A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУШААЛ

ЗААВАР, АРГАЧЛАЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2010 оны 573-р тушаалаар хүчингүй болгосон/

2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 583

Гаалийн тухай хуулийн 55.5 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 675 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах заавар"-ын гурав дахь хэсэгт дараахь агуулга бүхий 3.35, 3.36 дахь заалтыг нэмсүгэй:

3.35. Гаалийн бүрдүүлэлтийн горим сонгож мэдүүлсэн барааг саатуулсанаас хойш 30 хоногоос дээш хугацаа өнгөрсөн, эсхүл горимын нөхцөл шаардлагыг хангаагүй шалтгаанаар гаалийн байгууллага барааг тухайн горимд байршуулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дараахь арга хэмжээг авна:

3.35.1. Горимд байршуулахыг зөвшөөрөөгүй шалтгааныг программын холбогдох талбарт дэлгэрэнгүй тэмдэглэж, "хүчингүй мэдүүлгийн сан"-д мэдүүлгийг бүртгэнэ;

3.35.2. Гаалийн мэдүүлгийн "G" хүснэгтэд "горимд байршуулахыг зөвшөөрөөгүй" дардас дарж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна;

3.35.3.Горимд байршуулахыг зөвшөөрөөгүй шалтгааныг нотлох бичиг баримтыг тухайн мэдүүлэгт хавсаргана.

3.36. Мэдүүлсэн горимд байршуулахыг зөвшөөрөөгүй мэдүүлгийн тайланг хүчингүй болсон мэдүүлгийн тайлантай хамт, горимд байршуулахыг зөвшөөрөөгүй шалтгааныг дэлгэрэнгүй бичиж, сар бүр ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтэст ирүүлнэ.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "горимд байршуулахыг зөвшөөрөөгүй" хяналтын тэмдгийн загвар, дардасыг хийлгэхийг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга /А.Мурат/-д үүрэг болгосугай.

3. ГЕГ-ын даргын 2008 оны 681 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн хяналтын тэмдгийг хэрэглэх аргачлал"-д "Горимд байршуулахыг зөвшөөрөөгүй" хяналтын тэмдгийг 10 дахь заалтаар нэмж оруулсугай.

4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/, Статистик, дүн шинжилгээний хэлтэс /Б.Цог/-т тус тус үүрэг болгосугай.

5. Энэ тушаалыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ