- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хот
Дугаар 52
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ
ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны 5 тэрбум /таван тэрбум/ хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012-2014 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т зөвшөөрсүгэй.
2.Энэхүү хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийн явцын талаар жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
