A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1992 оны 08 сарын 07 өдөр 

Дугаар 71

Улаанбаатар хот

ЯЛТНЫГ ӨВЧНИЙ УЧИР ХУГАЦААНЫ ӨМНӨ ЯЛ ЭДЛЭХЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТАЛААРХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх талаарх хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хэрэв хорих ял шийтгүүлсэн этгээд хоригдож байх хугацаандаа ял эдлэхэд саад болохоор сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчнөөр өвчилбөл" гэдэгт ялтан, Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан ялтныг үйлдсэн хэрэгт нь цээрлүүлэх, хөдөлмөрт үнэнч шударга ханддаг, хуулийг нарийн чанд биелүүлдэг, хамтын аж байдлын хэв журмыг хүндэтгэдэг үзэлтэй болгон засан хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ялын зорилгыг биелүүлэхэд саад болохоор сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчнөөр өвчилснийг ойлгоно. Энэ нь ялтанг засан хүмүүжүүлэх Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлалаар тогтоосон ял эдлэх дэглэмд байлган заавал хөдөлмөрлүүлэх үүргийг биелүүлж, улс төр хүмүүжлийн ажил, ерөнхий боловсрол, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахад саад болохоор сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчин байна.

2. Ял эдлэхэд саад болох сэтгэл мэдрэлийн өвчинд ялтан өөрийн үйлдлийг хариуцах буюу жолоодож чадахгүй болсноос ялын зорилгыг биелүүлэх боломжгүй байдалд хүргэхийн хамт ялтныг хорих газарт байлгах нь түүний өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж болох сэтгэл мэдрэлийн өвчнийг ойлгоно.

3. Ял эдлэхэд саад болох бусад хүнд өвчинд эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан ялын зорилгыг биелүүлэх боломжгүй байдалд хүргэхийн хамт ялтныг хорих газарт байлгах нь түүний биеийн эрүүл мэнд, амь биед хүнд хохирол учруулж болох бусад өвчнийг хамааруулна.

4. Ял эдлэхэд саад болохоор сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчний жагсаалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, энэ тогтоолын дагуу Эрүүл мэндийн яам дангаараа буюу эрх бүхий бусад байгууллагатай хамтран батална.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлд зааснаар ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх эсэх тухай асуудлыг хорих ангийн захиргааны тодорхойлолтоор тухайн хорих ангийг нутаг дэвсгэрийн хувьд харъяалах аймаг, хотын шүүх хэлэлцэн шийдвэрлэнэ.

6. Тодорхойлолтод ялтны хувийн болон ам бүлийн байдал, ялангуяа гэмт хэрэг үйлдэх үедээ хэдэн настай байсан, урьд ял шийтгүүлсэн эсэх, үйлдсэн гэмт хэрэг, шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ялын тооцоо, нэмэгдэл ял зэргийг заан, түүний өвчний эхлэл, явц, эмчилгээ, түүний үр дүн болон уул өвчин ялтны амь бие, эрүүл мэндэд үзүүлж байгаа болон үзүүлэх нөлөө /эцсийн үр дагавар/, ял эдлэхээс чөлөөлсөн тохиолдолд ялтныг хаана, хэний хараа хяналтад байлгах саналыг тусгахын хамт эрх бүхий эмнэлэг шүүх магадлалын комиссын гаргасан дүгнэлтийг хавсаргасан байвал зохино. Түүнчлэн тодорхойлолтод орон нутгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх хянах комисс, насанд хүрээгүй хүүхдийн хэрэг эрхлэх комиссын санал, дүгнэлтийг хавсаргасан байх ёстой.

7. Шүүх ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан эмч, эмчлэгч эмч, эмнэлэг хөдөлмөр хамгааллын комисс, хянах комисс буюу насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комиссын төлөөлөгч, ял эдлүүлэгч байгууллагын төлөөлөгч, прокурорыг оролцуулан шаардлагатай баримт бичгүүдийн хүчин төгөлдөр байдал, үндэслэлийг шалган, асуудлыг тал бүрээс бүрэн шинэчлэн судалж хэлэлцэн шийдвэрлэж байх нь зүйтэй. Хэрэв шүүхэд ирүүлсэн баримт бичгүүд нь хүчин төгөлдөр бус буюу дутуу, шаардлагатай мэдээлэл агуулаагүй бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй байвал материалыг зохих ёсоор гүйцэд бүрдүүлэхээр ял эдлүүлэх байгууллагад буцааж байвал зохино. Хэрэв шүүхэд ирүүлсэн эмч нарын комиссын дүгнэлт дутуу эргэлзээтэй байвал шүүх, эмч нарын комисс томилон дахин дүгнэлт гаргуулж байх нь зүйтэй.

8. Ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх эсэх тухай асуудлыг шүүх хэлэлцээд ялтны өвчилсөн сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчин нь түүний ял эдлэхэд саад болох нь бүрэн тогтоогдсон бөгөөд засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагад тогтоосон журмын дагуу хорих ангийн болон энгийн эмнэлэгт эмчлэхэд эдгэрэхгүй байнгын шинжтэй тохиолдолд уул ялтныг ял эдлэхээс чөлөөлөх тухай магадлал гаргах үүрэгтэй. Магадлалд энэ тогтоолын 6 дугаар зүйлд заасан байдлыг заавал заана.

9. Сэтгэл мэдрэлийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн ялтан тодорхой хугацаанд эмчлүүлсний дараа хорих ял эдлэхэд саад болохгүйгээр эдгэрэхээр байвал шүүх түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 352 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах журмаар шийдвэрлэж байвал зохино.

10. Шүүх ялтныг сэтгэл мэдрэлийн өвчний учир хугацаанаас нь өмнө чөлөөлөхөөр магадлал гаргавал түүнд Эрүүгийн хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг ял эдлүүлэх байгууллагын саналаар заавал хэлэлцэн шийдвэрлэж байвал зохино. Хэрэв шүүх эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзвэл уул сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэн эдгэрсний дараа шүүх ял хэрэглэх үндэслэлтэйг харгалзаж байвал зохино.

11. Шүүх ялтныг сэтгэл мэдрэлийн өвчнөөс бусад хүнд өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хувийн болон бусад байдлыг нарийвчлан шалгаж харгалзан үзэх үүрэгтэй. Хэрэв ялтан бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсны улмаас өвчилсөн, түүнчлэн үйлдсэн хэргийн хүнд, хөнгөн, хувийн болон бусад байдлын улмаас хугацаанаас өмнө чөлөөлөх боломжгүй гэж шүүх үзсэн бол түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар ял эдлэхээс чөлөөлж болохгүй.

12. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уг ялыг эдэлж байх хугацаандаа сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчнөөр өвчилбөл цагдаагийн байгууллагын тодорхойлолт, эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйл, энэ тогтоолд заасан журмаар ял эдлэхээс чөлөөлж болно.

13. Харин засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн чадваргүйд тооцогдвол Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулийн 95 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагын хүсэлтийг үндэслэн уул ялыг Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу торгох буюу олон нийтийн өмнө буруушаах ялаар сольж байх нь зүйтэй.

14. Ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх эсэх тухай асуудлыг шийдвэрлэх нь нэг талаас ялтны Үндсэн хуульд заасан эрхийг хангах, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ял зэмлэл хүлээлгэх зарчмыг хөндсөн нэн чухал асуудал тул түүнийг хэлэлцэн шийдвэрлэхдээ хуулийн заалтыг нарийн чанд биелүүлж байхыг аймаг, хотын шүүхүүдэд даалгасугай.

15.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, нийт шүүхээс нэгэн мөр хэрэглэх явдлыг хангахыг Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегид даалгасугай.

16. Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ГАНБОЛД