A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 210

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2 дахь заалт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.3 дахь заалт, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2004 онд баталсан "Компанийн засаглалын зарчмууд"-ыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. "Монголын компанийн засаглалын кодекс"-ыг хавсралтаар баталсугай.

2. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй болон шинээр байгуулагдах хувьцаат компаниуд "Монголын компанийн засаглалын кодекс"-ыг мөрдлөг болгон ажиллахыг зөвлөсүгэй.

3. "Монголын компанийн засаглалын кодекс"-ын биелэлтийг үнэлэх аргачлалыг батлан мөрдүүлэх, үнэт цаасны бүртгэлд үнэт цаас бүртгэх, бүртгэлээс хасах шалгуурт уг кодексыг хэрхэн хангаж буй тухай үзүүлэлтийг бие даасан үзүүлэлт болгох, уг кодексын биелэлтийн талаарх тайланг хувьцаат компаниудаас тухайн жил, хагас жилийн сүүлийн сард багтаан хүлээн авч нэгтгэн дараа сард багтаан Хороонд ирүүлж байхаас гадна өөрийн байгууллагын вэб хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлж ажиллахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Р.Содхүү/-д үүрэг болгосугай.

4. "Монголын компанийн засаглалын кодекс"-ыг мөрдөж эхлэх, биелэлтийн тайланг тухайн жил, хагас жилийн сүүлийн сард багтаан Хороонд ирүүлж байхыг үнэт цаасны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудад үүрэг болгосугай.

5. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах замаар энэхүү кодексыг нийтэд сурталчлан таниулах, тухайлан хувьцаат компаниудын хүрээнд 2008 оны 1 дүгээр улиралд багтаан сургалт зохион байгуулахыг Үнэт цаасны газар /Э.Ганбат/, "МХБ" ХК /Р.Содхүү/-д тус тус үүрэг болгосугай.

6. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үнэт цаасны газар /Э.Ганбат/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН