- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 06
Төрийн ордон, Улаанбаатар хот
Банкин дахь мөнгөн хадгаламжийн
даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх
зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эхлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус даалгасугай:
1/Хадгаламжийн даатгалын корпорацийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 10-ны дотор байгуулах;
2/банкуудыг хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд хамруулах арга хэмжээ авах;
3/Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай 100.0 тэрбум төгрөгийн 50.0 тэрбум төгрөгийг Засгийн газраас, 50.0 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тус тус гаргаж, мөн хуулийн 19.5-д заасны дагуу Монголбанкинд нээсэн Хадгаламжийн даатгалын корпорацийн дансанд төвлөрүүлэх;
4/2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2.5-д заасан шимтгэлийг төвлөрүүлж, төвлөрсөн хөрөнгийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 19.5-д заасны дагуу Монголбанкинд нээсэн Хадгаламжийн даатгалын корпорацийн дансанд 2013 оны 8 дугаар сарын 01-ний дотор шилжүүлэх.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
