A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ШҮҮХИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, түүнчлэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Шүүхийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Шүүхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх

Хэвлэх

3.1.Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

3.2.Шүүх нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа мөн.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим

4 дүгээр зүйл. Шүүгч гагцхүү хуульд захирагдах

Хэвлэх

4.1.Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдана.

4.2.Шүүгчийн хараат бус байдлыг Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.

5 дугаар зүйл. Мэтгэлцэх зарчим

Хэвлэх

5.1.Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна.

5.2.Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх журмыг байцаан шийтгэх хуулиар тогтооно.

6 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг оролцуулах

Хэвлэх

6.1.Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

6.2.Иргэдийн төлөөлөгчийг сонгогчдын нэрсийн жагсаалтыг үндэслэн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу сонгон авах ажлыг тухайн шүүхийн тамгын хэлтэс зохион байгуулж, шүүх хуралдаанд оролцуулна.

6.3.Иргэдийн төлөөлөгчийн шүүхэд ажилласан хугацааны хөлсийг шүүхийн төсвөөс олгоно.

6.4.Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

6.5.Иргэдийн төлөөлөгч ажил эрхэлдэг бол түүнийг шүүхэд ажиллах хугацаанд ажлаас нь чөлөөлж, цалинг тухайн аж ахуйн нэгж, байгууллага олгоно.

6.6.Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийг хуулиар тодорхойлно.

7 дугаар зүйл. Гэм буруутайд тооцож үл болох

Хэвлэх

7.1.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.

8 дугаар зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх

Хэвлэх

8.1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэр, эрх хэмжээний ялгаваргүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

9 дүгээр зүйл. Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх

Хэвлэх

9.1.Шүүгдэгч болон шүүхээр эрхээ хамгаалуулж байгаа аливаа этгээд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгон авах, хэргийн баримт сэлттэй танилцах эрхтэй.

9.2.Шүүх энэ хуулийн 9.1-д заасан эрхийг шүүгдэгчид тайлбарлаж, энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах үүрэгтэй.

9.3.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгдэгчийг шүүх хуралдаанд заавал биеэр оролцуулна.

9.4.Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Уг зардлыг санхүүжүүлэх, тайлан тооцоо гаргах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

10 дугаар зүйл. Шүүн таслах ажиллагаа явуулах хэл

Хэвлэх

10.1.Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.

10.2.Монгол хэл мэдэхгүй хүн хэргийн баримт сэлтийг орчуулуулан авах буюу хэлмэрчлүүлэн бүрэн танилцах, шүүх хуралдаан дээр эх хэлээрээ үг хэлэх, орчуулагч, хэлмэрч авах эрхтэй.

11 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах

Хэвлэх

11.1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

11.2.Хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар хаалттай хянан шийдвэрлэнэ.

11.3.Шүүх тухайн хэрэг, маргааны онцлогоос шалтгаалж шүүх хуралдааныг хаалттай явуулж болно.

12 дугаар зүйл. Шүүхээс хэрэглэх хууль

Хэвлэх

12.1.Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийг хэрэглэнэ.

12.2.Шүүх Үндсэн хуульд нийцээгүй, хэрэг, маргаан гарах үед хүчин төгөлдөр болоогүй, албан ёсоор нийтлэгдээгүй хуулийг хэрэглэхгүй.

12.3.Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзвэл шүүх тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, саналаа Улсын дээд шүүхэд оруулна.

12.4.Улсын дээд шүүх энэ хуулийн 12.3-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын шүүх

13 дугаар зүйл. Шүүхийн тогтолцоо

Хэвлэх

13.1.Шүүхийн үндсэн тогтолцоо нь Монгол Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ.

13.2.Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх /цаашид "дагнасан шүүх" гэх/ байгуулж болно.

14 дүгээр зүйл. Шүүх байгуулах

Хэвлэх

14.1.Монгол Улсын дээд шүүхийг Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулж, өөрчлөн байгуулна.

14.2.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг аймаг, нийслэлийн Засаг даргатай, дагнасан шүүхийг Улсын дээд шүүхтэй тус тус зөвшилцөн гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/ -ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

14.3.Шүүх байгуулахдаа түүний харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, бүс нутаг, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, хэрэг, маргааны гаралтын түвшинг харгалзан үзнэ.

14.4.Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулж болно.

14.5.Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулахыг хориглоно.

15 дугаар зүйл. Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

15.1.Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.

15.2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, 16 шүүгчээс бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.3.Улсын дээд шүүх шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий танхимтай байна.

15.4.Шүүхийн мэргэжлийн удирдлага нь хуулийг тайлбарлах, сургалт явуулах, шүүхийн практикийг нэгтгэн судалж, зөвлөмж гаргах хэлбэртэй байна.

15.5.Улсын дээд шүүхийн танхимыг Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгч батална.

15.6.Улсын дээд шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.6.1.Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэртэй хэрэг, маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх;

15.6.2.Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасны дагуу хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх;

15.6.3.шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж, нийт шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах;

15.6.4.хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

15.6.5.Үндсэн хуулиас бусад хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар /цаашид хуулийн тайлбар гэх/ гаргах ;

15.6.6.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах шүүгчийг санал болгох;

15.6.7.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох;

15.6.8.Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг санал болгох;

15.6.9.цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийдвэртэй хэргийг гомдол, эсэргүүцэл гарсан эсэхээс үл хамааран хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх;

15.6.10.Улсын дээд шүүхийн хуралдааны дэгийг тогтоох;

15.6.11. хуульд заасан бусад бүрэн эрх.

15.7.Энэ хуулийн 15.6.3 дахь заалт нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд үл хамаарна.

16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

16.1.Аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх мөн.

16.2.Аймаг, нийслэлийн шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.

16.3.Аймаг, нийслэлийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.3.1.сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэртэй хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх;

16.3.2.хуулиар харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

16.3.3.сум буюу сум дундын, дүүргийн шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах;

16.3.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

16.4.Энэ хуулийн 16.3.3 дахь заалт нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд үл хамаарна.

16.5.Нийслэлийн шүүх шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, дүүргийн шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий танхимтай байж болно.

16.6.Энэ хуулийн 16.5-д заасан танхимыг Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч батална.

161дугаар зүйл. Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

161.1.Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь анхан шатны шүүх мөн.

161.2.Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

161.3.Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

161.3.1. хуулиар харъяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

161.3.2. хууль, тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл. Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

17.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх нь анхан шатны шүүх мөн.

17.2.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.

17.3.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.3.1.Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, дагнасан шүүхэд хуулиар тусгайлан харъяалуулснаас бусад хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

17.3.2.хуульд заасан бусад бүрэн эрх.

18 дугаар зүйл. Дагнасан шүүх

Хэвлэх

18.1.Дагнасан шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр байгуулагдсан шүүх мөн.

18.2.Дагнасан шүүхийг анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлбэрээр байгуулж болно.

18.3.Дагнасан шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.

18.4.Дагнасан шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, огцруулах журам, түүний бүрэн эрхийг энэ хууль болон бусад хуулиар тогтооно.

18.5.Дагнасан шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.5.1.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх;

18.5.2.хуульд заасан бусад бүрэн эрх.

18.6.Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

19 дүгээр зүйл.Шүүхийн санхүүжилт

Хэвлэх

19.1.Шүүхийг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

19.2.Шүүхийн төсөв нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шаардлагыг бүрэн хангасан байна.

19.3.Шүүхийн төсөв нь Улсын дээд шүүхийн төсөв, орон нутгийн шүүхийн болон дагнасан шүүхийн төсөв, Ерөнхий зөвлөлийн төсвөөс бүрдэнэ.

20 дугаар зүйл. Шүүх бүрэлдэхүүн

Хэвлэх

20.1.Анхан шатны журмаар хэрэг, маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, хуульд тусгайлан заасан тохиолдолд шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

20.2.Давж заалдах шатны журмаар хэрэг, маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

20.3.Хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

20.4.Хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны тогтоолд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.5.Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаан нь нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд хэрэг, маргааныг хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдааны тогтоол нь тухайн хэрэг, маргааны хувьд эцсийн шийдвэр болно.

20.6.Анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

20.7. Захиргааны хэрэг шийдвэрлэх шүүхийн харъяаллыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

21 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр

Хэвлэх

21.1.Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж шийдвэр, баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээ авахад шүүгч батламж, захиргааны зөрчлийг хянан хэлэлцэж шүүгч шийтгэвэр, давж заалдах шатны шүүх магадлал, хяналтын шатны шүүх тогтоол, эдгээрээс бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж /цаашид "шүүхийн шийдвэр" гэх/ гаргана.

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

21.2.Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхийн саналаар шийдвэр гаргана.

21.3.Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж, төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудсан дээр үйлдэн, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зурж, тухайн шүүхийн тамга дарна.

21.4.Улсын дээд шүүхийн шийдвэрийг "Дээд шүүхийн мэдээлэл" сэтгүүлд нийтэлж болно.

22 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Хэвлэх

22.1.Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлнэ.

22.2.Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

22.3.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

23 дугаар зүйл. Хуулийн тайлбар

Хэвлэх

23.1.Энэ хуулийн 15.6.5-д заасны дагуу Үндсэн хуулиас бусад хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүх гаргана.

23.2.Иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг ойлгох, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах тухай саналаа Улсын дээд шүүхэд ирүүлнэ.

23.4.Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох хуулийн заалтыг тайлбарлуулах тухай саналаа талуудын гаргасан тайлбар, үндэслэлийн хамт Улсын дээд шүүхэд ирүүлж болно.

23.5.Хуулийн тайлбарын төслийг боловсруулах, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг Улсын дээд шүүхийн шүүгч хариуцна.

23.6.Хуулийн тайлбарыг Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанд оролцогчдын гуравны хоёрын саналаар батална.

23.7.Хуулийн тайлбарыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.

23.8.Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж мөрдөнө.

24 дүгээр зүйл.Шүүхийн бэлгэ тэмдэг

Хэвлэх

24.1.Шүүх бэлгэ тэмдэгтэй байна.

24.2.Шүүхийн бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг Ерөнхийлөгч батална.

25 дугаар зүйл. Шүүхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

Хэвлэх

25.1.Шүүх соёмбо бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй байна.

25.2.Шүүх албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

26 дугаар зүйл. Шүүх хуралдааны танхим

Хэвлэх

26.1.Шүүх хуралдааныг шүүн таслах ажил явуулах шаардлага хангасан танхимд явуулна.

26.2.Шүүх хуралдааны танхимын загварыг Ерөнхий зөвлөл батална.

26.3.Бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд төрийн сүлд, төрийн далбааг байрлуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох

27 дугаар зүйл.Сонгон шалгаруулалт зарлах

Хэвлэх

27.1.Ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт явуулах тухай зарлалыг сонгон шалгаруулалт явуулах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

28 дугаар зүйл.Шүүгчид нэр дэвшүүлэх

Хэвлэх

28.1.Шүүгчид дараахь шаардлага хангасан Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлэх эрхтэй:

28.1.1.Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзлыг хангасан;

28.1.2.ял шийтгүүлж байгаагүй;

28.1.3.Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан.

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

28.2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэр дэвшүүлнэ.

28.3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан шүүгч нэрээ дэвшүүлэх эрхтэй.

28.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Улсын дээд шүүхийн шүүгч нэрээ дэвшүүлэх эрхтэй.

29 дүгээр зүйл. Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх

Хэвлэх

29.1. Шүүгчид нэр дэвшигчийг Үндсэн хууль, энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалсны үндсэн дээр тухайн шүүхийн тамгын хэлтэс бүртгэнэ.

30 дугаар зүйл.Шүүхийн мэргэшлийн хороо

Хэвлэх

30.1.Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ улсын хэмжээнд нэг байна.

30.2.Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, гурван жилийн хугацаагаар байгуулна.

30.3.Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хуулийн болон шүүн таслах ажлын дадлагатай шүүгч, хуульч, эрдэмтдээс бүрдэнэ.

30.4.Мэргэшлийн хорооны гишүүдийн зургаа нь шүүгч байна.

30.5.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн орохгүй.

30.6.Мэргэшлийн хорооны даргыг шүүгч гишүүдийнх нь дотроос гишүүдийн санал болгосноор Ерөнхий зөвлөл томилно.

30.7.Мэргэшлийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.7.1.шүүгчид нэр дэвшигчээс эрх зүйн мэдлэгийн болон ажил хэргийн чадварын талаар шалгалт авч, дүгнэлт гаргах;

30.7.2.шүүгчийг ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй үндэслэлээр албан тушаал бууруулах, чөлөөлөх тохиолдолд дүгнэлт гаргах;

30.7.3.давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн, Ерөнхий шүүгчийн хүсэлт, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний шийдвэрээр шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргах.

30.8.Шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг, ажил хэргийн чадварын талаар гаргасан дүгнэлт нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.

30.9.Мэргэшлийн хорооны дүрмийг Ерөнхий зөвлөл батална.

31 дүгээр зүйл. Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшигч, шүүгчийг хэлэлцэх

Хэвлэх

31.1.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг, ажил хэргийн чадварын талаар гаргасан Мэргэшлийн хорооны дүгнэлт, хувийн зан суртахуун, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нэр дэвшигч нэг бүрээр хэлэлцэн нууцаар санал хурааж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

31.2.Ерөнхий зөвлөл шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар гаргасан Мэргэшлийн хорооны дүгнэлтийг үндэслэн тухайн шүүгчийг албан тушаал бууруулах, чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэн нууцаар санал хурааж, олонхийн санал авсан бол тухайн шүүгчийг албан тушаал бууруулах, чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

32 дугаар зүйл. Шүүгчийг томилох

Хэвлэх

32.1.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно.

32.2.Улсын дээд шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгож Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч томилно.

32.3.Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурал санал хураахгүй бөгөөд асуулт тавьж, хариулт авч болно.

32.4.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

32.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

32.6.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.

32.7.Улсын дээд шүүх, нийслэлийн шүүхийн танхимийн тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилно.

32.8.Ерөнхий шүүгч болон шүүгчээр томилохоос Ерөнхийлөгч татгалзсан тохиолдолд Ерөнхий зөвлөл Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.

32.9.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг түр эзгүйд түүнийг тухайн шүүхийн шүүгч; Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг түр эзгүйд Улсын дээд шүүхийн аль нэг танхимын тэргүүн тус тус орлох ба энэ тухай шийдвэрийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч гаргана. Хэрэв Ерөнхий шүүгч шийдвэр гаргаж томилох боломжгүй тохиолдолд тухайн шүүхэд хамгийн олон жил ажилласан шүүгч Ерөнхий шүүгчийг орлоно.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

32.10.Аймгийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч байна.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

33 дугаар зүйл. Шүүгчийн зэрэг дэв

Хэвлэх

33.1.Шүүгч Монгол Улсын шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэвтэй байна.

33.2.Шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал тогтооно.

33.3.Шүүгчид зэрэг дэв олгохдоо албан тушаал, хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшин, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзан үзнэ.

33.4.Шүүгчийн албан тушаал буурах тохиолдолд түүний зэрэг дэв нь буурахгүй.

34 дүгээр зүйл. Шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

34.1.Бүх шатны шүүхийн шүүгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

34.1.1.шүүх хуралдааныг даргалах буюу түүнд оролцох;

34.1.2.шүүх хуралдааныг товлон зарлаж, түүний оролцогчдыг тогтоох;

34.1.3.шүүх хуралдааны бэлтгэл хангах ажлыг зохицуулан удирдах;

34.1.4.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж хуульд заасан бусад ажиллагааг явуулах;

34.1.5.өөрийнх нь оролцож байгаа шүүх хуралдаанаар шийдвэрлэж байгаа асуудлаар санал өгөх;

34.1.6. энэ хуулийн 32.9-д заасан тохиолдолд Ерөнхий шүүгчийг орлох;

34.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

34.2. Шүүгч албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах үүрэгтэй.

34.3.Шүүгч багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

35 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

35.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

35.1.1.Улсын дээд шүүхийг тэргүүлж, түүнийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

35.1.2.Улсын дээд шүүхийн хуралдааныг товлон зарлаж даргалах;

35.1.3.нийт шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах;

35.1.4.нийт шүүхийн шүүн таслах ажлыг уялдуулан зохицуулах;

35.1.5.бүх шатны шүүхийн шүүгчдийг төрийн дээд болон бусад шагналаар шагнаж урамшуулах саналыг Ерөнхий зөвлөлд гаргах;

35.1.6.шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Шүүхийн сахилгын, шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулахаар Мэргэшлийн хороонд тус тус хүсэлт гаргах;

35.1.7.судалгааны төвийн захирлыг томилох, чөлөөлөх;

35.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

35.2.Энэ хуулийн 35.1.3, 35.1.4 дэх заалт нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд үл хамаарна.

35.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ажлын албатай байна. Ерөнхий шүүгчийн ажлын албаны бүтэц, орон тоог Ерөнхий шүүгчийн санал болгосноор Ерөнхий зөвлөл тогтооно.

35.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.

36 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний бүрэн эрх

Хэвлэх

36.1. Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн нь шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

36.1.1.танхимыг тэргүүлж танхимын шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохицуулах;.

36.1.2.танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын чиглэлээр шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

36.1.3.танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

36.1.4.танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын чиглэлээр аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн хооронд гарсан хэргийн харьяаллын талаархи маргааныг хянаж харьяалал тогтоох;

36.1.5.энэ хуулийн 32.9-д заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг орлох;

36.1.6.хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох;

36.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

36.2.Танхимын тэргүүн энэ хуулийн 36.1.4-д заасан асуудлаар захирамж гаргана.

37 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

37.1.Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

37.1.1. аймаг, нийслэлийн шүүхийг тэргүүлж, түүнийг төлөөлөх;

37.1.2.шүүгчийн шийдвэрлэж байгаа хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;

37.1.3.харьяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

37.1.4.харьяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийн шүүн таслах ажлыг уялдуулан зохицуулах;

37.1.5.харьяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийн шүүгчийг төрийн дээд болон бусад шагналаар шагнаж урамшуулах саналыг Ерөнхий зөвлөлд гаргах;

37.1.6.харьяалах нутаг дэвсгэрийнхээ сум буюу сум дундын, дүүргийн шүүхүүдийн хооронд гарсан хэргийн харьяалалын талаархи маргааныг хянаж харьяалал тогтоох;

37.1.7.шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын, шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг Мэргэшлийн хороонд тус тус гаргах;

37.1.8.хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох;

37.1.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

37.2.Энэ хуулийн 37.1.3, 37.1.4 дэх заалт нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд үл хамаарна.

371дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

371.1.Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

371.1.1 захиргааны хэргийн шүүхийг тэргүүлэх, түүнийг төлөөлөх;

371.1.2. шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох;

371.1.3. шүүгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;

371.1.4. захиргааны хэргийн шүүх, шүүгч, ажилтнуудын шүүн таслах болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах, тэднийг шагнаж урамшуулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх;

371.1.5.харъяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

371.1.6.харъяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийн шүүн таслах ажлыг уялдуулан зохион байгуулах;

371.1.7.шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд, шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг Мэргэшлийн хороонд тус тус гаргах;

371.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

38 дугаар зүйл.Нийслэлийн шүүхийн танхимын тэргүүний бүрэн эрх

Хэвлэх

38.1.Нийслэлийн шүүхийн танхимын тэргүүн нь шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

38.1.1.танхимыг тэргүүлж танхимын шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохицуулах;

38.1.2.танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын чиглэлээр дүүргийн шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

38.1.3.танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

38.1.4.хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох;

38.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

38.2.Энэ хуулийн 38.1.2 дахь заалт нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд үл хамаарна

39 дүгээр зүйл. Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

39.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

39.1.1.шүүхийг тэргүүлж, түүнийг төлөөлөх;

39.1.2.шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохицуулах;

39.1.3.шүүгчийн шийдвэрлэж байгаа хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;

39.1.4.хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох;

39.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

40 дүгээр зүйл. Дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

40.1.Дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч энэ хуульд заасан адил шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрх, түүнчлэн хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

41 дүгээр зүйл.Шүүгчийн давтан сургалт

Хэвлэх

41.1.Бүх шатны шүүхийн шүүгч жил тутам 14 хоногоос доошгүй хугацаагаар мэргэшлээ дээшлүүлж, давтан сургалтад хамрагдах эрхтэй.

41.2.Шүүгчийн мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг Ерөнхий зөвлөл зохион байгуулна.

42 дугаар зүйл.Шүүгчийг сэлгэн ажиллуулах

Хэвлэх

42.1.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчийг шүүн таслах ажлын дадлага эзэмшүүлэх, туршлага судлуулах, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн боловсон хүчнийг оновчтой байршуулах зорилгоор адил шатны шүүхэд өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулж болно.

42.2.Улсын дээд шүүхийн шүүгчийг танхим хооронд нь Ерөнхий шүүгчийн шийдвэрээр сэлгэн ажиллуулж болно.

42.3.Энэ хуулийн 42.1-д зааснаар шүүгчийг сэлгэн ажиллуулах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

43 дугаар зүйл. Шүүгчийн тангараг, шүүгчийн өмсгөл

Хэвлэх

43.1.Шүүгч томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор "Шүүгч би аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ" гэж тангараг өргөнө.

43.2.Шүүгчийн тангараг өргөх ёслолыг нээлттэй явуулна.

43.3.Шүүгч өмсгөлтэй байна.

43.4.Шүүгчийн тангараг өргөх журам, шүүгчийн өмсгөлийн загвар, түүнииг хэрэглэх журмыг Ерөнхийлөгч батална.

44 дүгээр зүйл.Шүүгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Хэвлэх

44.1.Шүүгч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

44.1.1.албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд шүүгчийн хувьд оролцох;

44.1.2.ажил хаялт болон шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

44.1.3.албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;

44.1.4.албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаас бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;

44.1.5.албаны бус зорилгод шүүхийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглах;

44.1.6.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн болон бусад байгууллагад орон тооны болон орон тооны бус ажил албан тушаал хавсран гүйцэтгэх;

44.1.7.аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлах;

44.1.8.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн нэгдлийн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх.

ТАВДУГААР БҮЛЭГ

Шүүхийн сахилгын хороо, шүүгчид

сахилгын шийтгэл ногдуулах

45 дугаар зүйл. Шүүгчийн ёс зүйн дүрэм

Хэвлэх

45.1.Монгол Улсын шүүхийн шүүгч Шүүгчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

45.2.Шүүгчийн ёс зүйн дүрмийг Шүүгчдийн зөвлөл батална.

45.3.Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

46 дугаар зүйл. Шүүхийн сахилгын хороо

Хэвлэх

46.1.Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий Шүүхийн сахилгын хороо /цаашид "Сахилгын хороо" гэх/ нь улсын хэмжээнд нэг байна.

46.2.Сахилгын хороо 15 гишүүнтэй байна.

46.3.Сахилгын хорооны гишүүнд Улсын ерөнхий прокурор, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс тус бүр хоёр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн хуралдаанаас тав, Шүүгчдийн зөвлөл бүх шатны шүүхээс тус бүр хоёр хүний нэрийг дэвшүүлнэ.

46.4.Сахилгын хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч батална.

46.5.Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.

46.6. Сахилгын хорооны гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.

46.7.Сахилгын хорооны даргыг хорооны гишүүдийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно.

46.8.Сахилгын хороо нь орон тооны ажлын албатай байна. Сахилгын хорооны ажлын алба нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдана.

47 дугаар зүйл.Сахилгын хорооны дарга, гишүүний эрх

Хэвлэх

47.1.Сахилгын хорооны гишүүн дараахь эрхтэй:

47.1.1.гомдол, хүсэлтийн дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах;

47.1.2.сахилгын хэргийг шалгаж шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагааг явуулах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;

47.1.3.Сахилгын хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох.

47.2.Сахилгын хорооны дарга Сахилгын хорооны гишүүний эрхээс гадна дараахь эрхтэй:

47.2.1. Сахилгын хорооны хуралдааныг даргалах;

47.2.2. хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнийг томилох;

47.2.3. Сахилгын хорооны ажлын албыг удирдах;

47.2.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

48 дугаар зүйл.Сахилгын хорооны ажлын албаны эрх, үүрэг

Хэвлэх

48.1.Сахилгын хорооны ажлын алба дараахь эрх, үүрэгтэй :

48.1.1.гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, харьяаллын бус гомдол, хүсэлтийг Сахилгын хорооны гишүүнд танилцуулсны үндсэн дээр буцаах;

48.1.2.Сахилгын хорооны дарга, гишүүний даалгаснаар гомдол, хүсэлтийг шалгах ажиллагааг явуулах;

48.1.3.Сахилгын хороо, түүний гишүүдэд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх.

48.1.4.Сахилгын хорооны хэвийн үйл ажиллагаа ба хуралдааны бэлтгэлийг хангах, шийдвэрийг баримтжуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

49 дүгээр зүйл. Сахилгын хэрэг үүсгэх эрх

Хэвлэх

49.1.Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд гомдол, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүсэлт гаргах эрхтэй.

49.2.Гомдол, хүсэлт гаргасан этгээд уг гомдол, хүсэлтээ буцаан авах эрхгүй.

49.3.Гомдол, хүсэлт бүрийг Сахилгын хорооны ажлын алба хянан үзнэ.

50 дугаар зүйл. Сахилгын хэрэг үүсгэх

Хэвлэх

50.1.Сахилгын хэргийг Сахилгын хорооны гишүүн үүсгэнэ.

50.2.Сахилгын хорооны гишүүн гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх үндэслэлтэй эсэхийг хянаж сахилгын хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана.

51 дүгээр зүйл. Сахилгын хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүн

Хэвлэх

51.1.Сахилгын хороо сахилгын хэргийг анхан шатны журмаар гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр олонхийн саналаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана.

51.2.Сахилгын хорооны тогтоолыг давж заалдсан гомдлыг Сахилгын хорооны нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хэлэлцэн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэж магадлал гаргана.

52 дугаар зүйл. Сахилгын хэргийг шалгаж шийдвэрлэх болон давж заалдах гомдол гаргах хугацаа

Хэвлэх

52.1.Сахилгын хэргийг үүсгэснээс хойш 30 хоногийн дотор анхан шатны журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

52.2. Гомдол, хүсэлт гаргасан этгээд, эсхүл сахилгын арга хэмжээ авагдсан шүүгч анхан шатны журмаар сахилгын хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн Сахилгын хорооны тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш арав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

52.3.Сахилгын хороо давж заалдах гомдлыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

52.4.Сахилгын хэрэг үүсгүүлсэн шүүгч сахилгын хорооны хуралдаанд биечлэн оролцох эрхтэй.

52.5.Сахилгын хэрэг үүсгүүлсэн шүүгч хэргийг шалгах явцад болон Сахилгын хорооны хуралдаанд тайлбар гаргана.

53 дугаар зүйл. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл

Хэвлэх

53.1.Сахилгын шийтгэлийг дараахь үндэслэлээр оногдуулна:

53.1.1.шүүгч энэ хуулийн 34.3, 44 дүгээр зүйлд заасан хориглосон ажил, албан тушаалыг эрхэлсэн, эсхүл үйл ажиллагаа явуулсан;

53.1.2.Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээ зөрчсөн;

53.2.Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон байна.

54 дүгээр зүйл. Сахилгын шийтгэлийн төрөл

Хэвлэх

54.1.Сахилгын хороо шүүгчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:

54.1.1.тухайн шүүхийн шүүгчдийн өмнө сануулах;

54.1.2.шүүгчийн зэрэг дэвийг зургаан сараас нэг жилийн хугацаагаар бууруулах;

54.1.3.шүүгчээс огцруулах санал гаргах.

54.2.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй.

55 дугаар зүйл. Сахилгын хорооны шийдвэр

Хэвлэх

55.1.Сахилгын хороо сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

55.1.1.сахилгын шийтгэл оногдуулах;

55.1.2.сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох;

55.1.3.шүүгчид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр холбогдох баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх.

55.2.Сахилгын хорооны тогтоолыг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэрэгт холбогдсон шүүгчид хүргүүлнэ.

55.3.Сахилгын хороо давж заалдах гомдлоор сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

55.3.1.давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Сахилгын хорооны тогтоолыг хэвээр үлдээх;

55.3.2. анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сахилгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;

55.3.3.анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сахилгын хорооны тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;

55.3.4.Сахилгын хорооны тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин шалгуулж шийдвэрлүүлэх;

55.3.5.Сахилгын хорооны тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгчийг цагаатгах.

55.4.Давж заалдах гомдлоор сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн Сахилгын хорооны магадлал эцсийнх байна.

56 дугаар зүйл. Сахилгын шийтгэлгүйд тооцох

Хэвлэх

56.1.Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

57 дугаар зүйл. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх

Хэвлэх

57.1.Шүүгч дараахь үндэслэлээр хоёр жилээс дээшгүй хугацаагаар шүүн таслах ажил эрхлэх боломжгүй бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ:

57.1.1. эрдэм шинжилгээний бүтээл туурвих, эрдмийн цол, зэрэг хамгаалах;

57.1.2.удаан хугацааны сургалтад хамрагдах;

57.1.3.удаан хугацаагаар өвчлөх, гачигдал гарах;

57.1.4.цэргийн жинхэнэ албанд татагдах;

57.1.5.эрүүгийн хариуцлагад татагдах.

57.2.Энэ хуулийн 57.1.4, 57.1.5-д заасан үндэслэлээр Ерөнхийлөгч, энэ хуулийн 57.1.1- 57.1.3-т заасан үндэслэлээр Ерөнхий зөвлөл тус тус шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

57.3.Шүүгч энэ хуулийн 57.1.1- 57.1.3-т заасан үндэслэлээр гурван сар хүртэл хугацаагаар шүүн таслах ажил эрхлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгч чөлөө олгож болно.

58 дугаар зүйл. Шүүгчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл

Хэвлэх

58.1.Шүүгчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлнө:

58.1.1.өөрөө хүсэлт гаргасан;

58.1.2.өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн өөр ажил, албан тушаалд сонгосон буюу томилсон;

58.1.3.биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;

58.1.4.энэ хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

58.1.5. ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй тухай Мэргэшлийн хорооны дүгнэлт гарсан.

58.2.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 58.1-д заасан үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчийг чөлөөлүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулсан байна.

59 дүгээр зүйл. Шүүгчийг огцруулах

Хэвлэх

59.1.Шүүгчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас нь огцруулна:

59.1.1.шүүгчээс огцруулах тухай Сахилгын хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон;

59.1.2.сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн;

59.1.3.шүүгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

59.2.Ерөнхий зөвлөл шүүгчийг албан тушаалаас нь огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчийг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулсан байна.

59.3.Ерөнхийлөгч шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх болон огцруулах тухай Ерөнхий зөвлөлийн саналыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шийдвэрлэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Ерөнхий зөвлөл

60 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн чиг үүрэг

Хэвлэх

60.1.Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий хамтын удирдлагын, орон тооны бус байгууллага мөн.

60.2.Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах, шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангах үүргийг хэрэгжүүлнэ.

60.3.Ерөнхий зөвлөл соёмбо бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

61 дүгээр зүйл. Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

61.1. Ерөнхий зөвлөл 14 гишүүнтэй байна.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

61.2.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс томилсон тус бүр нэг хүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор албан тушаалаараа, Шүүгчдийн зөвлөлөөс сонгосон Улсын дээд шүүх, аймаг, анхан шатны шүүхээс тус бүр хоёр, нийслэлийн шүүхийн нэг шүүгч тус тус орно.

61.3.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх ба энэ хугацаа албан тушаалаараа Ерөнхий зөвлөлд орсон гишүүдэд үл хамаарна.

61.4.Ерөнхий зөвлөлийн дарга нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч байна.

61.5.Улсын Их Хурлаас томилогдох Ерөнхий зөвлөлийн гишүүнийг Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар томилно.

61.6.Ерөнхий зөвлөлийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол томилогдсон гишүүнийг томилсон байгууллага, бүх шатны шүүгч гишүүнийг Шүүгчдийн зөвлөл, түүний чөлөө цагт Ерөнхий зөвлөлийн дарга хугацаанаас нь өмнө огцруулах, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.

61.7.Ерөнхий зөвлөлийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн буюу огцорсон бол энэ хуулийн 61.6-д заасан журмын дагуу нөхөн томилно.

62 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

62.1.Ерөнхий зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

62.1.1.зохих байгууллага, албан тушаалтантай зөвшилцөн Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршил, нутаг дэвсгэрийн харьяалалыг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

62.1.2.бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

62.1.3. шүүхийн төсвийг хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

62.1.4.шүүгчийг томилуулах, сэлгэн ажиллуулах, чөлөөлүүлэх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

62.1.5.шүүгчийг шилж сонгох, шалгаруулах, мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;

62.1.6.шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах болон шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргах журам, шалгуурыг тогтоох, Мэргэшлийн хороог байгуулах;

62.1.7.шүүгч, шүүхийн болон шүүхийн байгууллагын ажилтны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төрийн дээд шагналд тодорхойлох, шүүхийн шагналын журам тогтоох;

62.1.8.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх;

62.1.9.тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор шүүхийн тамгын газар, хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх;

62.1.10.хууль тогтоомжийн дагуу шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын зэрэг дэвийн болон бусад нэмэгдэл тогтоох;

62.1.11.Ерөнхий зөвлөлийн ажлын албаны болон шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны ажилтан, түүнчлэн шүүгчийн туслахын орон тоог тогтоох;

62.1.12.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

62.2. Ерөнхий зөвлөл ажлын албатай байх ба түүний зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажиллах журмыг өөрөө тогтооно.

63 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн хуралдаан

Хэвлэх

63.1.Ерөнхий зөвлөл бүрэн эрхээ хуралдааны хэлбэрээр хэрэгжүүлнэ.

63.2.Ерөнхий зөвлөлийн хуралдааныг хоёр сард нэг удаа, шаардлагатай тохиолдолд Ерөнхий зөвлөлийн даргын саналаар ээлжит бус хуралдааныг явуулна.

63.3.Ерөнхий зөвлөлийн хуралдаан гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

63.4.Ерөнхий зөвлөлийн тогтоолд дарга, гүйцэтгэх нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тамга дарна.

63.5.Ерөнхий зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

64 дүгээр зүйл. Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх

Хэвлэх

64.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

64.1.1.Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;

64.1.2.Ерөнхий зөвлөлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох;

64.1.3.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

64.1.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

65 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн даргын бүрэн эрх

Хэвлэх

65.1.Ерөнхий зөвлөлийн дарга Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

65.1.1.Ерөнхий зөвлөлийг тэргүүлж, түүнийг төлөөлөх;

65.1.2.Ерөнхий зөвлөлийн хуралдааныг товлох, даргалах;

65.1.3.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

65.1.4.Сахилгын хорооны ажлын албаны ажилтныг Сахилгын хорооны даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх;

65.1.5. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

65.2.Ерөнхий зөвлөлийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.

66 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, түүний бүрэн эрх

Хэвлэх

66.1.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

66.1.1.Ерөнхий зөвлөлийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;

66.1.2.Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтныг Ерөнхий зөвлөлийн даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх;

66.1.3.шүүхийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын зэрэг дэвийг холбогдох журмын дагуу тогтоох;

66.1.4.Ерөнхий зөвлөлийн төсвийг захиран зарцуулах;

66.1.5.Ерөнхий зөвлөлийн хуралдааны бэлтгэл, түүний шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

66.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

66.2.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, шүүхийн ажлын дадлага туршлагатай, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байна.

66.3.Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө.

66.4.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь орон тооны байх бөгөөд Ерөнхий зөвлөл, аймаг, нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.

66.5.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга бүрэн эрхийнхээ асуудлаар тушаал гаргана.

66.6.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд хариуцан тайлагнана.

67 дугаар зүйл.Шүүгчдийн зөвлөл

Хэвлэх

67.1.Улсын дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэл, дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөл ажиллана.

67.2.Шүүгчдийн зөвлөл нь жил тутам хуралдана.

67.3.Шүүгчдийн зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

67.3.1.Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах;

67.3.2.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг сонгох;

67.3.3.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчийг сонгох;

67.3.4.Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчийг сонгох;

67.3.5.хуралдааныхаа дэгийг тогтоох;

67.3.6.хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах.

67.4.Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ.

68 дугаар зүйл.Шүүгчдийн зөвлөлгөөн

Хэвлэх

68.1.Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчдийн зөвлөлгөөн /цаашид "Шүүгчдийн зөвлөлгөөн" гэх/ ажиллана.

68.2.Шүүгчдийн зөвлөлгөөнийг жилд хоёроос доошгүй удаа хийлгэнэ. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл шүүгчдийн олонхийн саналаар ээлжит бус зөвлөлгөөнийг зарлан хийлгэж болно.

68.3.Шүүгчдийн зөвлөлгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирдан хуралдуулна.

68.4.Шүүгчдийн зөвлөлгөөн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

68.4.1.хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг томилох хуваарийг тогтоох;

68.4.2.түр эзгүй шүүгчийн ажлыг хуваарилах;

68.4.3.шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгогчдын нэрсийн жагсаалтаас сонгон авах журмыг тогтоох;

68.4.4.тухайн шүүхийн шүүн таслах ажиллагааны үр дүн, тамгын газар, хэлтэс, албаны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

68.4.5.тухайн шатны Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх;

68.4.6.тухайн шүүхийн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулахаар Мэргэшлийн хороонд шилжүүлэх;

68.4.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

68.5.Шүүгчдийн зөвлөлгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Шүүхийн тамгын газар, хэлтэс,

түүний ажилтан

69 дүгээр зүйл. Шүүхийн тамгын газар, хэлтэс

Хэвлэх

69.1.Улсын дээд шүүхэд тамгын газар, аймаг, нийслэлийн шүүх, нийслэлийн захиргааны хэргийн шүүх болон дагнасан шүүхэд тамгын хэлтэс, сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд тамгын алба, эсхүл тамгын хэлтсийн төлөөлөгч тус тус ажиллана.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

69.2.Улсын дээд шүүхийн Тамгын газар, Нийслэлийн шүүхийн нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Тамгын хэлтэс нь үйл ажиллагааныхаа чиглэлээр албатай байж болно.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

69.3.Шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.

69.4.Шүүхийн тамгын газар, хэлтэс нь тухайн шүүхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

69.5.Шүүхийн тамгын газар, хэлтэс, алба нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

69.5.1.шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах;

69.5.2.шүүхэд ирсэн хэргийг бүртгэх, шүүхийн шийдвэр болон мэдэгдэх, гүйцэтгэх хуудсыг холбогдох албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх;

69.5.3.иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавих;

69.5.4.шүүхийн статистик мэдээг гаргаж, шүүхийн практикийг судлах;

69.5.5.шүүгчийг шаардлагатай хууль тогтоомж, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах;

69.5.6.шүүхийн төсөв, санхүүгийн асуудлыг хариуцах;

69.5.7.шүүхийн гадаад харилцааны асуудлыг хариуцах;

69.5.8. шүүхийн аж ахуйн үйл ажиллагааг хөтлөн явуулах;

69.5.9.шүүхийн техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах;

69.5.10.шүүхийн хэрэг, материал, архив, албан бичиг баримтыг хадгалах, хамгаалалах, хэрэглэх журмыг тогтоох;

69.5.11.шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах.

70 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрх

Хэвлэх

70.1.Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

70.1.1.Улсын дээд шүүхийн Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

70.1.2.Улсын дээд шүүхийн Тамгын газрын болон Судалгааны төвийн ажилтныг Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн томилж, чөлөөлөх;

70.1.3.Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахыг Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн томилж, чөлөөлөх;

70.1.4.Улсын дээд шүүхийн төсвийг захиран зарцуулах;

70.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.

70.2.Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.

70.3.Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргыг Ерөнхий шүүгч, шүүгч орлох эрхгүй.

71 дүгээр зүйл.Тамгын хэлтсийн даргын бүрэн эрх

Хэвлэх

71.1.Аймаг, нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

71.1.1.тамгын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

71.1.2.тамгын хэлтсийн ажилтныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;

71.1.3.аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчийн туслахыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;

71.1.4.тухайн шүүхийн төсвийг захиран зарцуулах;

71.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.

71.2.Тамгын хэлтсийн дарга үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.

71.3.Тамгын хэлтсийн даргыг Ерөнхий шүүгч, шүүгч орлохгүй.

72 дугаар зүйл.Судалгааны төв

Хэвлэх

72.1.Улсын дээд шүүхийн дэргэд шүүхээс хууль хэрэглэх, тайлбарлахад эрх зүйн онол, практикийн асуудлаар зөвлөмж өгөх, шүүхийн статистик, практикийг нэгтгэн судалж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий судалгааны төв ажиллана.

72.2.Судалгааны төвийн судлаачид мэргэшсэн байна.

73 дугаар зүйл. Шүүгчийн туслах

Хэвлэх

73.1. Бүх шатны шүүх шүүгчийн туслахтай байна.

73.2.Шүүгчийн туслах нь шүүгчээс шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дараахь туслалцааг үзүүлнэ:

73.2.1.хэрэг, маргааны талаар судалгаа хийж танилцуулах;

73.2.2.техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;

73.2.3.хуульд заасан бусад үүрэг.

73.3.Шүүгчийн туслах нь хууль зүйн дээд боловсролтой, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн байна.

74 дүгээр зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Хэвлэх

74.1.Бүх шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллана.

74.2.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь хууль зүйн дээд боловсролтой, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн байна.

75 дугаар зүйл. Шүүхийн хуяг, цагдаа, бичиг хүргэгч

Хэвлэх

75.1.Шүүх хуралдааны дэг журмыг сахиулах, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудлагаар ирэхгүй байгаа шүүгдэгч, гэрч, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, зохигчийг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

75.2.Шүүн таслах ажиллагаатай холбогдуулан шүүгч, иргэдийн төлөөлөгч, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг цагдаагийн байгууллага хариуцна.

75.3.Шүүхийн хуяг нь шүүх хуралдааны аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллагын ажилтан байна.

75.4.Шүүхийн хуягийн ажиллах журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

75.5.Шүүхийн бичиг хүргэгч нь шүүхийн мэдэгдэх хуудас, зарлан дуудах хуудас болон хэрэг, бусад баримт бичиг хүргэх үүрэгтэй тамгын газар, хэлтсийн ажилтан мөн.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа

76 дугаар зүйл. Шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс үл нөлөөлөх

Хэвлэх

76.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

77 дугаар зүйл. Шүүгчийн улс төрийн эрх

Хэвлэх

77.1.Шүүгч өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэргэшлээ дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор мэргэжлийн олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх эдэлнэ.

77.2.Шүүгч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.

77.3.Шүүх, шүүхийн байгууллагад улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

77.4.Шүүгч албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэнэ.

77.5.Шүүгч Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр оролцох тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлөгдөх ба хоёр жилийн хугацаанд шүүгчийн албан тушаалд дахин томилогдох эрхгүй.

78 дугаар зүйл. Шүүгчийн халдашгүй байдал

Хэвлэх

78.1.Шүүгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

78.2.Шүүгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан буюу эрүүгийн хариуцлагад татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай Ерөнхий зөвлөлд 48 цагийн дотор мэдэгдэнэ.

78.3.Шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл зөвшөөрөл авах хүсэлтийг Ерөнхий зөвлөл тав хоногийн дотор Ерөнхийлөгчид гаргана.

78.4.Ерөнхийлөгч Ерөнхий зөвлөлийн хүсэлтийг хүлээн аваад шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг арав хоногийн дотор шийдвэрлэнэ.

78.5.Шүүгчийг цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол энэ хуулийн 78.2.- 78.4-д заасан журмын дагуу зөвшөөрөл авна.

79 дүгээр зүйл.Шүүгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглох

Хэвлэх

79.1.Хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

79.2.Шүүгчид хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

80 дугаар зүйл. Шүүгчийн цалин хөлс

Хэвлэх

80.1.Шүүгчийн цалин хөлс нь шүүгчийн албан тушаалын цалин болон шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.

80.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаадаа тохирсон цалин авна.

/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

80.3.Бусад шүүгчийн албан тушаалын цалинг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын цалинтай зохист харьцаатай хувиар тооцож тогтооно.

80.4.Шүүгчийн албан тушаалын цалин , нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

81 дүгээр зүйл.Шүүгчийн ээлжийн амралт

Хэвлэх

81.1.Шүүгчийн ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай2 хуулиар, нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай болон энэ хуулиар тус тус тогтооно.

81.2.Шүүгчээр ажилласан таван жил тутам ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно.

81.3.Шүүгч ээлжийн амралтаараа байнга оршин суудаг газраасаа дотоодын амралт, сувиллын газарт ирэх, очих замын зардлыг түүнд хоёр жил тутам нэг удаа шүүхийн төсвөөс олгоно.

82 дугаар зүйл.Шүүгчийг албан дайчилгаанаас чөлөөлөх

Хэвлэх

82.1.Шүүгч албан татвараас бусад улс, орон нутгийн албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

83 дугаар зүйл. Шүүгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн баталгаа

Хэвлэх

83.1.Шүүгч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, өвчтэй, эсхүл тахир дутуу болсон тохиолдолд түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.

83.2.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шүүгчийн бие махбодид гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд шүүгчид тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадварыг түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно.

83.3.Энэ хуулийн 83.2-т заасан шалтгаанаар хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлыг шүүхийн төсвөөс олгоно.

83.4.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шүүгчийн амь насыг хохироосон бол ар гэрт нь түүний гурван жилийн цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

83.5.Энэ хуулийн 83.2- 83.4-т заасан тэтгэвэр, тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг шүүхийн төсвөөс олгож, хуульд заасан тохиолдолд хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

84 дүгээр зүйл. Шүүгчид тэтгэвэр тогтоох

Хэвлэх

84.1.Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байна.

84.2.Тавин таван насанд хүрсэн эмэгтэй шүүгч өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно.

84.3.Шүүгчийг тэтгэвэрт гарахад албан тушаалынх нь 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

85 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн баталгаа

Хэвлэх

85.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дараахь баталгаагаар хангагдана:

85.1.1. бие, нэр төр, уналга, орон сууц халдашгүй дархан байх;

85.1.2.албан ёсны болон ажлын айлчлал, төрийн ёслол, хүндэтгэлийн болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлэх;

85.1.3.гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдлэх;

85.1.4.орон сууцны хөлсийг шүүхийн төсвөөс санхүүжүүлэх.

85.2.Улсын дээд шүүхийн шүүгч дараахь баталгаагаар хангагдана:

85.2.1.төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон цалин хөлс, зайлшгүй шаардлагатай бусад хангамжтай байх;

85.2.2.энэ хуулийн 85.1.3-д заасан эрх эдлэх.

86 дугаар зүйл.Бусад баталгаа

Хэвлэх

86.1.Төрийн захиргааны болон бусад байгуулага шүүхийг байнга болон нүүдэллэн ажиллах байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, шүүгчийг орон байраар хангах зэрэг шүүх, шүүгч үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.

86.2.Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан шүүгчид аминдаа орон сууц барих, өөрийн хүсэлтээр суралцахад нь зориулан төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгааг зохих журмын дагуу гаргаж өгнө.

86.3.Шүүгч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.

86.4.Шүүгчид энэ хуулийн 86.2-т заасан баталгааг эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг өөрөө хийнэ.

86.5.Шүүн таслах ажиллагааны явцад шүүгчийн гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.

86.6.Шүүгч өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд шууд тулгарсан гэмт халдлагын аюулаас хамгаалахын тулд бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.

87 дугаар зүйл. Шүүхийг үл хүндэтгэгчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

87.1.Шүүхийг үл хүндэтгэгчид хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

871дүгээр зүйл. Иргэн, захиргааны хавтаст хэргийн архив

Хэвлэх

871.1.Улсын дээд шүүхэд иргэний болон захиргааны хавтаст хэргийн төрөлжсөн төв архив, аймаг, нийслэлийн шүүхэд түүний салбар архив ажиллана.

/Дээрх 871дүгээр зүйлийг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

88 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

88.1.Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

1 Монгол Улсын Їндсэн хууль- "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

2 Хєдєлмєрийн тухай хууль – "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.