A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 200

Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай:

1.1. Монгол Улсын хэмжээнд өмчийн бүх эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төлөвлөлт, бүртгэл мэдээлэл, бодит гүйцэтгэлийн хяналт-шинжилгээний цахим удирдлагын систем нэвтрүүлэх;

1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгөөр худалдан авах зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг ерөнхий гэрээгээр гүйцэтгүүлэх;

1.3. Хөрөнгө оруулалтын тухай, Гэрээний хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

1.4. тендерийн дундаж үнийг тооцон ашигладаг аргачлалыг худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд мөрдүүлэх;

1.5. төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн судалгаа хийх, зураг төсөл, төсөв зохиох, техникийн нөхцөл болон холбогдох зөвшөөрөл авахад шаардагдах үнэлгээ, зардлыг урьдчилан тооцож төлөвлөж байх.

2. Хүний нөөц, ажиллах хүчний хөгжлийн иж бүрэн тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулан Засгийн газарт оруулахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд даалгасугай.

3. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал )-нд тус тус үүрэг болгосугай:

3.1. барилга, байгууламжийн угсралт, их засварын ажлын норм, стандартыг олон улсын түвшинд хүргэн шинэчлэх, төсөв зохиох аргачлалд тухайн жилийн үнийн индексийг тооцсон итгэлцүүрийг тусган мөрдүүлэх, барилгын гол нэрийн материалын зах зээлийн дундаж үнийг ил тод мэдээлдэг тогтолцоог нэвтрүүлэх;

3.2. барилга байгууламжийн ажлын зураг төслийн барилга архитектур болон барилга бүтээцийн хэсгийн магадлалыг эх загвар зурагт хийж байх, зураг, төсөв, техник-эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтыг сайжруулах, гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан ажлын зөвшөөрөл, мэргэжлийн зэрэг олгох, хариуцлага тооцох тогтолцоог нэвтрүүлэх;

3.3. хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг чадваржуулах, зэрэглэх, хорших, төрөлжүүлэн мэргэшүүлэх зэрэг олон улсад үр дүнтэй нь тогтоогдсон зохион байгуулалт, менежментийн арга хэрэгслийг нэвтрүүлэх;

3.4. улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн ажлын зураг, төсөвт магадлал хийх албыг "Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт" Төрийн өмчит үйлдвэрийн газарт харьяалуулан аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулж, бүтэц орон тооны асуудлыг 2012 онд багтаан шийдвэрлүүлэх;/Энэ хэсгийг 2012-10-1-ний 73-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3.5. одоогийн орон тооны хязгаарт нь багтаан зохицуулалт хийх замаар Эрчим хүчний шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнг шинээр байгуулах, "Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт" Төрийн өмчит үйлдвэрийн газрын чиг үүрэгт салбарын эрдэм шинжилгээний судалгаа, туршилт явуулах, зураг төсөл, төсөвт магадлал хийх ажлыг хариуцуулах замаар техник, технологийн дэвшлийг эрчимтэй нэвтрүүлэх, инженерийн арга шийдлүүдийг боловсронгуй болгох, норм, норматив, стандартыг туршин нэвтрүүлэх, өртөг, зардлыг оновчтой тогтоох нөхцөлийг бүрдүүлэх;/Энэ хэсэгт ЗГ-ын 2012-10-1-ний 73-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3.6. яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагын ажлын уялдааг ханган, хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд тавих захиалагчийн хяналтыг зөвлөх үйлчилгээний мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэдэг нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дахь захиалагчийн хяналтыг зөвлөхийн үйлчилгээ хариуцсан алба болгон зохион байгуулах;

3.7. холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Барилга захиалагчийн албаны дүрмийг шинэчлэх арга хэмжээ авах.

4. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай:

4.1. хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нийгмийн баазыг бэлтгэх, иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудад хөдөлмөр бүтээлээр амьдрах сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлийг сургалтын хөтөлбөрт тусгах, Үндэсний олон нийтийн радио, телевиз бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран мэдээлэл, танин мэдэхүй, гэгээрлийн арга хэмжээг зохион байгуулах;

4.2. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд өндөр технологи, зохион бүтээх, туршилт судалгааны орчин үеийн лаборатори байгуулах замаар оюуны хөрөнгө оруулалтыг эрчимтэй ашиглах, нээлт бүтээл гаргах, инноваци нэвтрүүлэх, эх орны нөөц баялагийг боловсруулж ашиглах, олон улсын зах зээлд үнэлэгдэх үндэсний бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр эрдэмтэн судлаачдын гаргаж байгаа бодит санал санаачлагыг дэмжих, энэ ажилд Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийг төвлөрүүлэх.

5. Барилгын материалын үйлдвэрлэлийн паркийг Улаанбаатар хотод хоёроос доошгүй, Бүсийн тулгуур төв хотод тус бүр нэгийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар зохион байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, холбогдох аймгийн Засаг дарга нар болон нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт даалгасугай.

6. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байгаа барилга, байгууламжийн угсралтын технологи, зураг төсөл боловсруулалт, барилга, замын ажлын материалын орц, нормд тавих хяналтыг тухайн үе шат бүрт гүйцэтгэж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА