- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2010 оны 3-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.3, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2012 оны 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам"-ын 3 дугаар зүйлд дор дурдсан агуулга бүхий 3.5, 3.6, 3.7 дахь хэсэг нэмсүгэй:
"3.5. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг Монголбанктай байгуулсан гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлнэ.
3.6. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монголбанкинд хүүхдийн мөнгөний тусгай дансыг нээлгэнэ. Монголбанк уг данснаас арилжааны банк дахь хүүхэд бүрийн дансанд мөнгө шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж, тайланг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.7. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журмаар нарийвчлан зохицуулна."
2. Мөн журмын 3.3 дахь хэсгийн "Монголбанк дахь" гэсний өмнө "хүүхдийн мөнгөний санхүүжилтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Монголбанк дахь хүүхдийн мөнгөний тусгай дансанд," гэж нэмсүгэй.
3. Мөн журмын 3.2 дахь заалтад "Сангийн яамны Төрийн сангийн газарт" гэснийг "санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 3.3 дахь заалтад "Сангийн яамны Төрийн сангийн газар" гэснийг "санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага" гэж, 4.2 дахь заалтад "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" гэснийг "Төсвийн тухай" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
