- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЯЛТНЫГ ЯЛААС ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАХ БУЮУ ХӨНГӨН ЯЛААР СОЛИХ ТАЛААРХИ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1995 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 390
Улаанбаатар хот
БУЮУ ХӨНГӨН ЯЛААР СОЛИХ ТАЛААРХИ
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
1. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг хорих, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлд заасан насанд хүрсэн этгээд, түүнчлэн 18 насанд хүрэхийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 53 дугаар зүйлд заасан этгээдэд хэрэглэнэ.
2. Эрүүгийн хуулийн 50-р зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулсан бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэн ялтанд хэрэглэнэ.
3. "Үлгэр жишээ зан төлөв" нь ял эдлэх тухайн дэглэмийн хорих ангид тогтоосон журмыг сахин биелүүлэхийн хамт гэм буруугаа ухамсарлаж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх итгэл үнэмшилтэй болсон ял эдэлж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, хэрэв гаргаж арга хэмжээ авагдсан бол түүнийг арилгуулсан, хорих ангийн захиргаа, ялтны сайн дурын байгууллагаас зохиож байгаа ажилд идэвхтэй оролцдог, боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхэд биеэ дайчлан ажилладаг, бусад ялтны хүмүүжилд сайн нөлөө үзүүлдэг, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас учруулсан хохирлыг арилгахад бололцоогоо дайчилдаг зэргээр тодорхойлогдоно.
4. "Үнэнч шударга хөдөлмөрлөх" гэдэг нь ялтан оногдсон болон даалгасан ажлыг хугацаанд нь чанар сайтай, бүрэн хийж гүйцэтгэх, шинэ зүйл сэдэж санаачлах, шинээр мэргэжил эзэмших буюу мэргэжлийнхээ зэргийг ахиулах ажлын багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжинд ариг гамтай хандах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг сахих болон ялтны хөдөлмөр сургалтын хүрээнд тавигдах бусад шаардлагыг бүрэн биелүүлсэн байх зэргээр илэрнэ.
5. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг шүүх шийдвэрлэхдээ уг этгээд засарч хүмүүжсэнээ харуулж чадсан эсэх, эдэлбэл зохих ялаас хуульд заасан хувийг гүйцэд эдэлсэн эсэхийг хянаж үзэхээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 354 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний үйлдсэн хэргийн хүнд, хөнгөн, хувийн байдал, зан төлөв, засрал хүмүүжлийг нэгэн адил харгалзан үзэх үүрэгтэй.
6. Хорих ял шийтгүүлсэн ялтны эдэлсэн ялын тооцоог гаргахдаа түүний хорих газар биечлэн эдэлсэн ялын хугацаанаас гадна цагдан хоригдсон хоног, шагналын хоног, ял эдэлж байхдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон чөлөөтэй байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно. Харин шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 352 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулсан, ийнхүү хойшлуулсан хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, түүнчлэн ял эдлэхээс зайлсхийсэн, хорих газраас оргосон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохгүй.
7. Шүүхээс оногдуулсан ялын зарим хэсэг нь өршөөл үзүүлэх тухай хуулиар хасагдсан тохиолдолд түүний эдэлбэл зохих ялын нийт хугацаанаас өршөөгдсөн хугацааг хасч үлдсэн ялаас хуульд заасан хувиар эдэлбэл зохих ялыг тооцон Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 501 дүгээр, 53 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн а, б, в, 5 дахь хэсгийн а, б-д заасан журмыг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
8. Шүүх ялтны засрал хүмүүжил, ял эдэлсэн байдлын тухай зохих байгууллагын тодорхойлолт, ялын тооцоо, дүгнэлт зэрэг ач холбогдол бүхий баримт бичгийн хүчин төгөлдөр байдал, үндэслэлийг шалгаж хүчин төгөлдөр бус буюу дутуу, шаардлагатай мэдээлэл агуулаагүй бөгөөд тэдгээрийг шүүх хурлаар тогтоох боломжгүй байвал матераилыг зохих ёсоор гүйцэд бүрдүүлэхээр ял эдлүүлэх байгууллагад нь захирамж гаргахгүйгээр буцааж байвал зохино.
9. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэж суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэхдээ насанд хүрсний дараа гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд Эрүүгийн хуулийн 50-р зүйлийн заалтыг, 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдийн хувьд мөн хуулийн 53 дугаар зүйлийн заалтыг баримтлах бөгөөд харин 18 насанд хүрэхийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих асуудлыг шийдвэрлэхэд мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасан хязгаарлалтууд үл хамаарна.
10. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан эдлээгүй үлдсэн хорих ялыг засан хүмүүжүүлэх ажил хийлгэх хөнгөн ялаар солихдоо тэдгээрийн хугацааг уг төрлийн ялын хуулиар тогтоосон хэмжээ болон эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаанаас хэтрүүлж болохгүй гэдгийг сольж оногдуулсан засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялын хугацаа нь тухайн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялын болон Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялын дээд хугацаа 1 жил 6 сараас хэтэрч болохгүй гэж ойлгоно.
11. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "урьд гэмт хэрэг санаатай үйлдэж, хорих газар ял эдэлж байсан бөгөөд ял шийтгэлгүйд тооцоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдэж хорих ял шийтгүүлсэн" гэдгийг гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж хорих газар ял эдэлж дууссан боловч ял шийтгэлгүйд тооцоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй байхад түүнчлэн хорих ял эдэлж байхдаа Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 6, 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн а,б,в -д зааснаас бусад гэмт хэрэг санаатай үйлдэж хоёр дахь удаагаа хорих ял шийтгүүлсэн этгээд гэж ойлгоно.
12. Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлээр ял оногдуулахдаа ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг хэрэглэж болохгүй зүйл, хэсгээр оногдуулсан ялд нь уг журмыг хэрэглэж болох зүйл, хэсгээр оногдуулсан ялыг багтаасан бол ялтныг хугацаанаас өмнө тэнсэн суллах, эдлээгүй үлдсэн ялыг өөр хөнгөн ялаар солих журмыг хэрэглэхгүй.
13. Хэрэв Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн б , в -д зааснаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих журмыг хэрэглэхгүй зүйл, хэсгээр оногдуулсан ялыг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольж болох зүйл хэсгээр оногдуулсан хүнд ялд нь багтаасан тохиолдолд уг этгээдийг хугацаанаас өмнө ялаас тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих эсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ багтаасан хүнд ялаар нь авч үзэх боловч уг этгээд хаалттай зүйл, хэсгээр оногдуулж багтсан ялын хугацаатай тэнцүү буюу илүү хэмжээний ял эдэлсэн байвал зохино.
14. Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн тохиолдолд ялаас хугацааны өмнө тэнсэж суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэхдээ энэ тогтоолын 12, 13 дугаар зүйлд зааснаар хаалттай зүйл, хэсгээр оногдуулсан ялыг заавал эдэлсэн байх зарчмыг баримталбал зохино.
15. Шүүх ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хэмжээг жил, сар, хоногоор шүүгч захирамждаа тодорхой зааж тэр хэмжээгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг тогтоон өгч заавал зохино.
16. Ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд хянан харгалзсан хугацааны дотор гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шинээр оногдуулсан ял дээр тэнсэгдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэнэ. Хэрэв эдлээгүй үлдсэн хорих ял нь өөр хөнгөн ялаар солигдсон этгээд уг ялыг эдэлж дуусаагүй байхдаа гэмт хэрэг шинээр үйлдэж ял шийтгүүлбэл Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг журамлан шинээр оногдуулсан ял дээр урьдах сольж оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялд шилжүүлэн бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэнэ.
17. Эдлээгүй үлдсэн хорих ялаас тэнсэн суллагдсан этгээд тэнсэгдсэн ялын хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэж уг хэрэгтээ торгох ял шийтгүүлбэл Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар таслан шийдвэрлэх тогтоолыг тус тусад нь гүйцэтгэнэ.
18. Эрүүгийн хуулийн 53 дугаар зүйлд заасан журмаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан этгээд хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэж ял шийтгүүлсэн тохиолдолд энэ тогтоолын 16 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан шийдвэрлэнэ.
19. Ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солихдоо нэмэгдэл ялаас чөлөөлөх эсэхийг шүүх өөрийн санаачилгаар буюу хорих ял эдлүүлж байгаа байгууллагын саналаар шийдвэрлэж болно.
20. Шүүх нэмэгдэл ялыг эдлүүлэхээр үлдээсэн нь ЭБШ хуулийн 354 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа нэмэгдэл ялаас хугацааны өмнө чөлөөлүүлэх тухай асуудлыг дахин хэлэлцэхэд саад болохгүй.
21. Шүүх ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэж суллах эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх байгууллагын саналаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Эдгээр байгууллага ялтныг ялаас хугацааны нь өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай саналынхаа хууль ёсны үндэслэлийг, тухайлбал ялтан үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө засарч хүмүүжсэнээ харуулсныг болон шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг эдэлснийг тодорхой баримт, тооцоогоор баталсан байвал зохино.
22. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай саналд энэ зүйлд дурдсан баримт, тооцоо тусгагдаагүй, буруу тусгагдсан буюу санал гаргах аль нэг байгууллага, албан тушаалтан татгалзсан байвал шүүх материалыг хэлэлцэхгүйгээр ял эдлүүлж байгаа байгууллагад буцааж байвал зохино.
23. Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг хорих ял эдлүүлж байгаа байгууллагын нутаг дэвсгэриийн хувьд харьяалж байгаа сум буюу сум дундын, дүүргийн шүүх шийдвэрлэнэ.
24. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах эдлээгүй үлдсэн буюу ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг хэлэлцэх шүүх хуралд прокурор, таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж байгаа байгууллагын төлөөлөгчийг оролцуулан нээлттэй хийнэ.
25. Шүүх ялтныг ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэх бүрдээ түүнийг эдлээгүй үлдсэн ялын хугацаанд хяналтдаа байлгах, хүмүүжүүлэх үүргийг хөдөлмөрийн тодорхой хамт олонд буюу иргэнд даалгах боломжийг судлан аль болохоор өргөн хэрэглэж байх нь зүйтэй.
26. Ялтныг ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай шүүгчийн захирамжинд уг этгээдийн хувийн болон ам бүлийн байдал, ялангуяа гэмт хэрэг үйлдэх үедээ хэдэн настай байсан, урьд ял шийтгүүлж байсан эсэх, үйлдсэн гэмт хэрэг, шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ялын тооцоо, нэмэгдэл ял зэргийг тодорхойлж түүнийг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольсон буюу ийнхүү суллах, солихоос татгалзсан үндэслэлийг тодорхой заасан байвал зохино. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольсон тохиолдолд шүүгчийн захирамжийн хуулбарыг тухайн этгээдийн ял эдэлж байсан байгууллага таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүх болон тэнсэн суллагдсан буюу эдлээгүй үлдсэн ял нь хөнгөн ялаар солигдсон этгээдийн оршин суух орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлж байвал зохино.
27. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай саналыг шийдвэрлэсний дараа холбогдох хавтаст хэргийг /материалыг/ тухайн шүүхэд хадгална. Харин ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих тухай шүүхэд шууд ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг тухайн ялыг эдлүүлж байгаа байгууллагад нь шилжүүлж байвал зохино.
28. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1992 оны 5 сарын 19-ний өдрийн 37, 1993 оны 12 сарын 27-ны өдрийн 56 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ДАНГААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
