- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2012-2013 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 239
Улаанбаатар хот
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2012-2013 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх доод хэмжээг 1 дүгээр хавсралт, аймаг, нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн мах боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэх нөөцийн махны хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:
2.1. Мал аж ахуйн салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой төлөвлөгөө гарган зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь шуурхай шийдвэрлэж ажиллах;
2.2. Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллаж аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх явцад хяналт тавих;
2.3. Мал сүргийн зун, намрын отрыг сайтар зохион байгуулж, тарга хүч авахуулах;
2.4. Аймаг, сум дундын отрын бүс нутагт уст цэг гаргах, засварлах, нэг болон олон наст тэжээлийн ургамал тариалах замаар бэлчээрийг нөхөн сэргээж сайжруулж, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, шаардлагатай бол холбогдох орон нутгийн удирдлагатай отор нүүдлийн гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулах;
2.5. Төрийн болон орон нутгийн өмчит цөм сүргийн аж ахуйгаас үржлийн хээлтүүлэгч мал бойжуулах ажлыг зохион байгуулж хээлтүүлэгч дутагдалтай аймаг, бүс нутгийг хангах, мэргэжлийн байгууллагатай хамтран үржлийн биотехнологийн аргуудыг өргөн ашиглах, малыг бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
2.6. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах тарилга, эм бэлдмэлийг орон нутагт хүргүүлж малын угаалга, тарилга, туулгалт, вакцинжуулалт болон ариутгал, халдваргүйжүүлэлт, тандалт шинжилгээ, оношилгоог технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах;
2.7. Улсын төсвийн хөрөнгөөр шинээр худаг гаргах болон бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлын явцад хийх гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах;
2.8. Хөрш орнуудаас хил дамжсан хортон шавьжийн нүүдэл орж ирэх магадлал өндөр байгааг харгалзан малчид, тариаланчдыг сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд хортон шавьжийн устгал зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөө гаргаж ажиллах;
2.9. Орон нутгийн мах боловсруулах үйлдвэрүүдэд нөөцийн мал, мах бэлтгэх ажилд хяналт тавьж, хот, суурин газрын 2013 оны хавар хэрэглэх махны нөөцийг хангалттай бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах ажлыг зохион байгуулах;
2.10. Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх ажилд шаардагдах шатахууны хангамжийг хэвийн байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
2.11. Үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах элеватор, агуулах, зоорийн бэлэн байдлыг шалгаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, хадгалах нөхцөлийг сайжруулах.
3. Улсын нөөцийн өвс, тэжээлийг тогтоосон хэмжээ, байршлын дагуу хүйтний улирлын өмнө бүрдүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт үүрэг болгосугай.
4. Зуны агаарын хэт халалт, хуурайшилт, ган, үер зэрэг байгалийн үзэгдлийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, гамшигт үзэгдэл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
5. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг сар бүр хянан шалгаж, малчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тавьсан санал, хүсэлтийг судлан шуурхай шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
6. Малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх, малчин бүр өвлийн хувцас хэрэглэл, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр мал өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг малчин өрх, мал бүхий иргэдэд уриалсугай.
7. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг нэгтгэн 2012 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх