A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 387-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 6 хот

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

/ЗГ-ын 2014 оны 387-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг хавсралт ёсоор зохион байгуулан ажиллуулсугай. /ЗГ-ын 2013-11-9-ний 367, 2014-1-11-ний 7-р тогтоолоор нэмэлт, 2014-3-28-ны 101-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг шинээр болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Хүүхдийн төлөө газар, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Удирдлагын академи, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Соёл, урлагийн хороо, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Төмөр замын газар, Авто тээврийн газар, Авто замын газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эрчим хүчний газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газрыг тус тус татан буулгасугай.

3. Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухайн асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилжүүлсүгэй.

4. Дор дурдсан арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:

4.1. яамны мэдэлд шилжин ирсэн албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах;

4.2. эрхлэх асуудлынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах Засгийн газрын агентлагийн орон тооны дээд хязгаар болон үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн талаар санал боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх;

4.3. яам, Засгийн газрын агентлагийн хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг улсын үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар санал боловсруулан Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Засгийн газарт оруулах.

5. Дор дурдсан арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүд, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай:

5.1. Засгийн газрын агентлагуудыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулах;

5.2. татан буугдсан Засгийн газрын агентлагуудын ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, төрийн өмчийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох яам, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, хаалтын тайлан тэнцэл гаргах;

5.3. нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлээс бусад зүйл, заалт, "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 257 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.