлсон эрхийн хэм хэмжээ, тэдгээрээс чухам ямар заалтыг нь хэрхэн зөрчсөн, эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, хэрэгжүүлээгүй, хайнга хандсаны аль хэлбэрээр хэрэг үйлдсэн, учирсан хохирол нь чухам ямар шинжээрээ "бага бус гэм хор" эсхүл "хүнд хор уршиг"-т хамаарах зэргийг сайтар дүгнэж, хэргийн яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд нэрлэн зааж, хэргийн бүрдлийг сайтар хангаж байхыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхэд анхааруулсугай (Энэ заалтад Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 524 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон).

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЕНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ