A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

                                                                     
                                                           ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 275, 276 ДУГААР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

   БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 275, 276 дугаар зүйлийг шүүхийн практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэхийн тулд БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хуулийн 275 дугаар зүйлд заасан "дарга" гэдэгт БНМАУ-ын Зэвсэгт хүчний дотоод албаны дүрмийн 8, 9 дүгээр зүйлд заасны дагуу захирагдагчаасаа албан тушаал буюу цэргийн цолны хувьд дээгүүр, тухайн хэрэг гарах үед түүнийг байнга буюу түр хугацаагаар шууд захирч байсан хүн хамаарахыг тайлбарласугай.

   Түүнчлэн тусгай тушаал, шийдвэрээр тодорхой үүрэг гүйцэтгэхээр түр томилогдсон цэргийн албан хаагч тухайн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ шууд захирсан дарга байж болно.

   Харин "Захирагдагч" гэдэгт даргын шууд удирдлагын дор үүрэг гүйцэтгэж байгаа, албан тушаалын хувьд доогуур цэргийн албан хаагч хамаарахыг заасугай.

   2.Эрүүгийн хуулийн 275 дугаар зүйлийн "хүч хэрэглэн доромжлох" гэдэгт дарга нь захирагдагчаа буюу захирагдагч нь даргынхаа нэр төр, алдар хүндийг гутаахад чиглэсэн үйлдэл хийхдээ заавал хүч хэрэглэсэн явдал хамаарах бөгөөд үүний улмаас бусдын биед хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүйгээр хөнгөн гэмтэл учруулсан, зодсон, эсхүл сэтгэл санааны дарамт үзүүлэн санаатайгаар хүч хэрэглэн доромжилсон үйлдэл хамаарахыг тайлбарласугай.

   Хэрэв захирагдагч нь даргынхаа, дарга нь захирагдагчийнхаа албаны үүрэгтэй нь холбогдуулалгүй боловч дүрмээр тогтоогдсон цэргийн харилцааны журмыг зөрчиж доромжилсноос түүнд санаатайгаар хүнд буюу хүндэвтэр гэмтэл учруулбал эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн хль холбогдох зүйлээр давхар зүйлчилж байал зохино.

   3.Дарга нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн үйлдэл нь олгогдсон эрх, албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлээр, захирагдагч нь даргынхаа албаны үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн бол мөн хуулийн 272, 274 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчилж байх нь зүйтэй.

   Үүнтэй холобгдуулан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 275 дугаар зүйлийн гэмт үйлдлээс ялгахын тулд тухайн этгээдийн сэдэлт, санаа зорилго, арга, учруулсан хор уршгийн байдлыг нарийн тогтоох шаардлагатай.

   4.Цэргийн албаны үүрэгтэй нь холбогдолгүй, тухайн үед хэн нэг нь албаны үүрэг гүйцэтгээгүй байсан ч анги танхим, цэргийн байранд цэрэг олон түмнийг илтэд үл хүндэтгэн бусдыг хүч хэрэглэн доромжилсон буюу бусад газар орчинд ч гэсэн цэргийн албан хаагчдын хоорондын харилцааны журмыг зөрчсөн үйлдлийг эрүүгийн хуулийн 275 дугаар зүйлээр зүйлчилж байвал зохино.

   Хэрэв цэргийн албан үүрэгт ажилтай нь холбогдолгүй хувийн сэдэлтээр хоорондын зохисгүй харилцааны улмаас нэг нь нөгөөгөө хүч хэрэглэн доромжлсон байвал цэргийн гэмт хэргээр зүйлчлэхгүй болно.

   Харин хүч хэрэглэхгүй амаар доромжлохыг цэргийн сахилгын зөрчил гэж үзэж сахилгын арга хэмжээ авах бөгөөд хэрэв хохирогчоос гомдол гаргавал Эрүүгийн хуулийн бусад холбогдох зүйлээр хариуцлага хүлээлгэж болохыг заасугай.

   5.Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлд заасан "Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид" гэдэгт зэвсэгт хүчний дотоод албаны дүрмийн 11, 12-д заасны дагуу цэргийн цол, албан тушаалын хувьд адил зэрэг тушаалын буюу цэргийн цол, албан тушаалын ялгаатай боловч албаны хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдахгүй цэргийн албан хаагчид хамаарна.

   Дээр дурдсан цэргийн албан хаагчдын хоорондд дүрмээр тогтоогдсон цэргийн харилцааны журмыг хүч хэрэглэн зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлээр зүйлчилнэ.

   Харин цэргийн албаны харилцаатай холбогдолгүйгээр амин хувийн харилцаанаас үндэслэн хүч хэрэглэсэн нь албаны дүрэм журмыг зөрчсөн шинжгүй тохиолдолд уг үйлдлийг эрүүгийн хуулийн аль тохирох зүйлээр зүйлчилж байхыг тайлбарласугай.

   6.Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "зодох" гэдэгт хүч хэрэглэсний улмаас хохирогчийн бие махбодийг өвтгөснийг хамааруулан ойлгохыг заасугай.

   "Бусад байдлаар хүч хэрэглэсэн" гэдэгт хохирогч сэтгэл санааны дарамт үзүүлэн эрх чөлөөг нь хасан боогдуулах, гүйлгэх, суниалгах, хүч хэрэглэхгүйгээр дүрэмт хувцас хэрэглэлийг нь авах, хүч хэрэглэхээр заналхийлж ямар нэгэн нэр алдрыг нь гутаахад чиглэсэн ажил үйлдэл хийлгэх, өөрийн оронд үүрэг гүйцэтгүүлэх, хувийн ажил хийлгэх зэрэг тохуурхан доромжилсон шинж бүхий үйлдлүүдийг хамааруулан ойлгосугай.

   7.Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "хэд хэдэн этгээд" гэдэгт 2 буюу түүнээс дээш цэргийн албан хаагчдын эсрэг нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээр энэ зүйлийн 1-д заасан үйлдлийг хийсэн явдал хамаарна.

   8.Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "бүлэглэж" гэдэг нь 2 буюу түүнээс дээш цэргийн албан хаагчид урьдаас үгсэн хэлэлцсэн буюу хэлэлцээгүй боловч нэг санаа зорилгоор хамтран оролцогчийн хэлбэрээр энэ зүйлийн 1, 2-д заасан үйлдэл хийснийг хамааруулна.

   9.Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 3-д заасан "зэвсэг" гэдэгт амьд хүчийг устгахаар тусгайлан зориулагдсан ба бэлтгэгдсэн бүх төрлийн халуун хүйтэн зэвсэг, хүний биеийг хордуулах чадалтай шингэн, нунтаг, хийн болон бусад хорт бодисыг хамруулан ойлгосугай.

   Энэ зүйлийн "зэвсэг хэрэглэж үйлдсэн" гэдэгт зэвсгийг бодит байдал дээр хэрэглэсэн төдийгүй, зэвсгээр айлган сүрдүүлж, хохирогчид сэтгэл санааны дарамт үзүүлэх хэрэгсэл болгон ашигласныг хамааруулж ойлгоно.

   Түүнчлэн хүний биед санаатайгаар гэмтэл учруулах зорилгоор хэрэглэсэн зүйлс нь бодит байдлаар хохирогчид гэмтэл учруулсан байвал зэвсэг хэрэглэсэн гэдэгт нэгэн адил хамааруулан ойлгосугай.

   10.Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 3-д заасан "хүнд хор уршиг" гэдэгт хохирогчид хүнд гэмтэл учруулсан, амь насыг хохироосон байхаас гадна доромжлогдсоны улмаас хохирогч амиа хорлосон буюу хорлохоор үйлдэл хийхэд хүргэсэн зэрэг хор уршиг, үр дагаврыг хамааруулан ойлгохыг тайлбарласугай.

   Гэхдээ бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөнөөс бусдын амь насыг санаатайгаар хохироосон үйлдлийг бусдыг санаатай алах гэмт хэргийн аль тохирох зүйлээр давхар зүйлчилж байхыг заасугай.

   Хүч хэрэглэсний улмаас хэд хэдэн хохирогчид янз бүрийн гэмтэл учруулсан тохиолдолд уг хэргийг хамгийн хүнд хор уршгийг нь харгалзан зүйлчилнэ. Мөн нэг хохирогчид өөр өөр цаг хугацаанд янз бүрийн гэмтэл учруулвал дээрхийн нэгэн адил зүйлчлэх нь зүйтэй.

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЕНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ