A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.3, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4.2, Улсын Их Хурлын 2012 оны 31 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох болсонтой холбогдуулан 10 дугаар сарын сүүлийн арав хоногт багтаан хүүхдийн мөнгө олгохоор бэлтгэл ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

2. Хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх болон хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, программ хангамж боловсруулах зардалд зориулан 154.8 (нэг зуун тавин дөрвөн сая найман зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

3. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгосон ажлын дүнг 2013 оны 1 дүгээр сарын 25-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ