A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БУГЫН ЭВЭР БЭЛТГЭЛИЙН ТУХАЙ /БОАЖС, ХХААХҮС-ын 2008 оны 35/33-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХУДАЛДАА ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

БУГЫН ЭВЭР БЭЛТГЭЛИЙН ТУХАЙ /БОАЖС, ХХААХҮС-ын 2008 оны 35/33-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1994 оны 5 дугаар сарын 29-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 72/184

Сүүлийн үед бугыг хулгайгаар агнах зөрчил нэмэгдэж байгаатай холбогдуулан ТУШААХ нь:

1. Байгалийн жамаар унасан бугын ясан эврийг холбогдох аймаг, нийслэл, сумын Засгийн даргын Тамгын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр түүж бэлтгэж байхыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвшөөрч, бугын ясан эвэр бэлтгэсэн тухай гарал үүслийн баримт /байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагчийн тодорхойлолт, эвэр бэлтгэх зөвшөөрлийн хураамж төлсөн санхүүгийн баримт/-ыг бүрдүүлж байсугай.

2. Бугын ясан эвэр түүж бэлтгэх хураамжийн хэмжээг эврийн 1 кг тутамд 200 хүртэл төгрөгөөр тогтсон мөрдөхийг холбогдох аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөмж болгосугай.

3. Төрөл бүрийн хэлбэрээр тайрсан ясан эвэр бэлтгэх, худалдаалахыг хориглосугай.

4. Бугыг хууль бусаар агнаж эврийг нь тайрч авсан байж болох шинж тэмдэгтэй болон бусад хэлбэрээр тайрч бэлтгэсэн ясан эврийг зохих журмын дагуу хурааж байсугай.

5. Энэ тушаалын нэгдүгээрт заасан гарал үүслийн баримтын бүрдэлгүй эврийг худалдагч, худалдан авагч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч байхыг байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч нарт үүрэг болгосугай.

6. Монгол улсын Засгийн газрын 1991 оны 248 дугаар тогтоолын 27 дугаар заалтыг баримтлан бугын цусан эвэр бэлтгэх аж ахуйн нэгжийг шинээр байгуулах зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоосугай.

7. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Бугын аж ахуй байгуулах, эвэр бэлтгэх, борлуулах ажлыг журамлах тухай" Байгаль орчны хяналтын улсын хороо /хуучин нэрээр/-ны дарга, Худалдаа үйлдвэрийн сайдын А-67/323 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРИЙН САЙД

З.БАТЖАРГАЛ Ц.ЦОГТ

1994 оны 6 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 660 дугаарт бүртгэсэн