A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 154

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСТОЙ ХОЛБОГДСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ЗОРИУЛАН УУРХАЙН ЭДЭЛБЭРИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад зориулан Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт орших Тосон-Уул XIX талбайд хамаарах 650 км2 талбайг "Петрочайна Дачин Тамсаг Монгол (XIX)" компанид, Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт орших Тамсаг XXI талбайд хамаарах 209,2 км2 талбайг "Петрочайна Дачин Тамсаг Монгол (XХI)" компанид, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд хамаарах 239,5 км2 талбайг "Доншен Жингүн Петролеум Дивилопмент Групп" компанид тус тус уурхайн эдэлбэрийн зөвшөөрөл олгосугай.

2. Тосон-Уул XIX талбайд хамаарах 650 км2 талбайн хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг 1 дүгээр, Тамсаг XXI талбайд хамаарах 209,2 км2 талбайн хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг 2 дугаар, 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд хамаарах 239,5 км2 талбайн хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосугай.

3. Тосон-Уул XIX, Тамсаг XXI, 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнуудын уурхайн эдэлбэрийн зөвшөөрөл олгосон хэсгээс бусад талбайг буцаан авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай.

4. Тосон-Уул XIX талбайгаас Бичигтийн хилийн боомт руу түүхий тос тээвэрлэх авто замын чиглэлийг дахин сэргээх асуудлыг судалж, шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ