A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 198

Улаанбаатар хот

АХМАД ДАЙЧИНД ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу орон сууц авч амжаагүй байгаа ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор 35.0 (гучин таван) сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.

2. Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор буцалтгүй тусламж олгох ажлыг 2013 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах, нэг удаагийн тусламж олгохтой холбогдсон журмыг хамтран баталж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ