A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 218

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.4, 8.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсүгэй.

2. Хувьцаа эзэмших иргэдийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, хаягийн бүртгэлийн мэдээллийг гэрээний үндсэн дээр "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д шилжүүлж байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаад даалгасугай.

3. Жил бүрийн хүн амын өсөлтийг харгалзан "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн давуу эрхийн хувьцаа нэмж гаргах асуудлыг тухай бүр зохих журмын дагуу шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал), "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосугай.

4. "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Долгоржав, "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам нарт үүрэг болгосугай.

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн санд шинээр төрсөн болон нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэний мэдээллийг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон дараа сарын 5-ны дотор "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д хүргүүлж байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа, өөрчлөлт орсон мэдээллийн дагуу компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд холбогдох өөрчлөлт оруулж байхыг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ