A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2014 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 235, 127 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 198 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 112, 210, 90 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Засгийн газрын II байрны Д корпус (Сангийн яамны шинэ байр)-т өдрийн цагаар ажиллах хамгаалалтын 2 цэг (дэд ажилтан 2), Засгийн газрын IX байрны Б корпуст байнгын ажиллагаатай хамгаалалтын 1 цэг (дэд ажилтан 4), мөн байрны А корпуст өдрийн цагаар ажиллах хамгаалалтын 2 цэг (дэд ажилтан 2), Засгийн газрын XI байранд (Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хамгаалах агуулах) байнгын ажиллагаатай хамгаалалтын 2 цэг (дэд ажилтан 8), Засгийн газрын XII байранд байнгын ажиллагаатай хамгаалалтын 1 цэг (дэд ажилтан 4), өдрийн цагаар ажиллах 3 цэг (дэд ажилтан 3), Засгийн газрын XIII байранд байнгын ажиллагаатай хамгаалалтын 1 цэг (дэд ажилтан 4), Засгийн газрын XIҮ байранд байнгын ажиллагаатай хамгаалалтын 1 цэг (дэд ажилтан 4), Үндсэн хуулийн цэцийн байранд байнгын ажиллагаатай хамгаалалтын 1 цэг (дэд ажилтан 3), "Үндэсний дата төв"-ийн байранд байнгын ажиллагаатай хамгаалалтын 2 цэг (дэд ажилтан 8), Авлигатай тэмцэх газрын шинэ байранд байнгын ажиллагаатай хамгаалалтын 1 цэг (дэд ажилтан 4) болон салбарын дарга, харуулын захирал тус бүр нэг, шинээр нэмж ажиллуулах нийт 48 албан хаагчийн сургалт, хувцасны зардалд 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шаардагдах 93.600.000 (ерэн гурван сая зургаан зуун мянган) төгрөгийг 2012 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ш.Болорсүх нарт зөвшөөрсүгэй.

3. Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт"-ын Дөрөвдүгээр хэсэгт "3. Монголын хөрөнгийн бирж, "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн байр" гэж нэмсүгэй.

4. Засгийн газрын IҮ байр (Төрийн өмчийн хороо, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо)-ны байнгын ажиллагаатай хамгаалалтын 1 цэг (4 ажилтан)-ийг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газрын X байр (Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв)-нд шилжүүлэн ажиллуулахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, "Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаар тогтоол, "Үндэсний архивын байрыг төрийн тусгай хамгаалалтад авах тухай" Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дүгээр тогтоол, "Хамгаалалтын арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 34 дүгээр тогтоол, "Зарим байгууллагын байршлыг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ