A

A

A

Бүлэг: 1979

Дугаар 57

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2013 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанкны/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор макро зохистой бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлэн санхүүгийн салбарын байдлыг улирал бүр олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.
3.Иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй арга хэмжээ авч, үнийг тогтворжуулах цогц механизм боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.
4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон бусад шаардлагатай хууль тогтоомжийг олон улсын холбогдох стандартад нийцүүлж, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-аас тогтоосон Монгол Улсын үнэлгээг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.
5.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг баталж, тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явц байдлын талаар улирал бүр Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж ажиллахыг Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай. 6.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай. 7.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД